Энэ хавар коронавирусийн “буян”-аар коммунизмд яаж амьдарч байснаа үзчихдэг нь муу ч юм биш шүү

Коронавирусийн халдвараас сэргийлж Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоож, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжчихээд байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд та бидний өнгөрүүлж буй энэ хэдхэн хоног хуучин коммунист дэглэмийн үед монголчуудыг яаж амьдарч байсныг тэр чигээр нь яг л харууллаа. Өөрөөр хэлбэл, коммунист дэглэмд амьдарч байсан шиг амьдралаар сая хэд хоног амьдарцгаав. Өмнөх дэглэмд амьдарч үзээгүй залуу үеийнхэн тухайн үеийн нийгмийг их л сайхан юм байсан байна билээ гэж андуурцгааж “Социализм, коммунизм хамгийн шударга, хамгийн сайхан нийгэм байжээ” хэмээн ярих нь сүүлийн үед ихэссэн. Ардчилсан хувьсгал хийсэн хүмүүс, намыг та нарын хийсэн бүтээсэн хаана байна гэж олноороо баалдаг болсон.
Тэгвэл тэдгээр залууст коммунизмд яаж амьдарч байсныг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, хөл хориотой байсан эдгээр өдрүүд бодитоор нь мэдрүүлчихэв. Тийм нийгэмд амьдрах сайн уу, муу юу гэдгийг та нар эргэцүүлж нэг бодоорой. Түүнээс биш коронавирусийн халдвараас сэргийлж хөл хорио тогтоосныг сайн, муу гэж хэлсэнгүй, шүүмжлэх ч гэсэнгүй. Авдаг арга хэмжээгээ л авч, ном дүрмийнх нь дагуу мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байгаа.
Коммунист нийгмийн үед яг саяхных шиг хэн дуртай нь хөдөө гадаа явдаггүй байлаа. “Зам явах” гэдэг бичиг олох гэж суманд бол сумын нарийн бичиг, хороо хоринд бол хорооны даргын үүд сахина. Өнөөх цаасаа олчихоод орон нутгаасаа түр гарчихаад ирэхийн тулд цагдаагаас хүртэл зөвшөөрөл авч байж оршин суугаа газраасаа явах эрхтэй болдог байлаа.
Коммунист нийгмийн үед Цагаан сарын баярыг тэмдэглэдэггүй байлаа. Малчны цагаан сар, хуучны элэрсэн баларсан ёс уламжлалын үлдэгдэл гэх зэргээр ад шоо үзэж, Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийг аль болохоор л энэ баярыг нь тэмдэглүүлэхгүй байх тал дээр үзэл сурталдана. Тэр өдөр нь олон хүнийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ олоод зохиочихож дөнгөнө. Цагийг нь бүртгэнэ, эргүүлүүд гудамж, орцоор явна, бууз жигнэж байгаа айлд үнэртээд орж ирээд баална, ямар ч хэрэггүй уйтгартай, сунжирсан хурал семинар, лекц тавина, нийтээр нь суулгаж байгаад сонин уншлага хийх зэргээр сатааруулж, Цагаан сар тэмдэглэхгүй байх бүхий л арга саамыг олчихдог байсан сан. Сая хэд хоногт бид Цагаан сараа хийгээгүй. Яг л коммунист өнгө харагдсан шүү. Тэр үед Эрээн рүү хэн дуртай нь шогшиж мөнгөө үрнэ гэсэн ойлголт огтоосоо байсангүй. Яагаад вэ гэвэл гадаад руу явна гэдэг хориотой. Зөвхөн дээд түвшний дарга нар, цөөн хэдэн тамирчид л тэмцээнд оролцох зорилгоор хилийн дээс алхдаг байлаа. Харин бусад иргэдийн хувьд хэзээ ч гадаад явах эрхгүй учир гадаад явах талаар мөрөөддөггүй байж. Тэрэн шиг гадаад явах эрх нь, мөнгө нь байвч энэ удаад хэн ч Эрээн зүглэсэнгүй.
Коммунист дэглэмийн үед хэн дуртай нь машин унадаггүй байлаа. Сая та нар унах машинтай ч түүнийгээ унаад явах газар байхгүй байсныг биеэр мэдэрсэн шүү дээ. Машин чинь гэр, байшингийнхаа гадаа хучаастай, гараашиндаа байвч хөдөлгөөгүй. Одооных шиг хэн дуртай нь машинаа асаагаад л тааралдсан уулын ам руу гараад чаргаар гулгачихдаггүй байлаа, тэр үед. Ганц унаа явдаг Хандгайтад автобусаар алалдан очиж гулгадагсан. Арай ойр нь Богины ам байсан юм уу, өөр газар яагаад очидоггүй байсан юм бол гэж одоо хүмүүс гайхаад байдаг юм билээ. Унаад явах машин байхгүй юм чинь юу гэж одооных шиг ар болгонд, уул болгонд очиж чадах билээ дээ.
Коммунизмын үед автобус ховор. Автобусны буудал дээр хүмүүс бээрч, аз болж автобус ирвэл тэрэндээ багтах гэж яаж “алалцдаг” байсныг сая харлаа, бид. Тэр үеийн хошин шог өгүүлэл найраглалд автобус хэрхэн ирэхгүй байгаа талаар, бас яаж шахалдан зорчиж байгаа талаар их нийтлэж нэвтрүүлдэгсэн. Саяны хэд хоног автобус байхгүй явгарахын зовлонг мөнч их үзлээ.
Тэр үед хэн дуртай нь найр наадам хийж, наргиж цэнгэж чаддаггүй байлаа. Одооных шиг хэн дуртай нь морь уралдуулаад, ургийн баяр хийж ахан дүүс, хамаатан саднаараа цуглаад байж чаддаггүй байсан юм. Хөл хорионы хэд хоногт найр, наадам хийхийг хориглосныг бүгд харцгаалаа.
Коммунизмын үед бүх сүм, хийд хаалттай, хажуугаар нь явахад ч энд тэндээс тандаж хараад явуулдаггүй байлаа. Сая бүх сүм, хийдийг хаалаа, сүсэгтнүүдийг тийш зүглээд хэрэггүй гэлээ. Тэглээ гээд хохирсон хүн амьтан дуулдсангүй. Харин шашин шүтэн эс шүтэх гэж ямар эрх байдагыг та бүхэн мэдэрч байгаа биз ээ.
Коммунизмын үед байнгын айдас хүйдэстэй амьдардаг байсан, саяны хэд хоног шиг. “Америк, капиталистууд цөмийн бөмбөгөөр довтлох гэж байна”, “Нейтроны бөмбөг хаях гэж байна”, “Тэр бөмбөг нь байшин барилгыг эвддэггүй хэрнээ хүнийг хордуулаад алчихдаг юм гэнэ”, “Өнөө маргаашгүй довтлох нь”, “Америк довтлох гэж байна”, “Хятад дайрах нь” гэсэн байнгын айдас, түгшүүр дор амьдардаг байсан. Яг тийм айдаст монголчууд сая хэд хоног автав. “Өнөө вирус нь ороод ирсэн юм шиг байна. Өнөөдөр дэгдэх нь дээ, маргааш ч дэгдэж магадгүй” гэцгээж аав ээж, ам бүлээсээ айхавтар өвчин холуур өнгөрөг гэж залбирч, айдсаа дарах гэж хичээв. Коммунизмд байсан яг тэр айдас сая хэд хоног манай нийгэмд байлаа.
Коммунист нийгэмд архи, баар, тоглоом наадгай гэдэг юм саяны хэд хоног шиг хориотой байдаг байлаа. Хэн дуртай нь бааранд архи ууж, хэн дуртай нь цахим тоглоом тоглож суух нь яг энэ хөл хорионы үеийнх шиг хориотой байсан юм. Коммунизмын үед хэдхэн сонин, телевизтэй, “Баярын мишээл” гэх зэрэг албан ёсны ганц хоёрхон нэвтрүүлэгтэй л байлаа. Харин саяны хэд хоногт нийгмийн сүлжээ гэдэг гэгээтэй ганц юм л илүү байлаа, коммунизмаас. Хэрвээ нийгмийн сүлжээг хаачихсан байсан бол яг дүрээр коммунизм болох байлаа даа.
Хэрвээ онц байдлын энэ дэглэм цаашид үргэлжилбэл зах зээлийн хуулиа дагаад хүнс ховордоно. Коммунизмын үед монголчууд маханд оочерлодог байлаа. Долоо хоногт нэг удаа мах иддэг байлаа, сүү олддоггүй байлаа. Сүү, маханд бас л “алалцдаг” байсан сан. Хамгийн хүндтэй хүн нь махны дэлгүүрийн худалдагч байсан гээд бод л доо. Хэрвээ нөхцөл байдал энэ байдлаас улам дордож хүндэрвэл яг л ийм дүр зураг биднийг хүлээж байгаа.
Тэгэхээр залуу үеийнхний магтаад байдаг коммунизм, коммунист нийгэм хүсээд байх нийгэм биш байгаа биз дээ. Ийм л нийгмээс ангижруулсан шүү дээ, Ардчилсан хувьсгал маань. Түүнээс өмнө монголчууд яг саяны хэд хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд амьдарсан шиг нийгэмд олон арван жил амьдарч байсан юм. 60-аас дээш насныхан бүгд мэдэж байгаа. Тэд “Саяны хэд хоног яг л хуучин цагийг санагдууллаа” гэж ч ярьцгааж байна. Коронавирусийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дэглэмийг муулж байгаа юм биш шүү гэдгийг дахин сануулъя.
Хуучин нийгэм чинь яг ийм л нийгэм байсан юм шүү дээ. Тэгээд ямар санагдав. Сайхан байж уу, муухай байж уу. Та нар бодоод үз дээ.
Хөл хорионы үеэр коммунист дэглэмээр нэг удаа ч болов амьдраад үзэх нь бас ч тийм муу юм биш байлаа. Дарангуйлал, диктатуртай нийгэм ямар байдгийг зах зухаас нь харуулаад л өглөө. Ямар олон эрх чөлөө эдэлдэг юм бэ гэдгийг ардчилсан нийгмийн хүмүүс ердөө анзаардаггүй нь сая та бүхэнд мэдрэгдсэн байх гэж бодож байна. Хүмүүс агаар амьсгалдгаа огт анзаардаггүй шиг л ардчилал гэдэг эрхэм үг, хамгийн хайрлан хямгадаж байгууштай зүйл гэдгийг та бүхэн анзаарсан байх аа.
 
Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан