Тэд ядуурлаас ингэж гарч байна, харин бид яах вэ


Арваад жилийн өмнө урд хөршийн Хөх хотод хэсэгхэн саатав. Даланхар уулын бэлээр бэлчих үхэр сүргийг харж, тэр нутгийн фермерүүдтэй уулзаж,  ажил амьдралынх нь зах зухаас ажиж анзаарч явахдаа төрсөн сэтгэгдэлийг нэхэн санах шалтгаан бас байна аа.
Тэнд миний уулзаж танилцсан өвөрлөгч эр Шилийн голын уугуул.  Цас зуднаар мал сүргийнх нь  тоо  сүрхий дундарч, үлдсэн хэдийгээ арилжиж борлуулаад түм түжигнэсэн их хотыг барааджээ. Түүнд улсаас тэтгэмж өгөхийн зэрэгцээ өөрийнх нь санал болгосноор хөнгөлөлттэй зээлээр сүүний үүлдрийн цөөн үнээ  авчээ.
Тэрбээр анх ингэж цөөн үнээтэй фермийн аж ахуй байгуулжээ. Зах зээл нь бэлэн, саасан сүүг нь бага гэж чамлалгүй  өглөө бүр хүрч ирээд авчихна. Эр сувай үхрээ бордож байгаад борлуулчихна. Аяндаа л мөнгөн хуримтлал бий болж мань эрийн аж ахуй ч томорч эхэлжээ. Ингээд хэд хэдэн хүнийг ажилтай орлоготой болгож, анх 10-аад үнээтэй эхэлсэн аж ахуй 100-аар тоологдох үнээтэй болжээ. Цас зуданд малаа барж,  модоо барьж  явсан хөдөөх эр их хотын хаяа түшээд ингэж өөдөлж дэвжиж яваагаа ярьсан. Тэр хавьд яг ийм жишгээр фермер болж бэлтэй бийлэгжүү амьдарч байгаа олон иргэд бий. Ихэнх нь Шилийн гол аймгийнх гэлцэж байсан.
Ерөөс Хөх хот бол БНХАУ-ын сүүний хангамж үйлдвэрлэлийн томоохон төв бөгөөд сүү таргийг ёстой л ёоз дүүзээр нь үйлдвэрлэдэг юм билээ.  
Нэг иргэнээ зөв зохистой дэмжснээр тэр хүн нь цаашаагаа хэд хэдэн хүний ажил амьдралыг залгуулж улсын ачааллаас үүрэлцдэгийн жишээ энэ.
Хөх хотыг тойрсон өвлийн хүлэмжийн 30 гаруй мянган аж ахуй бий гэсэн. 800 ам метр талбайтай өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад манайхаар бол 130  орчим сая төгрөг хэрэгтэй аж. Хөх хотын захиргаа өөрийн хөрөнгөнөөс ийм хүлэмжийн аж ахуй байгуулж иргэддээ  удаан хугацааны зээлээр өгчээ.  Хэд хэдэн хүлэмжийн аж ахуй дундаа шаардлагатай тоног төхөөрөмж тэрэг техниктэй, мөн мэргэжлийн агрономчоор хангагдсан. Тэдгээрийг нь улсаас цалинжуулна. Мөн тарьсан ногоо жимсийг нь улсаас худалдаад авчихдаг. Зарим нь өөрсдийн байнгын худалдан авагчтай болсон. Бүр тарьсан ургуулсаныгаа  Япон мэтийн оронд экспортолдог хүмүүс ч бий. Манай монголчууд хүртэл тэр хүлэмжийн аж ахуйнуудад очиж ажлаад сардаа сая гаруй төгрөгтэй тэнцэх цалин хөлс авч байгаа тухай ярьж байсан.
Ийм бэлээхэн боломжийг нь иргэддээ төрийн дэмжлэгээр хангаад өгчихдөг.  Иргэдээ ажилтай орлоготой болоход нь ийн бодитойгоор тусалж дэмжиж, манайхны ярьдагаар хөлийг нь дөрөөнд газрыг нь ганзганд хүргэж байгаа нь ийм. Саяхны нэг мэдээгээр хаягдал дугуйгаар  урлагийн бүтээл хийж иргэдээ ядуурлаас гаргаж байгаа тухай өгүүлжээ. Энэ мэтээр муж хот бүр л өөрийн гэсэн арга замаар иргэдээ ядуурлаас гаргаж байна. Гэхдээ энэ бүхэн тэгтлээ нэг их ухаан шаардаад байх шийдлүүд биш. Зүгээр л  зорилго зорилтынхоо төлөө аливааг санаачилж чаддаг, түүнийгээ ажил хэрэг болгож чаддагт л байгаа юм.  Харин манайд бол дээгүүрээ хэсэг ярьж, дундуураа хэсэг шуурч, доогуураа бол сураг нь гарч чих дэлсээд л өнгөрдөг.  
Эдүгээ БНХАУ-д өдөрт 38000 хүнийг ядуурлаас гаргаж байна гэх тоо баримт байна.  Хэдхэн хоногийн өмнө тус улс эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлснийхээ 40 жилийн ойг тэмдэглэх үеэр Хятад Улсын дарга Ши Жиньпи “Хятад улс мянга мянган жилийн туршид ард түмнээ зовоосон өлсгөлөн, хомсдол, ядууралд цэг тавьж чадлаа”  хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл ядуурал гэдэг юм энэ улсын хувьд түүх болон үлдэж байх шиг байна. Мэдээж энэ бол маш том бөгөөд хариуцлагатай дүгнэлт байж таарна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим худалдаа, алсын зайн сургалт, мал аж ахуй,  барилга,  иргэдээ дэмжсэн хүүгүй зээл гэхчлэн  ядуурлыг бууруулахаар ажиллаж байгаа гол 6 аргыг нэрлэж байна. 
Мэдэгдэж буйгаар 2020 он гэхэд тус улс ядуурлыг бүрэн арилгана гэж байна. 1,3 тэрбум хүн амыг бүгдийг нь ядуурлаас гаргана гэдэг өөрийн 3,2 сая хүн амтай Монгол Улсынхаа одоо байгаа нөхцөл байдалтай харьцуулахад бараг л итгэмээргүй мэт санагдана.   
Тоо баримтаас харвал эдүгээ тус улсын хүн амын  400 сая гаруй нь дэлхийн жишигт хүрсэн  дундаж давхаргынхан ажээ. Өөрөөр хэлбэл хүн амынх нь 1/3 гэсэн үг. Үүн дээр баячуудын давхарга бас нэмэгдэнэ. Ийм улс орон өөр хаана ч байхгүй, энэ бол тус улсын хувьд бахархал мөн.  
Хөршийнхөө ийм хөгжил,  үндэсний эрх ашгаа хэрхэн дээдэлж,  үүнийхээ төлөө ямар их хариуцлагатай хандаж байгааг нь харж суралцахад бидэнд хангалттай боломж байна. Хаяа дэрлэн хажууд байгаа ийм бэлэн зэлэн жишээнээс суралцахын оронд харааж муучлахаа урьдал болгож байгаа нь бидний хоцрогдлын бас нэгэн дүр төрх юм уу даа.
Г.Хантулгаскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан