Өнгөрөгч баасан гаригт манай парламент Их тэнгэрт хүлээн авалт хийж Үндсэн хуулийн өдрийг “нижгэр” тэмдэглэсэн. Даваа гаригт үргэжлүүлэн төрийн ордонд томоохон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Бодвол Баабар гуайн байнга хэлдэг шиг “Аливаа зүйл муудах тусмаа сайн тал руугаа явж байдаг” хэмээн хөөрцөглөцгөөсөн биз. Оны өмнөхөн парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан шүү дээ.
Гурав хоногийн өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж долоон шүүгчийн бүрэн эрхийг сэргээжээ. “Шударга ёс яллаа” гээд шүүхийнхэн бөөн баяр. Өнгөрөгч зургадугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн дээ. Тэдний долоогийнх нь эрхийг сэргээж байгаа юм байна. Арван шүүгчийн хувьд “Монгол яллаа” болсон бололтой юм. Цаг хугацаа гэдэг ийм хорлонтой. Хүний бодол ийм ахархан. Ердөө зургаа долоохон сарын өмнө “шүүгчийн хараат бус байдалд халдлаа заналхийллээ” хэмээн шуугиж байсан биш үү? Бүгдийг булаан аваад өчүүхнийг эргүүлэн өгөхөд л ийм үр дүн гарч байна шүү дээ. Магадгүй эрхээ сэргээлгэсэн долоон шүүгч ч бас эзэндээ төлбөрөө төлж таарна…
Сануулахад шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр томилж чөлөөлдөг хуулийн өөрчлөлт одоо ч гэсэн хүчин төгөлдөр хэвээр байгаа. Ирэх тавдугаар сараас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжээд эхэлбэл тэд шууд Улсын дээд шүүхийн ханаа хяналтад орно. Шүүхийн байгууллага дээрээсээ доошоо босоо удирдлагатай болж, дээд шүүх юу гэнэ түүнийг хийх болно гэсэн үг.
Бүхэл бүтэн гурван парламент дамжин хэлэлцэж, хэрэлдэж байж өнгөрөгч арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс судлаачид нэлээд олон дэвшилтэт өөрчлөлтийг хүлээж байв. Хүний эрх, ардчилал, зах зээлийг хамгаалах, эрх мэдэл хуваарилалт, орон нутгийн өөрөө удирдах ёс, хуулийн засаглал буюу шударга ёсны асуудал, Үндсэн хуулийн суурь бүцэц, дархлааг бий болгох гэх мэт. Эдгээрээс ердөө нэг зүйл буюу эрх мэдэл хуваарилалтын асуудал дээр бага зэрэг урагшаа алхсан (Гүйцэтгэх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах тал дээр бага боловч ахиц гарсан), бусдыг нь бол бүр дордуулсан, хоёр зүйлд нь (нутгийн өөрөө удирдах ёс, Үндсэн хуулийн дархлаа) бүр огт гар хүрээгүй хэмээн үнэлсэн байна.
Дордуулсан зүйлүүд дотор нь хуулийн засаглал буюу шударга ёсны асуудал багтаж байна. Түрүүн хэлсэн Дээд шүүхэд шүүхийн бүх эрх мэдлийг аваачиж өгсөн явдал.
Нэмэлт өөрчлөлтийн тавьдугаар зүйлд “Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн” гэж бичжээ. Одоо байгаа Үндсэн хуульд ч мөн ингэж бичсэн бөгөөд үүнийг өөрчлөх юмсан гэж сүүлийн арав гаруй жил ярьж байгаа зүйл л дээ. Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага биш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамгийн дээд шат юмаа гэж.
Шүүхийн дээд байгууллага гэхээр доод шатны бүх шүүхээ удирдан чиглүүлдэг босоо удирдлага болчихно биз дээ. Яг гүйцэтгэх эрх мэдэл шиг. Үүнээс болоод Дээд шүүх доод шатны шүүхийнхээ бүх эрх мэдлийг булааж авч, өмнөөс нь хэрэгжүүлдэг болсон. Шүүхийн хамгийн том авилга Дээд шүүх дээр явагддаг ч гэдэг. “УДШ нь хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх эрхтэй” гээд Үндсэн хуульдаа биччихсэн учраас шүүхийн аль ч шатнаас маргааныг татаж аваад хэлэлцэх бүрэн эрхтэй болчихож байгаа юм.
Үүнийг сая баталсан нэмэлт өөрчлөлтөөр засч залруулах ёстой байсан ч бүр бататгаад өгчихсөн. Дээр нь “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой ШЕЗ-ийн үйл ажиллагааны тайланг УДШ-д танилцуулна” гээд биччихээр нөгөө шүүхийн хараат бус байдлыг хангах ёстой ШЕЗ-ийн үйл ажиллагаанд ч бас УДШ хяналт тавих, шүүгчийн хараат бус байдалд шууд халдах эрхтэй болчихлоо.
Өмнө нь доод шатныхаа шүүхийн ажлыг өмнөөс нь шүүрч аваад хийдэг байсан бол одоо шүүгчдийнх нь шүүгч байх эсэхэд шууд оролцдог болно гэсэн үг.
Өөрөөр хэлбэл одоо ҮАБЗ-ийн зөвлөмжөөр халдаж байгаа шүүгчийн хараат бус байдалд УДШ халдах эрхтэй болж, үүнийг нь Үндсэн хуулиараа баталгаажуулаад авлаа. Нэгэнт Үндсэн хуулиар зөвшөөрчихсөн учраас (хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцэх) нэг өдөр “АТГ-ын шалгаж байгаа хэргийг УДШ-д харьялуулж шалгана” гэж хууль батлаад татаад авчих бүрэн бололцоотой боллоо гэсэн үг.
Ингээд шүүх тогтолцоо (анхан, давах, хяналтын шат) бүхэлдээ ганхаж, тэр чигээрээ нэг хүний эрхшээлд орж байна. Энэ тохиолдолд шударга ёс, хуулийн засаглалын тухай ярих боломжтой юу?
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn