Улсын Ерөнхий Прокурорын газар нь улсын хэмжээнд зөрчлийн статистикийн үйл ажиллагаа эрхэлж, түүний нэгдмэл байдлыг хангах үүргийг хэрэгжүүлж ажилладаг. 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд нийт 2.229.396 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн байна.
Нийт зөрчлийн хэргийг төрлөөр нь авч үзвэл:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 88,5 хувийг /1.972075/,
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3,9 хувийг /87440/,
- Хүний биед халдах зөрчил 0,7 хувийг /14653/,
- Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 0,6 хувийг /13525/,
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,4 хувийг /8838/,
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 0,1 хувийг /2743/,
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,1 хувийг /2571/,
- Танхайрах зөрчил 0,1 хувийг /3150/,
- Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 0,04 хувийг /903/ тус тус эзэлж байна.
Нийт гарсан зөрчлийн 73,8 хувь нь Нийслэлд үйлдэгдсэн бол 26,2 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгджээ.
Гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойшхи хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд зөрчлийн 20.764 хэрэг бүртгэгдсэн нь энэ сарын эхний 10 хоногийн байдалтай харьцуулахад 72,7 хувиар, ялангуяа Нийслэлд 77,3 хувиар, орон нутагт 60,5 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Энэ хугацаанд:
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчих зөрчил 85,9 хувийг /17833/,
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 5,5 хувийг /1137/,
- Хүний биед халдах зөрчил 0,8 хувийг /172/,
- Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 0,6 хувийг /113/
- Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 0,3 хувийг /67/,
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,2 хувийг /36/
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 0,1 хувийг /27/,
- Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 0,1 хувийг /27/
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0,1 хувийг /24/,
- Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 0,1 хувийг /23/
- Танхайрах зөрчил 0,1 хувийг /19/ тус тус эзэлж байна.
Нийт зөрчлийн хэргийн 60,2 хувь нь Нийслэлд, 39,8 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгджээ.
Энэ 11 хоногийн хугацаанд үйлдэгдсэн дээрх зөрчлүүдийн 98,9 хувийг цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, 0,3 хувийг мэргэжлийн хяналтын, 0,3 хувийг татварын, 0,5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим төрлийн зөрчлийн гаралт өмнөх үеэс өссөн дүнтэй байна. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын эхний 10 хоногийн байдалтай харьцуулахад:
- Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 3 дахин,
- Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчил 7 дахин,
- Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 6 дахин тус тус өсчээ.
Түүнчлэн Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчлүүд өсөх хандлагатай байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчих зөрчил нийтлэг үйлдэгдэж байгаа бол Нийслэлд Хүний биед халдах, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Хүүхдийн эрхийг зөрчих, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих, Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах, Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зэрэг зөрчлүүд; харин хөдөө орон нутагт Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих, Тамхины хяналтын тухай хууль зөрчих, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих, Татварын хууль зөрчих, Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх журам зөрчих, Авто зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэлийг гэмтээх, өөрчлөх, бохирдуулах, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчлүүд харьцангуй ихээр үйлдэгдэж байна.
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их үйлдэгдэж байгаа бол Хүний биед халдах зөрчил Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хамгийн их үйлдэгдэж байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн нийт зөрчлийн хэргийн 81,4 хувь, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах нийт зөрчлийн хэргийн 34,8 хувь нь тус тус Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ.
Харин орон нутгийн хувьд Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт, Хүний биед халдах зөрчил Орхон аймагт, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил Хөвсгөл, Увс, Баянхонгор аймагт тус тус хамгийн их үйлдэгдсэн байна.
Улс орон даяараа цар тахлын аюултай тэмцэж байгаа энэ онцгой цаг үед иргэд, хуулийн этгээдээс зөрчил гаргахгүй байх, ялангуяа албаны үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан тушаалтнуудад хүндэтгэлтэй хандаж, хууль ёсны шийдвэрийг нь биелүүлэх, хуурамч дуудлага, мэдээлэл өгч үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг уриалж байна.