Тарваган тахал “Ковид-19”-өөс ч аюултай”


Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар,  Нийслэлийн байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар  өчигдөр мэдээлэл хийлээ. Нийслэл хотын хэмжээнд 125 удаагийн техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдэж, өчигдрийн байдлаар аврах ажиллагааны гурван дуудлага мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн XX хороо Гачууртын эцэст сүмийн хажууд Туул голын усанд 25 настай эрэгтэй живсэн байдалтай олджээ. Тэрээр тус хорооны “Минж үржүүлгийн гарам” гэх газарт найзуудтайгаа амарч, зугаалж явсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй юм. Мөн Хан-Уул дүүргийн X дугаар хороо Нисэхийн оршуулгын хойд хясаан дээрээс автомашин өнхөрч унасан, дотор нь хүнтэй байсан гэх дуудлагыг 11:42 цагт хүлээн авчээ. Хэргийн газар дээр очиход тус хорооны оршин суугч, 24 настай эмэгтэй машинтайгаа уулын уруу онхолдсон байсанд машиныг нь татаж босгон эмэгтэйн амийг аварсан байна. 
Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Хэрлэн голын усны түвшин 10-20 см-ээр нэмэгдсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын албан хаагчид  Туул, Хэрлэн гол дагуу 09:00-21:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийг явуулж байна. Эргүүлийн үр дүнд 51 иргэнийг усанд осолдохоос аварсны 46 нь том хүн, тав нь хүүхэд байжээ. Иргэдэд зөвлөмж өгч, анхааруулж байгаа боловч усанд осолдох, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарч байна. Он гарснаас хойш 22 хүн усанд осолдсоны долоо нь бага насны хүүхэд байна. Тухайлбал,  энэ сарын 14-ний өдөр Налайх дүүргийн I  хороо Энгэр Шандын задгайд Туул голд 11 настай хүүхэд живлээ гэсэн дуудлага хүлээн авснаас хойш өчигдөр ес дэх өдрөө эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн ч  харамсалтай нь цогцсыг олоогүй байна. Энэ хүүхэд эцэг эхтэйгээ амарч байгаад усанд осолджээ. Тиймээс аялж зугаалахдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг ОБЕГ-аас анхааруулж байна. Мөн өчигдөр гал түймрийн байшин нэг, гэр нэг, машин нэг шатсан дуудлага хүлээн авчээ.

Манай улсын баруун аймгуудад тарваган тахал гарч, хүүхэд нас барсантай холбогдуулан нийслэл хот руу орж гарах тээврийн хэрэгслийн хяналт, шалгалтыг чангатгажээ. Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн онцгой комиссын даргын энэ сарын 17-нд өгсөн "Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах" үүргийн дагуу нийслэлийн шалган нэвтрүүлэх пост болон зургаан цэгт Тээврийн цагдаагийн албаны 32 албан хаагч, НОБГ-аас 18 нийт 50 албан хаагч 22 техник хэрэгсэлтэйгээр шалгалт явуулж байна. Энэ хугацаанд нийслэлд 26 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч, 22 мянган тээврийн хэрэгсэл гарсан байна. Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй мал, амьтан тээвэрлэх, хууль бус мод тээвэрлэх гэсэн 900 орчим зөрчил илрүүлжээ. "Тарваган тахал “Ковид-19”-өөс ч аюултай. Тиймээс хүн амын тал нь амьдардаг хот руугаа энэ өвчнийг оруулж ирэхгүйн тулд хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм. Харин Нийслэлийн байгаль орчны газарт амьтны талаарх 15 дуудлага ирсний хоёр нь үхсэн тарвагатай холбоотой байжээ. Дээрх хоёр тарвагыг ЗӨСҮТ-д хүргүүлсэн. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. НБОГ нь зэрлэг ан амьтан осолдож, гэмтсэн дуудлагыг хүлээн авч, бэртэл гэмтэлтэйг нь эдгээгээд байгальд тавьдаг. Тиймээс үхсэн, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал ойртолгүй, шууд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Нийслэлийн эрүүл мэндийн газраас  тарваганы мах, түүхий эдийг хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, мэрэгч амьтанд хүрэхгүй байхыг зөвлөлөө. Энэ талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр  “Бид тарваган тахлын сэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэл рүү оруулахгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарваган тахлаас урьд­чилан сэргийлэх вакци­ныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн. Мөн урьдчилан сэргий­лэх зорилгоор эмч, мэргэ­жилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг эхлүүлсэн" гэсэн юм. Мөн Булган аймгийн Баян-Агт, Орхон сум, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Архангай аймгийн Ихтамир сум нийт гурван аймаг, дөрвөн суманд галзуу өвчний дөрвөн тохиолдол бүртгэгдэж хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24  БААСАН № 141 (6366)
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан