Цагаан сарыг тэмдэглэхгүй өнжье

Дуулиан шуугиан дагуулсан коронавирусээс дэлхий нийт ихэд айн түгшицгээж байна. Арга ч үгүй юм. Хурдан тархаж, олон улс орныг хамарч буй энэ вирусийн өвчлөлөөр олон хүн хорвоогоос халилаа. Яах ийхийн зуургүй үхэлд хүргэж буй болохоор айхгүй байхын аргагүй. Ази тивд, хоёр том хөршийн дунд, их замын хөл газар оршдог Монгол Улсын иргэд ч тайван суухын арга алга. Ядахдаа энэ өвөл хэд хэдэн төрлийн вирусээр тархсан ханиаданд хүүхэд хөгшид төдийгүй залуус хүртэл “дарлуулж” бүгшүүлэн ханиалгасаар хавартай золгох нь. Өвлийн энэ ханиад, дэлхий нийтийг цочроож буй коронавирусээс хамгаалах үүднээс сургууль хичээл хааж, олныг хамруулсан ажил зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
Амны хаалт хэрэглэх, гараа савандаж сайтар угаах, дархлаагаа дэмжих, олны хөлийн газар хүүхэд шуухдаа зорчуулахгүй байх гээд хэрэг болох, ойр зуурын зөвлөгөө, заавар зөвлөмж тараасаар л байна. Ийм анхааруулга, санамжийг хэнэггүй Монголчууд хэр хэрэгжүүлж байгаа бол. Гадуур гарахад амны хаалтгүй, олны газраар хүүхэд шуухадтайгаа сэлгүүцэж яваа хүнтэй олонтаа таарах юм. Томоохон зах, дэлгүүрүүд ер юу ч болоогүй мэт хэвийн ажиллаж байна. Гэтэл нөгөө аюулт вирусийн сураг чимээ улам ойртоод л аюулын харанга дэлдсээр байна.
Нэгэнт оюутан сурагчдыг амрааж, нийтийг хамарсан томоохон арга хэмжээг хориглосон ийм үед Цагаан сарыг ч тэмдэглэхгүй, өнжье. Бид битүүний бөхийн барилдаан үзэхээр Бөхийн өргөөнд хөл тавих газаргүй болтлоо шахцалдан суух уу. Уламжлалт Цагаан сарын баяраар золгохоор олноороо айл хэсэх, гар барих, бас биенээ үнсэх зэргээр ёстой л холион бантан болж, энгийн ханиаднаас эхлээд юу ч тарааж болно.
Нэгэнт сургууль, цэцэрлэг хааж, олны хөл хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсан болохоор гуравдугаар сарын 2-ноос наана уламжлалт баяраа ч тэмдэглэх аргагүй болж байна.
Иймд өөр арга олъё. Гэр гэртээ цомхон тэмдэглэж болох юм. Золгох хүмүүстэйгээ хэзээ ч уулзаж, мэнд мэдэж болдог уламжлал бий шүү дээ. Ер нь байдал улам бүр хурцдаж, биднийг түгшээх хэмжээнд хүрч буй тул Цагаан сарыг тэмдэгдэхгүй өнжих нь амь насанд өлзийтэй байх болно.

Н.Бөхдамбий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан