Төсвөө хоёр их наядаар танаж, бодлогыг хүүгээ бууруулж байж л хямралаас мэнд гарна

Коронавирусийн тархалт цаашид хэрхэх нь тодорхойгүй гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч эхэллээ. Цэнхэр гаригийн улс орнуудын хувьд “COVID-19” илэрсэн улсууд нь халдварын тархалтыг бууруулахад анхаарч яваа бол халдвар илрээгүй улс орнууд хөл хориогоо улам чангатгасаар байна. “COVID-19” дэлхийн бүх улс орны эдийн засагт эрсдэл үүсгэсэн нь нэгэнт тодорхой болсон. Цаашид ямар эрсдэл гарахыг таамаглаж хэлэхэд хэцүүхэн зураг харагдаж буй. Хөрөнгийн зах зээл гэхэд л бүхэлдээ шокийн байдалд байгаа. Сингапурын бирж л арай дажгүй өнгөтэй яваа. Манай улсын хувьд хямрал аль хэдийнэ мэдрэгдээд эхэлчихсэн. Нүүрсний экспорт зогсоод сар орчим болсон, одоо сэргээх гээд үзээд л байна. Монголын засаг талаас бүх талын шийд гарчихсан. Хорио цээрийн үед нүүрсний экспорт хийх бэлтгэл ажлаа хангаад эхэлчихсэн. Шадар сайд, Уул уурхай хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайд нүүрс, газрын тос гардаг боомт гарцууд дээр ажиллаж байна. Зарим нь ч томилолтоо дуусгаад ирчихсэн байх. Хятадын талтай энэ сарын 15 гэхэд хилээ нээх тохироо хийчихвэл энэ сарын дундаас нүүрс, газрын тосны экспорт хэвийн явагдаж эхэлнэ. Гэлээ гээд тайвшрах цаг болоогүй. Шинэ коронавирусийн халдвараас болж дэлхийн бүх улсад үүссэн эдийн засгийн хямралаас хохирол багатай гарахын тулд хийх хэдэн зүйл бий.
Бодлогын хүүг бууруулах, төсөвт тодотгол хийх, хүнсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, хувийн хэвшлийнхнийг зээлийн хүүгээс чөлөөлөх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг хөнгөлөх гэх мэт олон алхмыг эдийн засагчид санал болгож байгаа. Эдийн засагч Б.Лхагважав бодлогын хүүг 5 хувь хүртэл огцом бууруулбал эерэг үр дүн гарч ирнэ гэсэн гарц санал болгож буй. Бодлогын хүү буувал эдийн засаг тэлнэ идэвхжинэ гэсэн тайлбар дуулддаг. Энгийнээр хэлбэл, бодлогын хүү гэдэг бол арилжааны банкууд өөрт байгаа сул мөнгөө Төв банкинд зээлүүлдэг хүү. Өнөөдөр бодлогын хүү 11 хувь байгаа. Монголбанк арилжааны банкнаас байгаа мөнгийг нь 10 хоногийн хугацаатай зээлээд эргүүлж өгөхдөө 11 хувийн хүү бодож өгнө гэсэн үг. Төв банкнаас бодлогын хүүгээ өсгөвөл арилжааны банкууд иргэн аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх шаардлагагүй болно. Энэ нөхцөлд иргэд аж ахуйн нэгжүүд арилжааны банкинд өндөр хүү төлөхөөс гадна банкууд зээл гаргахаа багасгадаг. Бодлогын хүүг өсгөснөөр банкууд Төв банкиндаа мөнгөө зээлүүлж, иргэн аж ахуйн нэгжид олгох зээлээ хумьдаг. Хар үгээр хэлбэл, арилжааны банкуудын хувьд эрсдэл өндөртэй иргэд, компаниудад мөнгө зээлснээс эргүүлж өгөх баталгаатайгаар нь Төв банкинд мөнгөө зээлээд эхэлдэг гээд ойлгочихож болно. Бодлогын хүү буувал эдийн засаг тэлнэ гээд байгаа нь ийм учиртай.
Харин эдийн засагч Н.Энхбаяр эмчийн жор шиг олон арга замыг зөв хослуулах ёстой гэж зөвлөж байна. Тэрээр “Зөвхөн бодлогын хүүгээр асуудал шийдэгдэхгүй. Гадны банкууд байгаа арга хэрэгслээ зөв ашиглах тухай ярьж байна. Монголбанк бодлогын хүүгээ 2013 онд хоёр удаа огцом буулгасан. Гэтэл 2014 онд зээлийн өрийн үлдэгдэл хурдацтай өссөн эрсдэл гарсан. Цаашлаад 2015 онд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл бас хурдтай нэмэгдсэн туршлага, түүх бидэнд бий. 2015 онд хугацаа хэтэрсэн зээл 398 тэрбумаас 853 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн” гэж байр сууриа хуваалцлаа. Бодлогын хүүгээ буулгахын тулд төсвийн тодотголыг зайлшгүй хийх хэрэгтэй гэж эдийн засагчид онцолж буй. Төсвийн зардлыг хоёр их наядаар давуулж баталсан. Давуулж баталсан энэ хэмжээгээ буцааж хасах хэрэгтэй, эдийн засаг таамаглашгүй байдалд орсон ийм цагт сумын улаан булангийн шав тавихад төсвийн мөнгийг үрэх хэрэггүй гэсэн зөвлөгөө шинжээчдийн дунд голлож байна.
Сангийн сайдын хувьд төсвийн тодотгол хийхгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Сангийн сайд энэ талаар ганц удаа ч хэлээд байгаа юм биш. Бүр өөрөө тоолж байгаад дөрвийн дөрвөн удаа ингэж мэдэгдсэн.
Сонгууль болоход хэдхэн сар дутуу учраас төсөвт тодотгол хийхгүй нь бараг үнэн байх. Сонгуулийн дараа нам ялаач уу үгүй юу, сэнтэглэж улсаа боддог шударга хүмүүс болж төсвийн тодотгол хийж гайхуулж байж уначихвал яах юм гэсэн айдас болгоомжлол энэ засгийн газрыг хүлчихээд хөдөлгөхгүй байна. Тэгж баларч байснаас ёстой нөгөө “сүх далайтал үхэр амар” гэгчээр энэ чигээрээ зүтгэсээр байгаад, ард түмэндээ соёлын төв барьж өгдөг өгөөмөр сэтгэлтэн байсаар байгаад эцсийг нь үзэхээр зүтгэх биз.
Ингээд харахаар наадмын дараа бүрдэх Засгийн газарт асуудлын хүнд нь буух болов уу. Төсөвт тодотгол хийхгүй нь бараг л тодорхой учраас бодлогын хүүг бууруулах орон зай байхгүй гэсэн үг. Харин сонгуулийн дараа өөрсдөө засаг барьчихвал юу гэж хамаагүй худал ярьсаар байгаад төсөвт тодотгол хийнэ гэж бодож байгаа биз.
Энэ хооронд эдийн засаг муудвал хохирох хүмүүс нь энэ Засгийн газарт ажиллаж байгаа сайдууд биш, жирийн ард түмэн л хохирч дуусна. Тэд татвараа ч төлж дийлэхээ болиод дампуурах биз. Одооноос ч тийм байдал мэр сэр үүсчихээд байна. Гэвч энэ талаар санаа зовж байгаа ганц ч сайд байхгүй. Сангийн сайд бол бүр ч тоохгүй байгаа гэдгийг төсөв тодотгохгүй гэж ганц биш дөрвөн удаа мэдэгдэж байгаагаас харагдаж байна. Тэгвэл дэлхийн эдийн засаг ямар алхам хийж байгаа вэ. Тэд аль болох эдийн засгаа тэлэх бодлого баримтлах төлөвтөй байна. Америк л гэхэд бодлогын хүүгээ бууруулна гэж байгаа дуулдсан.
Уг нь эдийн засагт гэгээ авчрах ганц таатай мэдээ нь Таван толгойн IPO байсан ч коронавирусээс үүдэлтэй хөрөнгийн зах зээлүүдийн бужигнаан, дотоодын улстөржилт саад учруулах нь бараг л тодорхой болчихлоо. Тэгэхээр одоо ганц л гарц байна. Алтны салбараа дэмжиж, алт олборлолтоо өсгөх.
Алт олборолтоо өсгөнө гээд ярьчихаар л өсчихдөг юм биш л дээ. Ингэхийн тулд алтны татвараа буулгаж хуучин хэвэнд нь аваачих, алт тушаалтыг либерал болгох гэх мэтийн ажлууд маш их бий. Алтны татварыг өсгөх үед уул уурхайн сайд ийм байдалд хүрнэ гэж олонтаа хэлж байсан ч түүнийг тоосон хүн байгаагүй.
Алт тушаалт буурах юм бол хууль цаазаар арга хэмжээ авна гэж том том юм яриад байсан боловч хэн ч одоо тэрнийг санахыг хүсэхгүй байна. Алт тушаалт буурдагаараа буураад, олборлосон алт гадагшаа урсдагаараа урссан хэвээрээ байгаа.
 
Ц.Баасансүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан