"Д.Эрдэнэбилэг нарын хэргийн мөрдөн байцаалтад улс төрийн хүрээнийхэн саад учруулж байна"

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” нэгдлийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдаж авахдаа хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох, таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс аваад байсан юм.
Улмаар өнгөрөгч наймдугаар сарын 23-ны өдөр яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч хилийн хориг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс хилийн хоригийг цуцалсан юм. Үүний дараа тэрбээр БНСУ руу хил гарч эрүүл мэндийн үйлчилгээ аваад эргэн Монголд ирээд байгаа аж.
Ийн арван сар гаруй хугацаанд үргэлжилж буй мөрдөн байцаалт өнөөдрийг хүртэл дуусаагүй хэвээр байна. Зарим эх сурвалж мөрдөх ажиллагаа дуусах шатандаа ороод байгаа ч Д.Эрдэнэбилэг нар нь олон тооны өмгөөлөгчийн баг ажиллуулж, улс төрийн хүрээнд зарим тохироонд хүрсэн учир хэргийн мөрдөн байцаалт сунжирч байгаа тухай хэлж байна.
Харин яллагдагч нарын тухайд одоогоор батлан даалтад гарч, сул чөлөөтэй яваа бөгөөд Д.Эрдэнэбилэг нэр бүхий банкны хувьцааг худалдан авахаар хэлцэл хийж байгаа тухай мэдээлэл бий.

Б.Гантуяа
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан