Сезон буюу “сэгсрэх” үйлчилгээ

Ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад нь байдаг гэж хэлж болох захууд эзгүйрчээ. Тэр тусмаа Нарантуул. Хүний хөл хөдөлгөөн өдийд ёстой л “Гишгэх газаргүй хөл” гэдэг шиг байдаг байсан бол энэ жил эл хуль. Наймаачид ч бухимдангуй баргар царайтай байх аж.
Тэдний тийн царайлах нь ч аргагүй. Урдаас дарж ирсэн байраа нь зарагдахгүйд хүрч байгаа тул муухай царайлж, ёстой л өдөр бүр бараалттай байгаа нь тэр.
Ихэнх худалдаачид “Бараа зарагдахгүй шатаж байна. Ядаж урдаас авсан үнээ олж авмаар байна” гээд хямдруулж байгаа бололтой. Харин тэнгэрт хадсан үнэтэй гэж хэлж болохоор тасаг бол даавуу торгоны лангуунууд байлаа. Иргэдийн эрэлт дээр дөрөөлсөн энэ наймаачид өөрсдөө дэгжин нь аргагүй хувцаслаж. Дөрвөн талтай малгай, хантааз, ууж гээд монгол хувцсаараа гоёсон нь “Намайг хар аа, яг ингэж хувцасла” гэх шиг.
Хэр тааруухан үнэтэй торго асуухад хамгийн бага даа л 8000 мянгын үнэтэй торго байна гэх аж. Тэр нь 2 жилийн өмнө 3500-5000 төгрөгөөр метрийг нь авч байсан тийм л торгууд. Торгоны наймаачдын ганц орлого нь “Пүүсүү” гээч болж. Дээлийн эмжээр авах гэсэн нэг эмэгтэй “Болиод өгөөч, та нар. Энэ чинь метр нь 5000 л байдаг шүү дээ. Арай ч дээ 15 байхдаа яахав дээ” гэхэд худалдагч “Одоо чинь “сезон нь” шүү дээ, эгч минь. Та яахав 10 мянгаар авахгүй юу” гэхэд эмэгтэй “Хүүхдүүдийнхээ дээлийг дуусгах ёстой авахаас одоо” гээд 10 мянган төгрөг сарвайхад “ бушуухан авч өвөртлөөд 50 см -ийг таслаад өгчхөв. Эмэгтэй уурлаж “Чи одоо 50 см-ийг 10 мянгаар өгөөд байгаа юм уу” гэхэд “Өө уучлаарай, хүмүүст 50-иар тасалж өгөөд сурчхаж” гээд 1 метрийг тасдаж өгөв. Эмэгтэй муухай үгсээр булсаар метр пүүсүүгээ шүүрч аваад явж одов.
Даавууны наймаачид бас арай л дэндүү даварсан байгаа нь илт байв. Арга ч үгүй биз тэдэнд тавих хяналт гэж үгүй шүү дээ. Урд газартаа метр нь 25 юанийн үнэтэй торгыг энд метрийг нь 25 мянга гээд тавьсан байх жишээтэй. Ер нь 10 юанийн үнэтэйг 10 мянга, 20 юанийн үнэтэй торгыг 20 мянга гэжээ.
Тэгсэн хэрнээ хоцрогдсон гэж хэлж болох даавуу, торгоор лангуугаа  дүүргэж өнгөөр алаглуулж, хүний нүд тусахаар өрсөн байх аж.
Дээлийг ихэвчлэн пүүсээгээр эмждэг болсон ч юм уу пүүсүү сурагласан хүмүүс олон. Ам дөрвөлжин пүүсүүг 5000 мянган төгрөг гээд  тавьчихсан байх жишээтэй. Яарсан сандарсан, мэдэхгүй хүмүүс тэрнээс нь ихэвчлэн авч буй харагдана.
Торгоны лангууны бас нэг гүйлттэй бараа нь метрийн булга. Цагаан, хүрэн, хар өнгийн булга метр нь 20-25 мянган төгрөг болжээ. Худалдагчаас яагаад нэмэгдсэн талаар асуухад “Эгч минь , сезон” шүү дээ гэх.
Уг нь тэрхүү метрийн булга Монголд 15 мянган төгрөгийн үнэтэй. Урд хөршид бол метр нь 20-25 юаниар бараг л “Абаа найзаа” гээд гуйгаад өгдөг юм шүү дээ…
Сезон нэрээр явагдах тэрхүү “сэгсэрдэг үйлчилгээ”-нд хяналт тавих газар даанч алга гэж үү. Уг нь  наадам, цагаан сараар үндэсний хувцсаа өмсөх сонирхол монголчуудад их байгаа ч ийм гэдийсэн, сэгсэрсэн үйлчилгээ явагдаж байхад ядарсан нь голдуу монголчууд маань яаж ч үндэсний хувцсаараа гоёх билээ дээ.

С.Туул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан