Түүхэн барилгыг түүж нураахын дон

-МАНАЙ ДЭЭДЭСТ ЭВДЭЖ НУРААХЫН ДОН ТУСАА ЮУ ДАА ГЭЛТЭЙ-
Эвдэх амархан
Эвлүүлэх хэцүү
Цэцэн үг
Өгүүлэх инү: Монгол Улсын Үндэсний Номын сангийн баганат барилгыг нураана гэнэ. Драмын театрын баганат барилгыг эвдэнэ гэнэ. Дуурь бүжгийн театрын баганат барилгыг устгана гэнэ. Сүүлийн үеийн сенсаци энэ. Засгийн газрын шийд энэ. Нураах, нураах, нураах. Эвдэх, эвдэх, эвдэх! Баганатай барилгад өстэй юм уу? гэмээр. Өмнө нь Болгарын элчин сайдын яам байрлаж байсан, дараа нь Хүүхдийн номын сан байрлаж асан, сүүлд нь Гадаад яамны мэдэлд байсан байх аа, өвөрмөц, хөөрхөн байшинг нурааж хаяад оронд нь Худалдаа хөгжлийн банк гэдэг данхар цэнхэр байшин босгоод тавьчихсан. Банк мөнгөтэй юм чинь яах вэ дээ, мөнгөтний өмнө мөнгөгүй нь хүчгүй! Хэлмэгдүүлэлтийн музей гэж эртний бөгөөд хийц сонинтой нэгэн барилгыг нураагаад эхэлчихэж. Ямартаа ч өнөөгийн архитекторуудын санаа оноонд ч орохгүй өвөрмөц хийцтэй байсан даа. Модон гэдэг нь гай болов уу даа. Модон ястай барилга өнөөгийн шилэн бүрээстэй барилгуудын дунд байж болохгүй юм байх аа. Манайхан ч эвдэхдээ уургын морь юм аа. Харин эвлүүлэхдээ?
Энэ тухай үл өгүүлэн өгүүлэхэд, саяхан Унгарын телевизийн хоёр сурвалжпагч надтай уулзлаа. Унгарын монгол судлалын эцэг Валент Габорын сууж байсан байшинг зааж өгөөч, зургийг авъя гэлээ. Би зааж өгөхөөс аргагүй болов. Тэр нь Козины өндөр гэж нэрлэгдэж байсан XIX зууны үеийн орос барилга. Өөрөөр хэлбэл, Нийслэл хүрээнд баригдсан анхны гэхээр европ хийцийн давхар барилга. Тэр үед Оросын консул байрлаж байжээ. Байрлах ч юу байх вэ, Оросын консулын байр юм. Тэр барилгын нэрээр Консулын дэнж гэдэг нэр үүссэн гэдэг. Хамгийн сүүлд “Гоожин”-гийн Козин сууж байжээ. Габор Монголд судалгаа хийхээр ирэхдээ Оросын Консулын газар сууж байж. Түүнийг Унгар нөхөд мэддэг юм байна л даа. Тэр алдартай Монголч эрдэмтнийхээ сууж байсан түүхт  байшингийн кино зургийг авахаар ирж. Би цонх хаалга нь онгорхой, санжсан, эргэн тойрон хийгээд дотор нь шээс баас, архины шил, гялгар уут гээд есөн жорын, нүд халтирмаар юм байх, үмхий самхай хангинах тэр байшинг үзүүлнэ гэхээс яс минь хавтайж байлаа. Гэвч яалтай билээ, тэд зураг аваад буцсан. Миний нүүр мөн ч их халсан даа. Халахаар ч барахгүй, улайдаад, улайссан төмөр зуух шиг л болсон байх. Тэр бол дүнзэн байшин л даа. Хэртэйд нурахгүй. Уг нь тордоод, засаад авбал хийц давгүй, хоёр давхар гээч. Тийм ээ, яг тэр байдлаар нь засаад авбал нийслэл Хүрээний үеийн XIX зууны үеийн түүхт байшин гээд үзүүлж байвал бас л сонин содон баймаар!
Ер Улаанбаатар хотын түүх, хэрхэн барилга байшин нь баригдаж, хот хэрхэн тэлж хөгжсөн түүх гээд нэг юм байх ёстой биз дээ. Тэр түүхийг өгүүлэхэд тэр байшин бас л хөөрхөн нэмэр болох нь дамжиггүй дээ. Харин түүх соёлыг боддог эрхтэн дархтан хэр байдгийг мэдэхгүй. Мэдэхгүй гэнэ, тун сая манай Ерөнхий сайд соёлыг хөгжүүлнэ, соёлын байгууллагуудын уурхайг нураана гээд л яриа биз дээ гэх хүн гарах байх л даа. Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг мартсанаас соёл мэнд үү гэж дуугарч байгаа нь сайн хэрэг л дээ. Гэвч нурааж хөгжүүлнэ гэхэд итгэхэд тун бэрх.
Дуурь бүжгийн театрыг барихад маний урьд үеийн хөлс хүч яаж шингэсэн, тэр үеийнхэн шинэ үеийн театртай болох гэж яаж хичээн байсныг молхи би муухан гадарлах юм аа. Тийм ээ, өвгөдийнхөө субботник  гээчийг хийж, хүрз зээтүү, царил лоом барин суурийг нь гараа цэврүүтүүлэн малтаж, дамнуургаар шороог шорвог хөлсөө урсган зөөж явсан тэр барилга шүү дээ. Өвөг, эмээгийн тэр хөлс хүч одоо хамаагүй гэнэ ээ. Өнөөгийн Драмын театр байна. Анх энэ барилга Хүүхэд, залуучуудын ордон нэрээр баригдсан юм аа. Чингэхэд Монгол даяараа хөдөлсөн юм шүүдээ. Өөрөөр хэлбэл, тэр үеийнхний хандив хөрөнгөөр боссон гэхэд хилс болохгүй. Хөдөөгийн сургуулийн нэгдүгээр ангийн сурагч би гэхэд л долоон төг хандивлаж байсан. Багш байсан аав маань 10 төгрөг хандивлаж байсан. Надтай тохой залган суудаг байсан Маруся гэдэг охин 10 төг хандивласныг би мэдэх юм. Яагаад мэдэж байна вэ гэвэл багш сурагч болгоныг дуудаж босгоод, хандивлах мөнгөний тоог асууж, бүртгэж авч байсан. Тэр үед өнөөгийнхөн шиг бултах гэдгийг мэдэхгүй,бүгд л амласан амласнаа өгсөн дөө. Тийм ээ, нэг нь нэг, гурав нь гурван төг гээд л. Малчид ч үр хүүхдэдээ зориулалгүй яах вэ гээд хонь мал өгсөн гэдэг. Иймээс Монголын бүр ард түмний хөрөнгөөр боссон байх аа. Засгаас мөнгө жаахан гаргаа л даа. Гэвч тэр ард түмнээс давхар татсан татварын л мөнгө шүү дээ.
Үндэсний номын сангийн барилга бас Засгийн газрын сөнөөх барилгын тоонд орчихож. Хэдийгээр буруу харуулаад барьчихсан гэгддэг боловч түүнийг хоёр яаруус хийгээд харин ч уран барилгын шийдэлтэй болгочихсон байдаг. Энэ барилга тэр үеийн зөвлөлт ах нарын зургаар Японы олзлогсод барьсан гэдэг. Ер нь хотын маань баганат барилгуудыг олзны япончууд барьсан гэдэг.
Миний багш, гавьяат багш Гомбожав маань сая надад хуучлахдаа: “Манай Дорнодод нэг яриа гарсан юм. Улаанбаатар ороод ирсэн нэг хүнээс “Хот газраар сонин сайхан юу байна? гэхэд
“Барилга барьсан япон,
Банзаар хийсэн чүдэн
Ванлий дуулсан хүүхэн гурав л байх шив” гэж хариулсан гээд хөхөрч байсан. Хөөрхий олзлогдсон Япончуудын хувьд бол инээд биш, ханиад л даа. Баганат барилгуудын олонхийг япончууд барьсан юм билээ л дээ. Эдгээр япончуудын хэд нь үхсэнийг би мэдэхгүй. Улаанбаатарт олзлогдож байгаад үхсэн цэргийнхээ эрхий хурууг нэг япон офицер тайрч аваад, нэр ус, хот тосгоныг бичээд, Япон руу нутаг нутагт оршуулахар авч явсан гэдэг.
Энэ тухай албан бичиг нь над байдаг юм. Чингэхлээр манай барилгыг барихад хүний алтан амь орсон л гэж би мунхагладаг. Мөн муу нэртэй, луу данстай Маршал Чойбалсан шавыг нь тавьж, хадаг, цай сууринд нь хийж, сүү өргөсөн байдаг юм. Чингээд тэрвээр энэ барилгыг гагцхүү номын сангийн зориулалтаар ашиглана гэж шав тавих ёслол дээр хэлсэн үгэндээ дурдсан нь буй. Тэр үг тухайн үеийн Намын “Үнэн” сонинд нийтлээстэй бий дээ. Намайг номын сангийн захирал хэмээн ухнатаж явахад Их хурлын нэг гишүүн өрөөнд минь орж ирээд, энэ барилгыг нураагаад оронд нь шинийг сүндэрлүүлчихье гэж билээ.
Чингэхэд нь та нар миний хүүрэн дээгүүр алхаж байж энэ барилгыг нураагаарай гэж хэлсэн юмсан. Анхных нь, Байгалийн түүхийн музейн барилга руу төмөр муна бариад дайраад орчихож. Түүнийг нураахаа больж байгаа юм шиг цуу тараасан. Тэгснээ гэнэдүүлээд л аваад хаячихгүй юу. Бусдыг нь мартагнуулсхийж байгаад чингэж гэнэдүүлэхдээ тун тоохгүй дээ. Чингисийн музей оронд нь байгуулах гэж байгаа нь сайн хэрэг ээ. Зургийг нь бидэнд үзүүлсэн л дээ. Мөн ч доожоогүй юм харагдана билээ. Чингээд газаргүй учир ийм юм хийсэн гэж тайлбарлаж байна билээ. Тэлэх газрыг нь хэн хувийнханд зарчихсан юм бол оо? Ийм үнэ цэнэтэй гурван баганат барилга яагаад манай дээдсийн нүдэнд орсон өргөс, шүдэнд орсон мах болсныг би мэдэхгүй. Эдгээрийг бүгдийг нураагаад, суурин дээр нь яг адилхан барилга барих юм гэнэ ээ. Цаана нь ямар нэгэн эрх ашиг байгааг би бас мэдэхгүй.
Яг адилхан барилга барих юм бол эдгээрийг нураагаад яах юм, байдгаараа байж баймаар гэмээр. Бээжинд Үндэсний номын сангийнх нь барилга өнгөрсөн зууны 20-иод онд баригдсан байдаг. Улсын номын сангийнхаа шинэ том барилгыг барихдаа хуучныгаа нураагаагүй, одоо ч номын сангийн зориулалтаар ашигласаар байдаг юм билээ. Уаанбаатар хотын түүх гэж дээр би өгүүлсэн дээ. Эдгээрийг нураагаад хаячихаар өнгөрсөн зууны дунд үеийн барилга гээд заачихаар юмгүй болох гээд байна уу даа. Ер нь бол бид чинь түүхээ арчиж хаячих гээд л байдаг улс л даа. Ардын нам өнгөрсөн зуунд хүнээ сүм хийдтэй нь устгасан, тэр үед баригдаж, түүх соёлын дурсгал болсон гарын таван хуруунд багтах барилгаа одоо устгах нь л дээ. Үгүй дээ, дарга дорго нар минь, эртний хуучны дурсгалаа ухаж төнхөж, устгаж эвддэг улс манайхаас өөр байхгүй шүү. Ухаа нь, Орос улсад гэхэд хазайсан ч юм уу, цуурсан ч юм уу, барилгаа нураадаггүй, сууриар нь шилжүүлж, суурийг нь бэхлээд эргүүлээд оронд нь тавьчихдаг технологи гарсан. Бүүр наяад онд байх аа! Японууд гэхэд хуучин барилгаа бөхжүүлээд, дээгүүр нь шинийг нөмөргөөд барьчихдаг болсон гэж нэг хүн надад ярьсан. Үнэн байх аа. Манай энэ хэдэн барилга нурах дээрээ тулаагүй шүү.
Сайн засаад, сайхан тордоод, сайтар бөхлөөдөхвөл мөнхийн л барилгууд. Нэгнийх нь дотор хэдэн жил болсных, би мэдэх юм аа. Эдгээр нь байж байвал XX зууны дунд үед баригдсан барилга гээд хойч үеийнхэндээ зааж байхад үр ач нар маань манай дээдэс ч дандаа устгаад байсангүй, бас ч гэж юм овойлгож, шовойлгож байсан байна шүү гэж бахархах юмтай байхсан. Түүх түүхээрээ л үлдэх ёстой.
Одоо шинээр барьчихлаар XXI зууны барилга гэх үү? Тэгнэ дээ. Чингэхлээр XX зуунд юу ч бүтээгээгүй болж таарах нь уу?
Бас манай Засгийн газар чинь ямар баян тарган болчихсон юм бэ! Мөнгөгүй, төсөв хэдэн их наядаар алдагдалтай л гээд байдаггүй юү! Тэтгэврийн арван хуруунд багтах хэдэн хөгшдийн тэтгэврийг ч нэмэх мөнгөгүй гээд л байгаагүй юу! Ардын нэгэн цэцэн үгийг арай өөрчлөөд, “байхгүй гэдэг үг мянган үгийн таглаа” гэмээр л байсан даа. Ард түмний амьжиргааг дээшүүлнэ гэж амладаг нь бас хаачив? Бардам ам, шалдан гуя болов уу?Амьд хүнээс амьгүй барилга нь үнэтэй болчихсон хэрэг үү? Эдгээр нь үнэхээр нурах болчихсон бол яалтай билээ! Дөрвийн дөрвөн капитал барилгыг нурааж хаяад, оронд нь том том данхар данхар барилга барихад ямар их хөрөнгө орох бол! Мань мэтийнхний аманд багтахгүй тоо л гарна даа. Тэнгэр тулсан их үнийг хаанаасаа олох, хаанаас гаргах юм бол оо? Тэнгэрээс лав шүүрэхгүй. Хуруу хумсаа тайрч аж төрж байгаа нөгөө л хэдэн ардын маань татварын мөнгөнөөс хумсална!!! Ай, хөөрхий зайлуул! Манай засгийн газрынхны ухаан нь сонгуулийн өмнө цоорох нь энэ үү дээ!

Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн,  Хатагин Го.Аким
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан