Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр халдварласан хүний тоо 20623 болж, нийт нас барсан хүний тоо 427 хүрлээ. Хятад улсад 425 хүн нас барсан бол, Хонконг, Филиппинд тус тус нэг хүн нас баржээ.
Одоогийн байдлаар, 23.2 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бол 632 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна. 2.8 мянга орчим өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 171.3 мянган хүн карантинд байна.
Коронавирусийн талаарх сүүлийн мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
Шинэ төрлийн коронавирус таатай орчинд тав хүртэл хоног амьдрах чадвартай гэж Хятадын эрүүл мэндийн улсын хорооны шинжээч Зян Жүнмэн мэдэгджээ. Нэгдүгээрт, вирус ханиах, найтаах үед агаар дуслын замаар халдварладаг байна. Мөн өвчтөнд хүрэх, тээгчээс 1-2 метрийн зайнаас хүний биед халддаг байна. Гэхдээ агаарт удаан амьдрах чадваргүй аж. Хоёрт, халдвар бүхий шүлс хаалганы бариул, лифтний товчлуур зэрэг биднийг хүрээлэн буй эд зүйлс дээр бууж, хүний гарт хүрч, тухайн хүн гараа санамсаргүй нүд, хамартаа хүргэвэл халдварлах боломжтой. Тиймээс эмч нар гараа тогтмол угаахыг зөвлөж байна.
Судалгаанаас үзвэл, вирус гөлгөр гадаргуу дээр хэдэн цагийн турш, зохих температур, чийгшилтэй орчинд хэдэн хоног амьдрах чадвартай аж. Тухайлбал, 40 хувийн чийгшил, 20 хэмийн дулаан орчинд вирус таван хоног хүртэл амьдрах чадвартай.
Шинэ төрлийн вирусийн халдварын дэгдэлтийн үргэлжлэх хугацаа тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс бүрэн хамаарах бөгөөд дэлхийн хэмжээнд үүсээд буй айдас, сандрал энэ нөхцөлд үндэслэлгүй гэж Хонконгийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч Бэн Коулинг онцолжээ.
Хятад улсад анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирус түүний гарал үүслийн талаар янз бүрийн онол гаргаж ирсэн ч хиймлээр вирусийг гаргаж авсан гэх таамаглалыг нотлох ямар нэгэн нотолгоо байхгүй гэж Бэн Коулинг ярьжээ.
Пакистаны эрх баригчид гурван хоногийн өмнө цуцлаад байсан Хятад улс руу чиглэсэн агаарын харилцааг сэргээхээр боллоо гэж тус улсын агаарын тээврийн дэд сайд Абдул Саттар Хохар мэдэгдсэнийг Express Tribune сонин мэдээлжээ. Тус улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээний онцгой байдал зарласны дараа буюу нэгдүгээр сарын 31-нд агаарын харилцаагаа түр зогсоожээ. Пакистан улс Хятадаас 1000 гаруй оношлуур авчээ.
Я.Болор
Эх сурвалж: Zindaa.mn