-АТГ: “КАПИТАЛ” БАНКИЙГ БИТҮҮМЖЛЭЭГҮЙ, БИЧИГ БАРИМТ ХУРААЖ АВСАН-
“Чингэлтэй дүүрэгт байрлах Капитал банкны төв байрыг АТГ-аас битүүмжлэн шалгаж байна” гэх мэдээлэл өнгөрөгч Баасан гарагаас эхэлж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тодруулбал, АТГ болон Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгалт хийсэн байдаг.
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн гэх “Бишрэлт” группийн харьяа “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаныхан шалгаж буй юм байна. Хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн авсан зээлтэй холбогдуулан “Капитал” банканд шалгалт хийж байгаа аж.
Энэ талаар АТГ-аас өгсөн мэдээлэлд “Капитал” банкийг битүүмжилсэн асуудал байхгүй. Харин үзлэг нэгжлэг хийж, бичиг баримтууд хураан авсан. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгөөд буй. Эх сурвалжийн мэдээллээр, прокурорын зөвшөөрлийн дагуу санхүүгийн шалгалт оруулж арванхоёрдугаар 15-ны шөнө холбогдох албан тушаалтнуудыг түр саатуулсан байж болзошгүй. Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармааг ЖДҮХС-аас зээл авч, “Капитал” банкаар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа гэжээ.
-КАПИТАЛ БАНК САНАА ЗОВНИСОН ХАРИЛЦАГЧДАДАА БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙГААГ ХЭЛЖ БАЙНА-
Яг одоогийн байдлаар Капитал банкны төв байрны хаалга нээлттэй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа аж. Тус банкаар үйлчлүүлж байгаа харилцагч иргэдийн зарим нь "танай банканд хадгаламж нээлгэсэн, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа юу, гайгүй биз дээ" хэмээх асууж байв. Иргэдийн санаа зовнисон асуултад банкны ажилтнууд “манай банкны үйл ажиллагаа ямар нэгэн доголдолгүй хэвийн явагдаж байна. Банкийг хуулийн байгууллагаас хааж битүүмжилсэн зүйл байхгүй. Хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр гараад байгаа шиг үйл явдал Баасан гарагт болоогүй” хэмээн үгүйсгэсэн хариултыг өгч байлаа.
Мөн тус банк өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд тархаад буй Капитал банк нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг зориулалтын бусаар буюу банк өөрөө ашиглаж байгаа мэтээр ТББ, аж ахуй нэгжийн гаргаж буй гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл гарч хийж байна. Капитал банк нь 2012-2015 онуудад жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэдэд зээлийг олгосон. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Капитал банкны жижиг, дунд бизнес эрхлэгчид болон иргэдэд зээл олгодогийг мушгин гуйвуулж банкны нэр хүндэд халдах, олон нийтийн төөрөгдүүлэх үзэгдэл хэрээс хэтэрч байгаад харамсаж байна” гэжээ.
Medee.mn