Идээчин угаачингууд өөрсдийгөө өмөөрснөөрөө намынхаа нэр хүндийг улам л унагана гэдгээ сайн ойлгох хэрэгтэй

УИХ-ын дарга М.Энхболдийн тухайд хэлэхэд энэ хүн хар багаасаа улс төрийн тогоонд чанагдаж эхэлсэн хүн байдаг. Тэрээр хамгийн анх намын анхан шатны байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн хүн юм билээ. Тэгж явсаар намын удирдах албан тушаалд очиж, яваандаа хотын дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан. Өдгөө тэрээр Монгол улсын УИХ-ын даргын албыг хашиж байгаа. М.Энхболдын хувьд хэдийгээр албан тушаалд дуртай хүн мэт боловч улс төрийн амьдралыг нэлээдгүй сайн мэддэг хүн. Зарим хүмүүс энэ хүнийг асар ихээр үзэн яддагыг бид бүхэн сайн мэднэ. Газрын наймаагаар баяжсан хүн гэж олон хүн түүнийг үзэн яддаг.
Тэрээр өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 30-нд захирамж гаргаж ээлжит бус чуулган зарлаж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Энэхүү чуулганаар хэлэлцсэн гол асуудал нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал байлаа. Чуулганы сүүлчийн өдөр МАН сонгуулийн үр дүнд байгуулсан Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулаад тарж байсан бөгөөд огцруулах шийдвэрийг МАН дотроосоо гаргаж, байсан нь үнэн юм.
Харин одоо өнөөх 60 тэрбумын гэх дуулиант бичлэгээс болж УИХ-ын дарга М.Энхболд унаж босох дээрээ тулаад байна. Түүнд үзүүлж буй энэхүү дарамт шахалтыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна МАН-ын нэр бүхий хэсэг бүлэг гишүүд үзүүлж байгаа бөгөөд хэрвээ УИХ-ын дарга М.Энхболдыг ойрын хугацаанд огцруулвал түүний карьер нэг мөсөн сүйрэх болно гэдгийг тэд маш сайн ойлгож байгаа. Өнөөдөр М.Энхболд гэдэг хүн МАН-ын дарга биш болсон. Нэг үгээр хэлбэл тэрээр намын дарга биш болохоор түүний намд нөлөлөх хүчин чадал нь бага гэсэн үг. Бас түүнийг одоо хэн ч өмөөрч чадахгүй.
Ямартай ч түүний оролцсон алдарт 60 тэрбумын бичлэг нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн учраас М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өвдөг шороодсон нь яахийн арга үгүй үнэн бөгөөд тэрээр өөрөө ч үүндээ маш их шаналж бухимддаг байх. 60 тэрбумынхан өөрсдөө болохоор уг бичлэгийг өмнөх хурлуудын яриануудыг нийлүүлж эвлүүлсэн бичлэг гэж ярьдаг ч түүнд нь итгэх хүн тийм ч их байхгүй нь ойлгомжтой юм.  Харин АТГ болон прокурорынхон болохоор уг бичлэгийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэдэг үгээр хаацайлж даарин дээр нь давс нэмэн ард түмний уур бухимдлыг маш ихээр төрүүлсэн бөгөөд өдгөө уг хэргийг тагнуулын байгууллагаас дахин сэргээн шалгаж байгаа.
Магадгүй энэ нь МАН-ынхний хувьд ирэх 2020 оны сонгууль болоход жил хагасын хугацаа үлдсэн энэ чухал цаг үед хэрэгтэй ч  байж  мэдэх юм.
Энэ бүхний эцэст дүгнэж хэлэхэд М.Энхболд болон түүний багийнхан өөрсдийгөө ингэж их өмөөрч хамгаалах нь өөрт нь болоод намынх нь нөхдөд нь асар их хортой бөгөөд тэд хэчнээн өөрсдийгөө өмөөрөөд тэд нарт дахин итгэл хүлээлгэх хүн одоо бараг байхгүй болсон  гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Тэгсэнд орвол УИХ-ын дарга М.Энхболд намынхаа гишүүдийн шаардлагыг үг дуугүй хүлээж аваад УИХ дээр нээлттэй сонсгол хийж, хуулийн байгууллагуудын дүгнэлтийг сонсон, албан тушаалаасаа сайн дураараа огцорвол өөрт нь хэрэгтэй  бөгөөд хэрвээ энэ чигээрээ байгаад байвал намын гишүүдийнх нь итгэл ийм сул байгаа өнөөгийн нөхцөлд эрх баригч МАН-ынхан ирэх 2020 оны сонгуульд ялалт байгуулна гэдэг тун бэрх байх болов уу гэсэн л нэг л дүгнэлтийг хийж болохоор байна.

Ж.Батдорж  
 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан