Судлаач Ганаа: Мишустины бүтээсэн татварын систем


М.В. Мишустин “зүгээр байж” байгаад ОХУ-ын Ерөнхий сайд болоогүй юм. Тэрээр ОХУ-ын Татварын Албаны даргаар олон жил ажиллахдаа татварын системийг бүрэн шинэчилж дэлхийд гайхагдах амжилт гаргасан. Энэ удаад Ерөнхий сайд Мишустины тухай биш, харин ОХУ-ын Татварын Албыг шинэчилсэн Мишустиныг ярьж байна. Тэрээр олон нийтийн өмнө тэр болгон үзэгдээд байдаггүй. Чимээгүй хийж, чимээ шуугиангүй их үр дүнд хүрэхийг эрмэлздэг. Мишустины хийсэн татварын шинэчлэлтийн талаар “үй түмэн юм” байгаа боловч маш товчоор өгүүлье. Манайд бол шууд хуулсан ч болно гэж бодож байна. Мөн бүгдээрээ уншаасай гэж хүсч байна…     
 
1. Татварыг “тоон болгосон” 
Өмнө нь ОХУ-ын татварын системийг юутай адилтгадаг байсан бэ ?  Байнгын оочер, байнгын алдаа, бөөн гомдол, буруу зөрүү зүйл. Одоо ч гэсэн энэ дутагдлаас нэлээд үлдсэн. Зарчмын хувьд төгс байгууллага гэж байхгүй, яагаад гэвэл хүний хүчин зүйл үйлчилдэг. Гэхдээ л ОХУ-ын Татварын алба уг сууриараа өөрчлөгдсөн. Мишустины номлосон үндсэн зарчим бол хүн шалгуулах замыг мартах ёстой. Одоо бол бүгдийг алсаас хийдэг болсон: татвараа төлнө, өмчийн үзүүлэлтээ (параметр) тогтооно, алдааныхаа учрыг олно г.м. Энэ бүхэн цагийн механизм шиг ажиллахгүй л байгаа. Гэхдээ л 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хамаагүй дээр болсон. 
 
2. Хулгайлахыг зогсоосон 
Одоо бол татвар төлөх амархан, харин татвараас зугтах ихээхэн хүнд болсон. Ялангуяа олон тэрбумаар хулгайлдаг баагийнуудад тун хүнд болсон. ОХУ-ын татварын системд хамгийн их хулгайг нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ) хийдэг байсан. Энэ бол маш түвэгтэй татвар юм. Хулгайлах бүдүүвч хэд хэдэн янз байсан. Голдуу нэг “өдрийн фирмийг” ашиглаж буруу гарын гүйлгээ хийдэг байв.
 
Улсад төлөх өрийг “нэг өдрийн фирм” хүлээх ба харин эзэд нь “алга болдог” байв. Үр дүнд нь энэ бүдүүвчийг зохион байгуулагчид асар их мөнгө хэмнэдэг байлаа. Харин Мишустин Татварын хяналтын автоматжуулсан бий болгов. (оросоороо АСК НДС). Ингээд бүх данс баримтыг ерөнхий суурь өгөгдөлтэй болгов. Хэрэв компани ямар нэг зүйл ачаалаад татвар төлөөгүй бол энэ ялгааг татварынхан шууд мэдэх болжээ.
 
Үүний үр дүнд сэжигтэй гүйлгээний хэмжээ нийт гүйлгээний ердөө 0,6% болтлоо буурав. 3 жилийн өмнө бол сэжигтэй гүйлгээ нийт гүйлгээний 8%-ийг эзэлдэг байсан, түүнээс өмнө бүр ч их байсан.    
 
3. Татвар цуглуулалтыг нэмэгдүүлэв               
Хатуу хяналт үр дүнгээ өглөө. “Баян тансаг” жилүүдтэй харьцуулахад Оросын татварын хувь бараг өөрчлөгдөөгүй байхад татвар цуглуулалт хэд дахин нэмэгдэв. Бодоод үз дээ: хамгийн таатай 2008 онд Холбооны төсөв 4 триллион рубль, харьцангуй муугүй 2010 онд 3 триллион рубль байв. Харин Мишустины ачаар өнгөрсөн жил 12 илүү триллион болов. Чингэхдээ энэ үеүдэд эдийн засгийн хэмжээ бараг өөрчлөгдөөгүй, харин ч нефтийн үнэ хоёр дахин багассан (100$ байснаа 60$ болов). Инфляци ч бас байсан, гэхдээ л юмны үнэ 2 дахин л өссөн байхад улсын сан 3-4 дахин өссөн дүн гарсан.
 
4. Онлайн касс гаргаж, шалгалтын тоог цөөрүүлэв. 
Бүх нийтээр “тоожуулах” чиглэлд хийсэн дараагийн алхам нь онлайн-кассыг нэвтрүүлсэн явдал байв. Онлайн-кассыг 2 жилийн өмнөөс олноор нь байршуулж эхэлсэн. Мэдээж хэрэг үйлдвэрлэгчид гомдол санал гаргаж байв. Гэхдээ л кассын хажуугаар нууц гүйлгээ хийх маш хүндрэлтэй болсон. Харин ч ажил хийхэд нэн тохиромжтой болов. Одоо бол бүх мэдээлэл татварын албанд ирнэ. Энэ аварга их өгөгдлийг эдийн засгийн анализ хийхэд ашиглаж болно.
 
Ингээд байн байн шалгах шаардлагагүй болов. Одоо татварын байцаагч нар сэжиг бүхий тайланг л харж анхаардаг болсон. Үр дүнд нь татварын шалгалтын тоо хэмжээ хэдэн арваас хэдэн зуу дахин багассан.
 
5. Өөрөө ажиллагсдыг татвартай болгов 
Энэ бол Татварын албаны хамгийн либерал алхам юм. Өнгөрсөн жилээс Москва, Москва болон Калуга муж, Татарстан гэсэн 4 газарт энэ туршилтыг эхэлсэн. Ганцаараа ажиллаж, “саарал орлого” олдог дурын хүн гар утсандаа хавсралт суулгасан. Ингээд тэр захиалагчдаас хэдий хэрийн мөнгө олж байгаагаагаа өөрөө мэдэж “бөглөдөг” болсон ба татварт нийт орлогынхоо 4 буюу 6%-ийг төлдөг болов. Ямар ч тайлан байхгүй, мөн татварын албаны зүгээс ямар ч шалгалт хийхгүй. Бүх зүйл харилцан итгэлцэл дээр үндэслэх болов. Эхэндээ мэргэжилтнүүд энэ санаа үл гүйцэлдэх зүйл гэж үзэж байв. Гэвч эрүүл ухаантай хэн боловч татвараа төлөх нь зүйн хэрэг. Үр дүнд нь өөрөө ажиллагсад улсын төсөвт 1 миллиард рублийн татвар төлжээ. Одоо энэ системд 300 мянган өөрөө ажиллагч хамрагдаад байна. 2020 оны 7 дугаар сарын 1-ээс энэ системийг ахиад 19 муж газарт нэвтрүүлнэ.   
 
    
Судлаач Х.Д.Ганхуяг.Эх сурвалж: ganaa.mn блог Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу? 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан