Эцэг өвгөдийн ариун голомт...


Энэ цаг мөчид ч эцэг өвгөдийн минь ариун голомт Эрдэнэ-Оргил дүүгийн маань өвөлжөө Сартуулын Буурлын цагаан овооны баруун суганд суунаглаж байгаа шигээ монгол төр түмний гал голомт үүрд мөнх мандан  бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Ухаан орохоосоо эхлээд л бидний алтан ургийн ариун голомт өвөг эцэг Амарсанаа тайж хэмээх шодон гэзэгтэй түүнийгээ ямааны татаасаар байнга зангидаж явдаг, урт цагаан сахалтай, үхэхээсээ бусдыг үзсэн буурал толгойтийн үзсэн харсан зүйл, сургаалт үгсийг нь өвлийн шөнийн уртад ч миний бие чих тавин сонсдог байв.
 
Гучин хоёр оны хувьсгалын эсэргүү бослого гарахын өмнөхөн Амарсанаа тайж /Лхамсүрэн тайж, Ах тайж ч гэдэг/ нас өндөр болсон аав Бат том ах Жамсран нартаа Цаг төр үймнэ шүү. Та хэд хаашаа ч хөдөлж болохгүй шүү гэж захиж захиж хэлээд алс хол олз омог хайн гурав дөрвөн сараар яваад ирэхэд аав ах хоёр нь аль хэдийн До яамныханд ачигдаад явсан байв. Алсаас ирсэн Амарсанаа учрыг өөрийн гэргий Умбаагаас тодруулахад, зургаан сарын эхээр үүрээр хэдэн морьтой хүмүүс гадаа нь давхилдан ирэхэд том ах Жамсран тэдний дотор байж. Аав Бат нь нас өндөр бие тааруухан гэрийн баруун хаяанд унтаж байхад том хүү Жамсран орж ирээд Ванчин богдын цэрэг хүрээг эзэлж гэнэ, ардууд сумын хоршооноос дуртай юмаа үнэгүй авч байна гэнэ Явъя гэхэд цуг гарч сумын хоршоо руу зайдан морьтой хориод  км газар хүрч очтол бүх зүйл аль хэдийн дууссан тул юу ч авч чадалгүй хоёул эргэж ирсэн гэдэг. Гэсэн ч хэргийн газар очсон нь үнэн тул яалт ч үгүй баригдаад явсан юм билээ.
 
 
Амарсанаа тайж ийм үймээн самуун болно гэдгийг сайн мэдэж байсан болохоор олон сараар олз омог хайх нэрийдлээр  санаатайгаар алга болсон байж тэр үед. Аав ах хоёр нь нэгэнт баригдаад явсан тул миний авга ах Амарсанаа тайж өнчин хоцорсон миний аав Доржпаламыг дүү нарынх нь хамт өөр дээрээ авч эцгийн ёсоор өсгөж эрийн цээнд хүргэж гал голомтоо залгуулжээ.
 
 
Жар далаад онд Цагаан сарын шинийн нэгэнд эсвэл шинийн гуравнаас өмнө хэдий хол өвөлжиж байсан ч аав бид өвөг эцэг Амарсанаа дээрээ заавал очиж золгодог байв. Сүүлийн жил нь золгож очиход хадганд их л нандигнан боосон өвөг дээдсээс гурван зуун жил уламжилж ирсэн манай алтан ургийн "Хайчин Тамга"-аа аавд бидэнд өвлүүлэн үлдээж билээ. Одоо энэ  тамгаар аавын голомтыг нутагт сахин үлдсэн миний дүү Эрдэнэ-Оргил адуу тэмээгээ тамгалж байна /зураг дээр Хайчин тамга/.
 
 
Эхээс төрөхдөө өлгийдсөн Лхамсүрэн тайж хэмээх нэрийг Амарсанаа тайж гэж өөрчлөх болсон нь нилээд нарийн тайж язгууртны учир шалтгаантай юм билээ. Бидний өвөг дээдэс болох хүмүүс Зүүнгарын Амарсанаа хааны шууд угсааных бөгөөд Амарсанаа манжийн цэрэгт ялагдсаны дараа одоогийн Увс аймгийн Завхан сумын нутаг Завхан голын адгаас Хүнгүй голыг өгсөж ирсэн түүхтэй юм билээ. Өвөг эцэг Амарсанаа маань орос хятад манж хар ярианы хэлтэй, мэдэхгүй чадахгүй зүйл гэж үгүй, аян жин арилжаа наймаанд гаргуун, Тува Кос-Агаш Цонж Бээжин хүртэл явж юм үзэж нүд тайлсан аргагүй л Засагт ханы хулгар хөх эрчүүдийн нэг байсан гэдэг.
Манай удмаас Амарсанаа хаан дахин төрнө гэсэн мэрэг төлөг ойлголт тухайн үеийн тайж нарын дунд байсан тул Лхамсүрэн нэрийг нь өөрчлөн Амарсанаа болгосон нь түүний дайчин түрэмгий шинж, хурц оюун ухаан, манжийн засгийн есөн эрүүг давж байсан зэрэгтэй нь холбож байжээ /зураг дээр Амарсанаа тайж есөн эрүү давж байсан тухай түүхийн номноос/.
 
 
Нэг удаа Алтайн цаад хязгаар алдарт Торгоны замд эзгүй хээр газар хасгуудад хамаг юмаа дээрэмдүүлж гурван сар явган нүцгэн гүйсээр нутгийн бараа харж ирэхэд толгойтой үс нь хэдэн сараар ургаж нүүрээ битүү хаасан алмасын дүр төрхтэй ирсэн гэдэг.
Миний өвөг эцэг  Амарсанаа монголын хаад тайж язгууртны гүн ухаан төрийн хэрэгт нэвтэрхий байсан нь надад бага байхад сургаж байсан хэд хэдэн зүйлээс харагддаг юм. Тэрээр бидэнд Бид тэнгэрээс гаралтай, тэнгэр Эзэн бидэнтэй хамт байдаг. Тэнгэрээс бидэнд Лха таван тэнгэр гэх нэг эзэн өгөгдсөн бидний баруун мөрөнд байдаг. Эзэндээ байнга, Лха таван тэнгэртээ байнга залбирч явбаас муу зүйлээс аврагдан хамгаалагдана. Харгана чулуу мод уул ус бүгд эзэнтэй байдаг. Гэвч бүх эздийн эзэн бол тэнгэр Эзэн юм. Тэр бол бидний Эзэн. Түүнийг харц ардууд мэдэх ёсгүй. Зөвхөн тайж хүн бид мэдэх ёстой гэхчлэн зааж сургадаг байв.
 
Манай нутагт тайж хүн бараг үгүй тул тэнгэр дуугарах цахилгаан цахин бороо шаагих үед өвөг эцэг маань бүгээн зүсмийн морьтой манай хот айлын гадаа ирж хашгирдаг байсан нь тэнгэр Эзэндээ хандаж бид энд байнаа гэж мэдэгдэж байгаа утгатай юм билээ. Амарсанаа тайж нас барснаас хойш мөн ийм үед аав маань цагаан саарал мориндоо мордож гэрийн ард ирж чанга дуугаар хэдэнтээ хашгирахад тэнгэрийн дуунаас айж сандарсан бяцхан үрс бид аавд цаашид тэр тэнгэр Эзэнд найдаж тайвширдаг байв /зураг төрсөн эгч ахан дүүс аавын гэрт өвөлжөөнд/.
 
 
Амарсанаа тайж нас барахаасаа гурван сарын өмнө аавд Би намрын дунд сар гарахаар өнгөрнө /урьдчилан мэдэж байж/ гэж хэлсэн болохоор аймгийн төвөөс дүү Аюушжаваа намрын эхэн сард дуудан ирүүлж сахиж байгаад намрын дунд сард нас барахад дүүгийнхээ хамтаар ясыг нь барьж тэр хөгшний хэлсэн ёсоор манай намаржаанаас холгүй орших Титэм гэдэг газар оршуулсан юмдаг. Тэгэхэд би арав гаран настай байж.
 
Тээр жил нутагтаа очиж амраад өвөг дээдсийхээ буйраар бууж мордоод гарахад нутгийн түмэн олон Амарсанаа хөгшний жилийн жилд намарждаг байсан хөх толгойг Ах тайжийн Хөх толгой гэж нэрийдэх болсон нь цаашид өвөг эцгийн маань нэр алдар нь үеийн үед дуурсагдах болов уу. Амарсанаа хаан манай удамд бидний өвөг эцэг болж төрсөн эсэхийг би сайн мэдэхгүй. Ямар ч байсан Амарсанаа хаан дахин төрж манж хятадын толгой дээр цахиур хагалж Монголыг хэзээ нэг цагт манжийн дарлалаас чөлөөлнө гэсэн бат итгэл найдвар баруун монголчуудын дунд үе удам дамжин хадгалагдаж ирсэн түүхтэй.
 
 
Амарсанаа манжийн цэрэгт хөөгдөн Орос Казакстаны нутагт дүрвэхэд Завхан голын адаг орчмоор ард нь үлдсэн Амарсанаа хааны алтан ургаас бидний өвөг дээдэс Хүнгүй голыг өгсөн нүүж ирсэн цаашид ч гол өгсөн амьдарваас өсөн дэвжих учиртай гэж номлодог байв. Ямартай ч өвөг дээдсийнхээ гал голомтыг нутагтаа сахиж үлдэн тавь гаран жил мал маллаж байгаа миний төрсөн дүү Эрдэнэ-Оргил Ургамал сумаас Завханмандал суманд Хүнгүйн голоо өгсөн нүүж ирээд удаж төдөлгүй Улсын аварга малчин боллоо.
 
 
Манжийн үед Амарсанаа хааны алтан ургийнхан ихэд нууц далд, тухайн үеийн манжийн засаг  захиргаанаас айж эмээн, хэлмэгдэхгүйн тулд удам судар гал голомтоо нуун тээр холоос Хүнгүйн голоо өгсөн нүүсээр Дааган дэл, Нарт, Аргалын хар, Талын гурван улаан, Буурлын цагаан овоо хавиар нутаглаж байхдаа ч монголын тайж язгууртны гүн ухаанаа амнаас ам дамжуулан ярьсаар бидний үеийг  хүргэжээ. Миний бодлоор тайж язгууртан, харц ард хоёр ямарч ялгаагүй адилхан тэгш эрхтэй хүмүүн боловч зүрх сэтгэл доторхи итгэл үнэмшил нь тэнгэр Эзэн байснаараа ялгаатай юм болов уу.
 
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан