Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх нийтэд танилцууллаа.
Үүний дараагаар сэтгүүлчдийн асуултад холбогдох сайд нар хариулав.
Энэ үеэр гадаадад гацсан иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийг хэзээ үргэлжлүүлэн хийх талаарх асуултад Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хариулахдаа "Гадаадад гацсан иргэдээ эх орондоо татах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж, 27 мянган иргэнээ авсан. Одоо цөөн бүс нутагт монгол иргэд байгаа.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ хугацаанд тусгай үүргийн нислэгийг түр зогсоосон. Бид 12 дугаар сараас эхлэн нөхцөл байдлыг харгалзан тусгай үүргийн нислэг үйлдэж эхэлнэ.
Одоогоор тусгаарлах бүх байранд шалгалт хийж байгаа. Агааржуулалт, халдвар хамгааллын байдалд хяналт хийж байна. Ирэх сараас тусгай үүргийн нислэг үйлдэн, иргэдээ татан авахдаа тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн, нэг өрөөнд нэг өрх гэсэн зарчим баримтална" гэв.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Дотоодын нөхцөл байдал хүндэрсэн тул нислэг үйлдэхгүй. Нягтрал ихсэж байна. Цагийн байдал хүнд, дотооддоо халдвар алдсан энэ тохиолдолд гадаадаас иргэдээ татан авах нь хорио цээрийн дэглэм алдагдах аюулд хүргэнэ гэж үзэж байгаа" гэлээ.