Төрийн шагналт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням, төрийн гэсгээлт хоёрын балайрал эрх баригчид ард түмнийг дорд үздэгийн илрэл боллоо

Эрүүг нь хугалаад, хавиргыг нь цөмлөөд хаях тухай нэг бичлэг нийгэмд цацагдлаа. Ярьж байгаа хүмүүс нь үзсэн харсан царайнууд л байна. Нэгийг нь ядарч яваа эр хүн хэмээн хүнлэг үзлээр, нөгөөг нь Монголын гайгүй технократуудын нэг болох залуу гэсэн бодлоор тусалж дэмжиж, бичиж явлаа. Жинхэнэ нэрүүд нь Хонхэрэйд Энхбат, Төрийн шагналт Н.Нацагням. Харин бичлэг цацагдсанаас хойш нийгэмд хүмүүсийн нэрлэж байгаагаар бол Төрийн гэсгээлт, Төрийн шагналт хоёр гэжээ.
Энэ хоёр Гэсгээлт, Шагналт хоёр одоо яах гээд байгаа юм, ард түмнийг айлгах гээд байгаа юм уу. Ард түмнийг дорд үзээд байгаа юм уу. Эсвэл өөрсдийнхөө нэр хүндийг өснө гээд байгаа юм уу. Ойлгож байгаа хүн байхгүй шиг байна.
Төрийн соёрхолт, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Н.Нацагням гараа зангидаж, газар шааж байгаад “Сүүлийн 30 жил уул уурхайн эсрэг Ерөнхий сайд Хүрэлсүх шиг тэмцсэн хүн байхгүй. Хүрэлсүхийг маань огцруулна гэсэн 15 гишүүн байна. Тэд хэрвээ Хүрэлсүхийг унагаавал тэр 15 гишүүний эрүүг нь хуга цохиж, хавиргыг нь хадна, хугална. Манай Даяар монголчууд үүнийг чадна. Төрийн ордны хамгаалалтынхан дотор манай Даяар Монголын хүмүүс байгаа шүү. Ийм байдалд биднийг битгий хүргээрэй” хэмээн заналхийллээ. Өөдөөс нь харж суусан төрийн гэсгээлт нь толгой дохин дэмжлээ.
Бодит байдал дээрээ энэхүү Төрийн гэсгээлт, Төрийн шагналт хоёрын үйлдэл нь үнэндээ тэр хоёрын үйлдэл биш байна аа. Эрх баригчид өөрсдөө хийсэн бичлэг байна. Уул уурхайтай холбоотой УИХ-ын 15 гишүүн У.Хүрэлсүхийг огцруулах гэнэ гэдгийг Монголд энэ хоёроос өөр хэн ч мэдээгүй. Сэтгүүлчид бүгдээрээ анх удаа сонслоо. Гэтэл энэ хоёр мэдчихсэн, ийм бичлэг хийгээд цацаж байдаг. Ийм юмнуудыг ашиглаж, ийм мэдэгдэл гэнэт хийлгүүлэх нь эрх баригчдын хийдэг үйлдэл. Үнэхээр л уул уурхайтай холбогддог 15 гишүүн Ерөнхий сайдаа огцруулахаар нууцаар хор найруулж байгаа юм бол Хү-к, Женко хоёр л мэддэг нууц мэдээлэл шүү дээ.
Ер нь иймэрхүү бичлэг хийж сошиалд тараагаад, босно тэмцэнэ, ална тална... гэдэг үгийг уриа лоозон болгон, амны уншлага болтол сошиалаар цацан, TV-ээр нэвтрүүлэх болж дээ. Үүнийгээ болж байна, үр дүнгээ өгч байна гэж үзэж байгаа хэсэг байгаа бол ард түмнээ басамжилж байгаа нь тэр. Гэтэл нийгмийн ухаалаг, боловсролтой, ажил хэрэгч хэсгийнхэн үүнийг чинь тоохгүй, ойшоохгүй байна. Сошиалд байдаг цөөн хэдэн орк л сүйд болж байгаа харагдах юм. “Та нар мундаг байна, алж өгч байна” гээд л.... Өнөөдүүл нь нээрэн ч бид алж өгч байгаа юм байна гэж дүрдээ ороод “Сошиалынхныг босгоод, алаад өгнө” гэж итгэдэг бололтой. Үүнийгээ бүр их юманд бодохыг нь яана. Үнэндээ саяны төрийн шагналтын гараа зангидаж ирээд хавиргыг нь хадаж, эрүүг нь хугална гэсэн хийрхэл, өмнөөс нь хараад толгой дохин дэмжих гэсгээлт хоёрыг хэн ч тоогоогүй. Эрх баригчдын ээлжит жүжиглэлт, энэ муу хоёр амьтныг элэг доог болгож байгаа юм байна гээд.
Одоо эрх баригчид энэ нэг танил арга барилаа, ард түмнээ доёолдог муу технологиудаа өөрчилмөөр юм. Ядаж дүрүүдээ өөрчил. Жинхэнэдээ та нарын нөлөөлөх гээд байгаа хэсэг чинь сонгуульд ч саналаа өгдөггүй юм шүү дээ. Хамгийн амиа бодож, хувиа хичээсэн, царай төрхөө ч хүний өмнө ил гаргаж чаддаггүй, нийгмийн амьдралд ил оролцох боломжгүй, наад зах нь хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй, өрөвдөм хэсгийнхэн байдаг юм. Дутуугаа нөхөх гэсэн өрөвдөм хэсгийнхэнд л наад сошиал сүлжээ чинь хань болж, түүгээр багтраагаа гаргах, илүү яваа нэгнээ доромжлох, атаархал, хорсол, заналхийллээ тайлж нийгэм рүү гаргаж суух ганц талбар нь болчихоод байгаа юм. Нийгэмд хамгийн нөлөөгүй, чадалгүй, чадваргүй өрөвдөм хэсгийнхэн. Гэтэл улс төрчид, эрх баригчид нийгмийн ийм масс-д анхаарал их тавьж, тэдний үгээр ажил хийх гээд, тэдний дэмжлэгийг авах гээд сүүлийн жилүүдэд зүтгэх болсон нь өнөөдрийн Монголын эмгэнэл юм.
Сүүлийн хэдэн сар л сошиалаар Үндэсний фронтын сүрт жагсаал хэмээн нүдсэн. Хүн цуглаагүйг сая монголчууд харлаа. Сошиалын хэдэн оркийн нүдэж байснаар бол төв талбайд багтахааргүй л байсан. Сошиалд итгэж, төр эргүүлээд хаячих юм сэтгэж, бодож, үйлдэл хийж байсан генерал нь сая гэнэтхэн фронтоосоо гарч байгаагаа мэдэгдлээ. Сошиал худлаа юм байна, төрийн шагналт, төрийн гэсгээлтүүд бүтэхгүй юм байна гэдгийг ухаараад тэмцлээ орхиж байгаа юм уу, бүү мэд. Сошиалийн мэдэгдэл болохоор итгэхгүй байгаагаа сошиалд байдаг оркууд нь өөрсдөө бичээд байгааг нь харахаар бас л инээд хүрээстэй. Сонин дээр гарсан мэдээлэлд л итгэдэг, итгэл үнэмшилтэй болдог тийм цаг үе рүүгээ энэ нийгэм явж байна шүү дээ. Үндэсний фронтод нэгдэгсэд нь сошиалд “Маргаашийн сонин харъя даа, генералтай холбогдож чадахгүй байна” гээд бичсэн байна лээ. Монголын нийгмийн амьдрал нэг иймэрхүү худал хуурмагийн орчин болчихоод байна даа. Өдөр тутмын хэдэн сониныхоо мэдээллээс бусдад итгэхээ байчихсан.
Саяын жагсаалд ард иргэд яагаад ирээгүй, сошиалд байдаг хэдэн хүний хийрхэлд хууртагдсанаа мэдэж байгаа хүн байна уу. Монголчууд маань амьдрахын төлөө үзэж тарж байна шүү дээ. Төр засаг нь л дампуу байгаагаас биш ард түмэн чинь амьдралаа босгохын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байна. Өнгөрсөн 30 жил хувийн аж ахуй эрхэлсэн хүмүүст жагсаалд ирэх зав юу гэж байх юм бэ. Амьдралынхаа төлөө, аж ахуйнхаа төлөө л явна биз дээ. Цаг хугацаатай уралдана биз дээ. Жагсаал зохион байгуулж тодорсоор байгаад Их хуралд сонгогдчихно, дарга болчихно гэсэн хэдэн хүний зорилгыг биелүүлэх гэж тэд ирэх юм уу. Та нарыг дарга болгохын төлөө ард түмэн хоёр хуваагдаад хоорондоо тэмцэлдэнэ гэдэг өдий байх аа.
Ялангуяа Төрийн шагналт, Төрийн гэсгээлтүүдийг өөд өөдөөс нь харуулж суулгачихаад “Эрүүг нь хуга шаана, хавригыг нь цөм өшиглөнө” гэсэн тэнэглэл яриулж, бичлэг хийж цацаад ард түмнийг босгочихно, ард түмнийг хуваагаад тэмцэлд босгоно гэж байгаа бол үлгэр. Эрх баригчид ингэж сэрүүн зүүдлэхээ болих хэрэгтэй. Төр засгийн ажлыг хуулийн дагуу, ном дүрмээр нь явуулж болдоггүй юм уу. Иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэлээр жүжиг тавьж байгаа юм шиг үйлдэл хийж солиорохоо болимоор юм. Үүгээрээ ард түмний тархийг угаагаад байна гэж бодож байгаа бол мөн өдий байна даа.
Монголчууд бүх л цаг үедээ сайн, муу төртэй явж ирсэн. Уруудаж доройтсон үе ч бий. Сэрж мандсан цаг хугацаа ч бий. Монголын ард түмэн ганцхан хууртаж яваагүйдээ л тэсч үлдсэн, сөрж гарч ирсэн үндэстэн. Ард түмнээ битгий басамжилаарай, эрх баригчид аа.

Б.Нямаа
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан