Шинэ үг шинэ ойлголт, шинэ үзэл санаа тээсээр амьдралд орж ирдэг. Монгол хэл ХХ зуунд урьд үзэгдээгүйгээр их баяжиж эхэлсэн байдаг юм. ХХ зууны эхнээс үүдээ хагас ч болов нээсэн монголчуудын нүд мөн л хагас ч болов нээгдэж эхэлсэнтэй холбоотой. Хагас гэдэг нь цонхтой болох нь болсон ч зөвхөн хойшоо харсан ганц цонхтой болсныг хэлж байна. Сүүлийн үед “Оргүйд орвол охинтой гэгчээр” гэдэг ардын үгнээс жендергүй байдал ханхлах болсон гэх тул “чамлахаар чанга атга” гэдэгтэй зүйрлэсэн нь дээр байх, энэ явдлыг.
Ялангуяа, 1921 оны ардын хувьсгалын араас өрнөдийн болон марксист нэр томъёонууд олноороо орж иржээ. Эхэн үедээ жирийн ардууд түүнийг монголчлон дууддаг байсан ажгуу. Зарим нь бүр “Хонинтээрэм (Коминтерн), “Хоносон хомоол”(Комсомол) “Илээч багш”(Ильич) гэхчлэн монгол үг рүү холбирон хувирч эхэлжээ. Цоо шинэ монгол үг болж “цүнх”( сумка), “харандаа”(карандаш) мэтээр орсон нь ч байна. Монгол орчуулгаа араас нь чирсэн “сойл –давс”(соль), “мээл шохой”(мель) гэх хэллэг ч үүсэв.
Бүх нийтээр бичиг үсэгтэй болсноос хойш эдгээр үгсийг орос хэлний бичлэгээр тэмдэглээд монголоор дуудах болж. Пропуск гэж бичээд пороомсог хэмээн ярина. Оростой ижил үсэгтэй учраас энэ нь амар байлаа. Шинэ ч юм биш, уйгаржин монгол бичигт гадаад үсгийг тусгай галигаар тэмдэглэн бараг л тухайн хэлний дүрмээр бичдэг уламжлалтай байв. Ухаандаа “таваар” гэж дуудах боловч “товар” гэж бичсээр ирсэн гэсэн байдаг.
Шинэ үг нутагших явц хоёр чиглэлээр явсан шиг байгаа юм. Жирийн олон түмэнд хүртээлтэй үг хэллэгүүд ихээхэн монголчлогдож, харин нарийн мэргэжлийн хүрээнд бол гадаад хэвээрээ үлдэж гэж болмоор. Олон нийтийн хэрэглээнд түгсэн машин тэрэгний эд анги л гэхэд таранбүлүүр, ноцоосог, амаржийнэ, бярдаа дийсэг, аржаатар, хярлаа, сэвчээнэ, хунляатар, паржээгтар болон үлдэж. Эндээс ноцоосогдох, амаржийлах гэсэн хэнд ч ойлгомжтой үйл үг нэвтэрчээ.
Зүйр цэцэн үгэнд хүртэл “Нүүр гэж аржаатар, нүд гэж паржээгтар, хумс гэж автийрак, хуруу гэж...” хэмээн оржээ. Явсан газраа сонирхуулсан “Таван тоннын машинаар Тамсаг булаг паяахал (поехал буюу явах)”, орос жолоочид зам зааж цээжлүүлсэн гэх “Өглөө эндээс паяахал, Өндөрхаан тооромсог” гэж наргиа шүлэг ч гарсан байх жишээний.
Харин, нарийн мэргэжлийн инженер, мэргэжилтний хүрээнд хэрэглэгддэг техникийн нэршил бараг л цэвэр гадаад дуудлага, бичлэгээрээ үлдсэн нь толь бичиг зохиогчдод тод ажиглагдана. Онгоцны далавч, их бие гэсгээд л монгол үг, монголжсон дуудлага цөөрөөд ирдэг. Штурвал, фюзеляж гэвэл энэ салбарынхан сайн ойлгоно. Хэрвээ онгоц нь машин тэрэгний нэгэн адил бүх нийтийн хэрэглээ байсан бол “гүйлтийн зурвас” гэхийн оронд “Онгоц явгалах зам” хэмээх байсан буй заа.
Яг л энэхэн мөчид
Өөдсөн чинээ шувуухай
Явгалах, нисэх хосолсоор
Түүдгийн дэргэд ирлээ
гэсэн шүлэг уншиж байсан уу. Н.А.Некрасовын “Орост хэн жаргалтай вэ” найргийн орчуулга л даа.
Харин 2019 оноос оноос манайд Электорат гэдэг үг хэллэг орж ирлээ. Цоо шинэ үгийг түүнтэй төсөөтэй хуучин үг хэллэгтэй уяж тогтоодог ёсон бий. Монголчуудын сайн мэдэх электрод буюу цахилгаан гагнуурын харандаатай төстэй дуудлагатай учир манайхны зарим нь “өнөө электродтой адилхан чинь юу билээ” хэмээн санах ойндоо хадгалсан гэсэн. Бас их сургуулийн удирдлагыг заах “Ректорат”-тай төсөөтэй байдлаар нь цээжилсэн ч хүн байсан. Ер нь бол манайхан сонгууль гэдэг англи үгийн язгуураас гаралтай, Америкт төлөөлөн сонгогч нарыг нэрлэдэг хэллэг гэдгийг мэдэх билээ.
Шинэ үг, шинэ үзэл санаа хоёр хамт явдаг тэр л жамаар “Электорат”-ыг дагаад шинэ ойлголт, шинэ эрмэлзэл бий боллоо. Монголчуудын санаачилсан Электорат хөдөлгөөн бол сонгогчдийн хөдөлгөөн. Өмнөх сонгуулиудад “хүнээ сонгуулах зорилготой нам, эвсэл”, “өөрийгөө сонгуулах уриатай бие даагч” нэг талаас гарч ирдэг. Тэдний сонирхол нь “зөвхөн өөрийн намыг болон зөвхөн өөрийгөө сонгуулах” явдал байх.
Харин нөгөө талд байгаа сонгогчид болохлоор ихээхэн хязгаарлагдмал боломжтой. Гагцхүү “зөвхөн өөрийн хүмүүсээ санал болгосон нам”, “зөвхөн өөрийгээ санал болгосон нэр дэвшигч”-ийн явцуу хүрээнд саналаа өгөх л боломжтой. Ардчиллын гучаад жилд “сонгогч бид ийм л хүмүүсээр бүрдсэн парламенттай баймаар байна” гэсэн хувилбар гаргаж ирэх бололцоогүй явсан гэсэн үг.
Сонгогч бид сонгох эрхтэй атлаа өөрсдийн дуртай хүнээ дэвшүүлэн гаргах бололцоогүй ийм байдлыг сөргүүлэн Электорат хөдөлгөөн байгуулагдсан байдаг.
Электоратыг санаачилсан, байгуулсан хүмүүсийг энд дурьдах нь илүүц биз. Гол нь тэд өөрсдөө нэр дэвшихгүй, сонгуулийн дараа дэмжсэн хүнээсээ өр нэхэхгүй гэсэн зарчимтай. Иим учраас сонгуулийн маргааш Электорат хөдөлгөөн татан буугдах юм байна.
Улс орныхоо засаглалын нүүр царайг солих, үндсээр шинэчлэх зорилготой учраас одоогийн гишүүдийг дахин нэр дэвшвэл дэмжихгүй гэсэн уриатай. Сонирхолтой нь, Электорат хөдөлгөөнийхэн “Хэн нэгний эсрэг ажиллахгүй” гэсэн тунхагтай. Тийм болохоор “Энэ намыг л зайлуулчихвал жаргах гээд байна, тэрийг л сөнөөчих юм бол учиртай” гэхчлэн зүхэж давхихгүй бололтой. Энэ нь муу муухайтайгаа эвлэрээд ч байгаа хэрэг биш. Бид бүгдээрээ шавар намагт унасан тухай, хэн ийш нь унагасан байж болох тухай зөндөө ярилаа. Харин одоо шавраас хэн гаргах, хаагуур гарахаа л яриад, үлдсэн найдлагаараа жигүүрлээд ухасхийвэл яасан юм бэ гэсэн санаа.
(Угаасаа, МАН, АН намын жолоодлого “зөв гэхийн аргагүй” бүлэглэлд булаагдчихснаас биш, манай орны хамаг хөгийн гарууд нийлээд нэг саванд орчихсон ч юм биш. Жирийн шударга, зарчимдаа үнэнч гишүүд нь тус тусын намаа эргүүлж авч л таарна, ер нь бол)
Шинжлэх ухаан, урлаг соёл, нийгмийн салбарын нэрт зүтгэлтнүүд, гол төлөв ахмад үеийнхэн маань нэгдэн нийлж “нэр төр, итгэл үнэмшлээ нэг удаа эх орондоо хамтдаа зориулаад үзье” гэсэн эрмэлзлэлээр “Зөв хүнээ дэмжих Электорат хөдөлгөөн”-ийг байгуулжээ. Шавар намгаас хамтдаа гарахын тулд зөвхөн амбан шар нь зүтгэх бус, бүхий л сүргээрээ зүтгэх учиртай гэсэн логик логик юм уу даа.
Сонгуульд зөвхөн нам эвсэл болон бие даагчид өрсөлддөг хуультай. Олон нийтийн хөдөлгөөнөөс нэр дэвшинэ гэж байхгүй. Иймээс нам эвсэл, бие даагч ялгаагүй хандаж, тэр дундаас “зөв хүн”-ийг олж дэмжинэ гэсэн байна. Электорат хөдөлгөөн гишүүдийнхээ хүрээнд болон олон нийтийн дунд сүүлийн хоёр жилийн дотор судалгаа хийж хэдэн зуун “нэр дэвших боломжтой”хүний нөөцтэй болсон юм.
Тэдгээр хүмүүсийг олон түмэн “Зөв хүн” гэж үзэж, манай төр засгийг авилга жидүүгээс салган эрүүлжүүлэхэд үнэнчээр зүтгэж чадах байх гэж олон түмэн үзсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Сонгогчид өөрснөө нэр дэвшүүлж байгаа” гэж үзсэн ч болно.
Тэдний дотор өнөөгийн АН, МАН-ы гишүүд, тэндээс нэр дэвших боломжтой залуус ч олон байв. Бас удирдлагатайгаа таарамжгүй гэх шалтгаанаар намаасаа шахагдагсад ч үзэгдэнэ. Бас ХҮН, Социал демократ гэхчлэнгийг бусад намын залуус ч олноороо харагдана. Электоратын судалгаанаас тодорсон зарим нь бие даахыг эрмэлзэж байгаа аж. Удахгүй болох сонгуульд Электорат-ынхан аль намын хэнийг "Зөв хүн" гэж, аль эвслийг “Зөв хүнтэй” гэж дэмжихийг харах л үлдлээ. Элэгтороод, Эрихртаат гэсэн ч болох “Электорат” ийм учиртай ажгуу.
Б.Цэнддоо
Эх сурвалж: baabar.mn