БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ

Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын Шу Хуй Хуан нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. 
БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/ нарт зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, залилах гэсэн заалтаар, Нарсу /Narisu/, Хуан Шин Бин /Huang Shibin/, Лиан Жү Фөн /Liang Ju Feng/ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутад товлон хуралдав. Улмаар хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр өнөөдөр /2020.11.11/ хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.
Гэхдээ шүүгдэгч нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Хэргийн тухайд, БНХАУ-ын харьяат Шу Хуй Хуан, Хуан Яао Шэнг, Еэ Чин Хуй нар нь бүлэглэн 2019 оны аравдугаар сарын 6-наас 2019 оны аравдугаар сарын 29-н хүртэлх хугацаанд “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ,“Скайп” Skype зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч мэхэлсэн. Улмаар энэхүү залилан нь бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад чиглэж байсан гэдэг. Дээрх гурван иргэн энэхүү залилах гэмт хэргийн зохион байгуулалттай далд бүлэгтээ нутаг нэгтнүүд болох Нарсу, Хуан Шин Бин, Лиан Жи Фөнг нарыг нэмж элсүүлэн, улмаар залилангийн гэмт хэрэгтээ илүү олон хүнийг элсүүлэх, төөрөгдүүлэхээр урьдчилан төлөвлөж, бэлтгэсэн байж. Мөн тэд бүлэглэн дээрх хугацаанд 180 хүнийг Монголд байрлуулж, олон тооны өндөр үзүүлэлт бүхий суурин болон зөөврийн компьютер, гар утас зэргийг ашиглан “Ви Чат” /WeChat/, “Дун Фан Цай Фү” /Dongfang Caifu/, “Тунхуа шүнь Цайжин” /Tonghuashun/, “Вэйтуо Жяо И” /Weituoxiadan/, “Тунда Шинь Жинрун Жундуань” /Tongda/, “Телеграм” /Telegram/, “Кюү Кюү” QQ, “Скайп” Skype зэрэг цахим сүлжээнд хуурамч хаяг үүсгэж өгсөн гэж мэдээлж байсан юм. 

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан