Эхлээд борлуулагчдыг...

-Хар тамхи хэрэглэсэн жүжигчний эх ямар буруутай гэж-

Цахим ертөнцөд цацагдсан бичлэгнээс болж эргэн тойрыхноосоо ирэх дарамтыг давж чадалгүй нэг иргэн амиа хорлочихсон талаарх дуулиан тасраагүй байна. Гэтэл ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас жүжигчин Т.Билэгжаргалын ёс зүйгүй үйдэл бүхий бичлэгийг нийтэд цацаж орхилоо. Хэдийгээр тэрхүү бичлэгийг цөөхөн цагийн хугацаанд байршуулсан ч гэлээ ёстой л хуурай өвсний гал лугаа адил болж цахим орчинд Т.Билэгжаргалыг хараан зүхэгчид, хөөрхий ээжийг нь өрөвдөгсөд хуруугаа чилтэл бичиж байна. Шүүхээс гэм буруутай нь нотлогдож, хорих ялаар шийтгүүлсэн хэн нэгэн байлаа ч түүнд хүний эрх үйлчилсээр байдаг. Гэтэл дөнгөж баривчилмагцаа, хэргийн нотлох баримт болох дүрс бичлэгээ олон нийтэд түгээж байгаа нь өөрөө, ЦЕГ-ынхан хүний эрх гээчийг хэрхэн ойлгодог болох нь тодорхой харагдаж байгаа явдал байлаа.
Мэдээж эхийгээ хайрлаагүй, хар тамхи хэрэглэсэн, олны хүндлэлийг даагаагүй гээд тоочвол жүжигчин залууд буруу их бий. Гэтэл үүнтэй нь зэрэгцээд төрүүлж, өсгөсөн ээжийг нь бахархах зүйлгүй, бардам сэтгэлгүй болгохын зэрэгцээ олон нийтэд нүд үзүүрлэгдэн, ичиж амьдар гэсэн шиг хөсөр хаяж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Ямар ч эх хүн төрүүлсэн үрээ сайныг хийвэл бахархан бардамнаж, мууг үйлдвэл бусдаас хамгаалан, хайрладаг нь ертөнцийн жам. Тэр ч утгаараа жүжигчин хүүгээрээ бахархсаар ирсэн эхийн сэтгэл, түүний хүрээлэлд ЦЕГ-ынхан юуны тулд цэг тавьж байгаа хэрэг вэ. Хүчирхийлэгч, хар тамхичинг нийтэд зарлахдаа хохирогчийг нь хамт хохироох ямар шаардлага байсан юм бол.
Амралтын өдрийн энэхүү цочирдом бичлэгийн ард өөр хэн нэгний, ямар нэг томоохон хэргийн дуулианыг дарах гэсэн санаа, байсан  юм биш байгаа гэх хардлагыг ч төрүүлж буй юм.
Урлаг, соёлынхон хар тамхи хэрэглэж байгааг хэдэн жилийн өмнөөс олон нийт ярьсаар ирсэн. Цөөхнийг нь цагдаа, хуулийн байгууллагынхан илрүүлж, баривчиллаа гэдэг ч шүүхээс оногдуулж буй ял зэм нь үнэндээ л “жул” байдаг. Хамгийн сүүлд л гэхэд дуучин Б.Амархүүд ял оноолоо л гэсэн ч дараа нь батлан даалтад гаргаад явуулсан. Тэр дахиад хар тамхи хэрэглэхгүй гэх баталгаа байхгүй. Хууль, хүчнийхэн хар тамхи хэрэглэснийг олдог, хорьдог ч зарсныг нь, борлуулагчдыг нь барихгүй явсаар л байгаа. Түүний нотолгоо нь ч энэ удаа жүжигчин залуугийн үйлдлээс илэрхий болсон.
Т.Билэгжаргалыг хар тамхи хэрэглэж байгааг гэрийнхэн нь мэдэж, нэлээд хэдэн жилийн өмнөөс эмчилгээ хийлгэж, эх нь ч, эхнэр нь ч эрвийх дэрвийхээрээ оролдсон. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд ч хандан, хяналтад байлгадаг байсан. Гэвч тусыг эс олж, өнөөг хүрчихэж.
Арга ч үгүй. Эмчилгээний үр дүнгээс урьтаад тэр хүнд хар тамхийг нь борлуулдаг хэн нэгэн байтугай хэсэг бүлэг байсаар байна. Гэтэл хар тамхи борлуулагч “акул”-ыг нь бус хэрэглэгч “жараахай”-г нь барьчихаад түүнийгээ сүр дуулиан болгож, олон нийтэд цацсан нь хар тамхитай тэмцэж буй хэлбэр гэж харахаас илүү өөрсдийгөө сурталчлах гэсэн оролдлого гэж харагдаж буй юм.
Зэрэгцээд үрээ гэсэн эхийн сэтгэлийг ч хөсөр хаяж, хүүдээ зодуулсан өрөвдөм эмэгтэй болгож хувиргалаа. Цагдаагийхны энэхүү бичлэгээс болж энэ эмэгтэй, түүний гэр бүлд ямар нэг аюул, сэтгэлзүйн дарамт очвол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Борлуулагчдыг нь бариад хорьчихдог байсан бол хэрэглэгчдийг нь эргэн тойрныхон нь эмчилгээ хийлгээд, ятгаж, урамшуулсаар эрүүл саруул болгоод авах боломж бий. Бусад улс орнуудын туршлагаас ч үүнийг харж болно.

Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан