Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дахин хойшлогдлоо

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч есдүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч гэм буруугийн шүүх хурал нэг удаа хойшилж, өнөөдөр 10:00 цагт товлоод байсан юм.
Гэвч Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг хүргүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус гаргажээ. 
Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д /шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй;/ зааснаар шүүх хуралдааныг 2020 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хяанан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлээд байгаа юм.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан