
АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл, И.Нарантуяа нь 2012 онд 10 сая төгрөгийн орлогтой байсан бол 2014 онд 25 сая бол өссөн байна. Харин гэр бүлийн орлого нь 2012 онд 916.6 сая төгрөг байсан бол 2014 онд 139.5 сая болж огцом буурсан байгаа юм. Яагаад гэдэг нь тун хачирхалтай. Харин нийт 19.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий найман үйлчилгээний барилга, нэг орон сууцтай гэсэн бол “Ханталст”, “Хурдны зам”, “Төв эрдэнэ сант”, “Булнайн түшиг” гэсэн компаниуд болон гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэжээ. Гэтэл бүлийнх нь эзэмшлийн компаниудын нэг болох “Ханталст” компанийн ухсан нүхэнд тогтсон уснаас болж дөрвөн хүүхэд амь насаа алдаад байна. Угтаа бол хүүхдийн төлөө байгууллагыг нэгэн үе толгойлж, удирдаж чиглүүлж явсан хүний хувьд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах тал дээр зөвлөөд заагаад, анхааруулчих сэтгэл И.Нарантуяад байх учиртай. Гэтэл нүдэн балай чихэн дүлий байж, зөвхөн амин хувийн ашиг хонжоо харж өдийг хүрснээс болж гурван гэр бүл үе залгамжлах нуган үрсээ алдлаа.
Одоогоос тав орчим жилийн өмнө дөрвөн настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарах үед И.Нарантуяа хатагтай Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байв. Тухайн үед тэрбээр “Эрх зүйн орчин болохгүй байна. Нэн яаралтай хуулиа өөрчлөх хэрэгтэй” гэх супер гэмээр хариулт хэвлэлд өгч байсан. Нэг ёсондоо “Хийх хүнд боломж дүүрэн, хийхгүй хүнд шалтаг дүүрэн” гэгчээр хууль гарахгүй байна гэдэг шалтгаар өөрийгөө арагцайлсаар дараагийн сонгуультой золгосон. Ингэхдээ УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр АН-д 888888 төгрөг хандивлаж, ирэх сонгуульд амжилт дагуулцгаая гэж уриалсан. Гэвч тойргийнх нь иргэд түүнд итгэл хүлээлгээгүй. Тиймдээ ч улс төрөөс холуурхан байж, намын арын ажлыг гүйцэтгэж байна. Ийнхүү нэгэн үе хүүхдийн төлөө байгууллагыг толгойлж явсан хүний эзэмшлийн компаниас болж дөрвөн хүүхэд нар хорвоогоос халилаа. Гэтэл ар гэрийнхэнтэй холбогдож, уучлалт гуйх нь битгий хэл ядаж монголчуудаас ч уучлалт гуйсангүй. Хүн шуналтай байж, эд хөрөнгө хурааж болно. Гэхдээ бусдад гэм хор хүргэхгүйгээр шударга байх ёстой атал И.Нарантуяа, Ш.Бат-Энх нарт бизнесмэн, улстөрч хүний жаахан ч ёс зүй байсангүй. Тиймдээ ч төрийн шийдвэрийг үл ойшоож, дур мэдэн газар ухаж, барилга барьснаас болж бяцхан үрс ийн хорвоогоос халилаа. Бүхэл бүтэн 19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юм гэж үү???. Ийм л ёс зүй, үзэл баримтлалтай хүн хүүхдийн төлөө байгууллагыг толгойлж, хөрөнгөөр нь туйлж ирж. Түүнд болоод түүний гэр бүл төрийн албанд дахин залрах эрхгүй. Тэд дөрвөн бяцхан үрсийн амийг насаараа төлөх ёстой гэмтнүүд. Энэ бол цор ганц үнэн.
Г.Нацаг
Эх сурвалж: 24tsag.mn