''Оргил''-ийн Ж.Ганбаатарт ашигтай бол олон нийт эрсдэлтэй байх нь хамаагүй юу

Энэ бол явган хүний замгүй “Оргил” худалдааны төвийн баруун талын машины зогсоолийг харуулсан зураг. “Камдер” ХХК-ны эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төв хэрхэн нийтийн эрх ашгийг зөрчиж байгаагийн бодит жишээ. “Камдер” ХХК-ны  62 хувийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эзэмшдэг. Ж.Ганбаатарын хувьд УИХ-ын гишүүн болсноос хойш “Оргил” худалдааны төвийнхөө хэд хэдэн салбарыг нээсэн. Үүний нэг нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж буй БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төв. 
Худалдааны төвийн энэ хэсгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан хүүхдүүд байтугай томчууд л зорчих аюултай, хөл тавих зайгүй машины зогсоолтой. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар болон түүний нөхөд харсан ч хараагүй юм шиг явсаар байна. Нийслэл болон дүүрэг, хорооноос удаа дараа явган хүний зам гаргах шаардлага хүргүүлсэн ч “Оргил”-ынхон ашиг орлогоо бодож, явган хүний зам гаргахаас татгалзан өнөөдрийг хүрээд байна.
Тухайлбал нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн баруун талд явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байна гэх дүгнэлт гаргасан байдаг. Мөн Авто замын хөгжлийн газраас “Оргил” худалдааны төв нь явган хүний замын газрыг авто зогсоолоор ашиглаж байгаа тухай албан бичиг гаргаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан зөрчлөө арилгах талаар “Оргил” худалдааны төвийг эзэмшдэг Камдер ХХК мэдэгдэл хүргүүлжээ.
Иймээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд "Оргил" худалдааны төвийн урд явган хүний зам гаргуулж өгөөч" гэх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт хүргүүлсэн ч үл тоож, өнөөдрийг хүрчээ. Ийнхүү Ж.Ганбаатар гэх эрх дархтай босстой “Оргил” худалдааны төв иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөөр байна. Дүүрэгтээ хамгийн их хөл хөдөлгөөнтэй, хүүхэд хөгшдийн явган зорчдог хэсэгт автомашины зогсоол болгочихоод хэнэггүй царайлж суугаа эрхэм гишүүн  “Оргил”-ийн Ж.Ганбаатарт ашигтай л бол олон нийт эрсдэлтэй байх нь хамаагүй бололтой. Түүнд төр ард иргэдийнхээ төлөө тангараг өргөсөн үнэнч шударгаар ажиллах тангараг байгааг мартаагүй баймаар...

О.Онон
Эх сурвалж:Olloo.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан