Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээ тусгаарлаж өгнө үү, Хууль зүйн сайд аа!

Дэлхий нийтээр аюулын харанга дэлдсэн шинэ коронавирусын халдвар манай улсад өдөр ирэх тусам ойртож байна. Дархан-Уул, Өвөрхангай аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж, эхний шинжилгээгээр “сөрөг” үзүүлэлттэй гарсан ч тайвшрах боломж өгөхгүй байна.
Өнгөрөгч бямба гаригт манай улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог БНХАУ-ын Эрээн хотын захиргаа, Халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх штабаас нэгдүгээр зэргийн хөл хорио тогтоолоо. Шинэ коронавирусийн тархалттай газраас Эрээн хот руу зорчсон иргэдийг албадан буцаах, ирсэн тохиолдолд тусгаарлах газарт 14 хоног хөл хорионд байлгахаа зарлав.
Манайхтай хил залгаа ӨМӨЗО-д шинэ коронавирусийн халдварын сэжигтэй 1533 иргэнийг эмнэлгийн хяналтад оруулж, коронавирусаар халдварласан нь тогтоогдсон 54 тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 хүн байна. Шинэ вирусаар халдварласан гадаадын иргэн нас барсан тохиолдол АНУ-д гарав.  
Нэг үгээр хэлбэл, шинэ вирусын халдвар манайд орж ирэх нь цаг хугацааны асуудал болов. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас улсын нэг эмнэлгийг тусгаарлаж, коронавирусийн халдвараас сэргийлэх, эмчлэх тусгай зориулалтын эмнэлэг ажиллуулна гэв. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ вирусийн халдвар тархалтаас сэргийлэхийн тулд удахгүй болох цагаан сарыг нийтээрээ тэмдэглэхгүй байх санал гаргав. Уг асуудлуудыг удахгүй /магадгүй өнөөдөр/ Засгийн газрын хуралдаанаар эцэслэх биз.
Тиймээс Эрүүл мэндийн сайдын нэгэн адил эгэл жирийн “иргэний хувиар” нэг санал хэлэхэд шинэ коронавирусийн халдвар, тархалтын үед ашиглах тусгай зориулалтын эмнэлгийг Төрийн ордны баруун талд байрлах Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг дээр ажиллуулья. Энэ эмнэлгийг сонгох ёстой хэд хэдэн шалтгаан ч байна.
Нэгдүгээрт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь манайд баригдсан улсын эмнэлгүүдээс хамгийн сүүлд баригдсан, эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн хувьд хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хамгийн гол нь төрийн тусгай албан хаагчдад үйлчилдэг гэдгээрээ нийтийг хамарсан гамшиг, ослын үед хүчитгэн ажиллуулахад хамгийн тохиромжтой эмнэлэг. Мөн тус эмнэлэгт цэргийн тангараг өргөсөн эмч нар ажилладаг учир онц дэглэм, хорио цээрийн үед энгийн эмнэлгийн эмч нараас илүү дэг журамтай, нягт нямбай, хариуцлагатай байх нь тодорхой.
Хоёрдугаарт, хэдийгээр тус эмнэлэг нь “төрийн тусгай албан хаагчдын” хэмээн нэрлэгддэг боловч яг энэ ажил үүргийн дийлэнхийг Цэргийн төв эмнэлэг нуруундаа үүрдэг. Харин ТТАХНЭ-ийн хувьд төрийн албан хаагчид, тэдгээрийн ар гэрийг хүлээж авдаг эмнэлэг болоод удаж байгаа. Тиймээс улсын бусад эмнэлгүүдтэй харьцуулахад ачаалал харьцангуй бага, ерөнхийдөө сайн дурын үндсэн дээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг гэх үү дээ.
Тиймээс цаг хугацаа давчуу, улсаараа түгшүүртэй байгаа энэ хүнд үед ТТАХНЭ-ийг тусгаарлаж, тусгай зориулалтын эмнэлэг ажиллуулья. Ингэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сэтгэл гаргаад албан хаагчдаа Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлээд, харьяаллын бус үйлчлүүлэгчдээ эмнэлэг өөрөө дүүрэг, дүүргийнх нь эмнэлгүүд рүү явуулчихад л болох юм.
Харьцуулбал, улсын бусад эмнэлгүүд маань энгийн үед ч ачааллаа дийлдэггүй, хэвтэн эмчлүүлэх ор олддоггүй, эм, тариа хүрэлцдэггүй, техник, тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай гээд асуудал бэрхшээл олон. Хамгийн гол нь тэнд эмчлүүлж байгаа, эмчлүүлэх, оношлуулахаар хэдэн сараар хүлээж байгаа жирийн иргэдийн эрх ашгийн үүднээс эдгээр эмнэлгүүдийг тусгаарлах боломжгүй юм. Иргэддээ үйлчилдэг нэг ч гэсэн эмнэлгийг тусгаарлаж битүүмжиллээ гэхэд угаасаа доголдолтой байгаа эрүүл мэндийн үйлчилгээнд дахиад нэг доголдол үүснэ гэсэн үг.
Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандаж хэлэхэд дэлхий даяар аюулын харанга дэлдэж байгаа энэ аюултай халдварын үед “иргэний зориг” гаргаж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг тусгай зориулалтаар нь ашиглах боломж олгоно уу гэж хүсэх байна. Тэгвэл эмнэлгийг шорон болгохгүй гэж (Уг нь бол шорон биш, цагдаагийн байгууллагыг л оруулах гэж байсан) заргалдсаар байгаад авч үлдсэн тусгай үүргийн эмнэлгийн чинь ач тусыг монголчууд нийтээрээ үзэх болно. Нөгөө талаас төрийн тусгай алба хаагчдынхаа нэрийн өмнөөс иргэдийнхээ өмнө хүлээж буй хариуцлага, аюулгүй байдлыг нь хамгаалж буй хэрэг юм.

Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан