Коронавирус ба Консулын суудал


БНХАУ-д гараад буй Коронавирусын халдвартай холбогдуулан Хятадын хилээр орж, гарах иргэдийн хөдөлгөөнд хориг тавиад байгаа билээ. Тэгвэл манай улсаас БНХАУ-д байгаа иргэдээ татан авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 5-ны өдөр автозамын боомтоор иргэдээ хүлээн авах сүүлийн өдөр нь өнөөдөр юм. Халдварын гол голомт болоод байгаа Үхань хотоос 32 иргэнээ нисэх онгоцоор авчирсан бол Хөх хот, Шанхай, Бээжинд эмчлүүлж байсан, суралцаж байсан оюутнууд өөрсдийн зардлаар эх орон руугаа ирсээр байна. Монголчуудын их очдог Хөх хотод уг нь манай улсын Ерөнхий консулын газар бий. Гэвч өнгөрсөн оны зургаадугаар сарын 28-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Даваагийн Мөнх-Эрдэнийг эгүүлэн татсан. Түүнийг хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн учир албан үүргээс нь чөлөөлүүлсэн байдаг. Хамгийн харамсалтай нь энэ өдрөөс хойш Хөх хотод Ерөнхий консулыг нь томилохгүй байсаар өдий хүрчээ.
Манай улс НҮБ-д элсэн орсоноос хойш дэлхийн 196 улстай дипломат харилцаа тогтоосон байна. Гэвч сүүлийн жилүүдэд Элчин сайд, Ерөнхий консулаа томилж чадахгүй байсаар энэхүү асуудал нь манай улсын гадаад харилцаанд тодорхой хэмжээнд нөлөөлдөг боллоо. Монголчуудын ихээр ажиллаж, суралцдаг БНСУ, Хөх хот зэрэг газрууд Элчин сайд, Ерөнхий консулгүй удах тусам тэнд буй Монголчууд л ихээр хохирно. Уг нь Элчин сайд томилох асуудлыг Ерөнхийлөгч, ГХЯ-наас санал оруулж, УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцдэг. Гэвч томилох хүн дээрээ тохиролцож чадахгүй байсаар улс орны эрх ашгийг хохироож буй нь харамсалтай. Өмнөд хөршид гэхэд л Коронавирусын халдвар аюулын харанга дэлдэж байхад Элчин сайдууд, консулууд л шуурхай ажиллаж иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарах ёстой. Саяхан өндөрлөсөн намрын чуулганаар л гэхэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдын нэрсийг Засгийн газар, Ерөнхийлөгчид танилцуулж дэмжүүлснээр томилогдоход бараг л бэлэн болоод байгаа. Гэтэл улс төрийн ашиг сонирхолоос болоод Хөх хотод суух Ерөнхий консулыг  томилохгүй байсаар УИХ-ын чуулганыг өндөрлүүлээ. Улстөрийн ашиг сонирхлоос илүү улс орныхоо гадаад харилцаанд анхаарал хандуулах хэрэгтэй байна.  

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан