Бурхан багштай холбоотой дөрвөн гол дүйцэн өдөр гэж байдаг.
1/ Бурхны хутгийг олсон өдөр. Энэ бол зуны тэргүүн сарын 15-нд
2/ Номын хүрд эргүүлсэн өдөр. Зуны сүүл сарын шинийн 4-нд
3/ Тэнгэрээс буусан өдөр. Намрын сүүл сарын 22-нд
4/ Эрд хувилгааныг үзүүлсэн өдөр. Хаврын тэргүүн сарын шинийн 1-15-нд
Дүйцэн өдөр буян хураавал бум живаагаар арвиждаг гэж судар номонд айлддаг. Ялангуяа эдгээр өдөр нийтээрээ хамтын буяныг үйлдвэл хэмжээлшгүй, хүчтэй их буян хураана хэмээн айлджээ.
Бурхан багш Ражигар хэмээх газарт 1250 шавийн хамт амьдарч байжээ. Энэ үед Тэрсүүдийн 6 багш олон хүн амьтныг муу үзэлд хөтөлж, нүгэл хилэнц их хураалгаж байсан аж. Ингээд Бурхан багш бурхны хутгийг олж, номоо номлож, үүнээс хойш тэр үеийн хаад түшмэд, ард иргэд бурханд шавь орж, дагах болсон. Тиймээс Тэрсүүдийн 6 багшийг шүтдэг хаад ноёд, ард олон цөөрсөн байна. Үүнд 6 багшид атаа хорсолын сэтгэл, уур омог төржээ. Улмаар шулмууд ирж, та бүхэнд бид эрд хувилгаан залж өгье гэж хэлээд ёсоор болгосон. Энэ ертөнц дээр биднээс илүү эрд хувилгааныг олсон хүн байхгүй. Тэгэхээр зургуулаа бурхантай тэмцэлдье, өөрсдийн байр суурийг олж авъя гэж тохирсон байна.
Ингээд тэр орны хаанд айлтгажээ. Хариуд нь хаан “Эрдэм хийгээд эрд хувилгаан хязгааргүй бурхантай та нар тэмцэлдээд нэмэр байна уу? Галт хорхойн гэрэл нарны гэрэлтэй тэнцэж чадах уу? Оготны үүрний амсар дээрх овоолго шороо сүмбэр уулын өндөртэй тэнцэж чадах уу? Үхрийн гишгэсэн мөрний хонхорхойд тогтсон ус их далайтай тэнцэж чадах билүү? Ийм л юм болно шүү дээ” гэж хэлжээ. Гэвч Тэрсүүдийн 6 бурхан зүтгэсээр байгаад зөвшөөрүүлж, хаан Бурхан багшид хэлж гэнэ. Бурхан багш зөвшөөрсөн ч эрд хувилгааныг үзүүлэх цагийг би өөрөө мэднэ гэж хэлсэн байна.
Ингээд бурхан багш орон орноор дамжиж явахад олон хаад дагалдсаар Гэгээн ялгуусан хааны оронд ирдэг. Тэрсүүдийн 6 багш түүнийг айж зугтаалаа гэж улам омог төрсөөр тус оронд мөн ирж Гэгээн ялгуусан хаанаас тэмцэлдэх зөвшөөрөл хүсчээ. Гэгээн ялгуусан хаан Бурхан багшид хэлээд, та тэднийг зөв замд нь хөтөлж өгөөрэй хэмээн хүсчээ. Бурхан багш ч зөвшөөрөв. Тиймээс хаан түшмэддээ үүрэгдэж Бурхан болон Тэрсүүдийн 6 багшийн тэмцэлдэх газрыг бэлдүүлсэн.
Хаврын тэргүүн сарын шинийн 1-нд Бурхан багш Тэрсүүдийн 6 багштай тэмцэлдэж эрд хувилгааныг үзүүлэв. Гэгээн ялгуусан хаан тэр өдрийн өглөгийн эзэн болж зоог өргөснийг бурхан хүртээд шүдний чигчлүүр модыг газарт хатгажээ. Ингэтэл долоон эрдэнээс бүтсэн өндөр, саглагар, үр жимс арвин дэлгэрсэн, үнэр анхилам, гэрэл цацарсан мод ургасан байна. Энэ мэт хувилгааныг үзүүлснийг 6 багш хараад сүрд нь дарагдаж өөрсдийн эрд хувилгааныг үзүүлж чадаагүй байна. Ингээд тэнд цугласан олон найрсаж, ихэнх нь тэнгэрийн оронд төрөх хөрөнгийг бий болгожээ.
Энэ бол шинийн 1-нд бурхан багшийн үзүүлсэн эрд хувилгаан юм. Бурхан багш 15 хоног эрд хувилгааныг үзүүлээд нэгэн суваргыг бүтээсэн байдаг. Үүний дараа жилээс тэнд цугласан хаад ноёд, ард олон өөр өөрийн орондоо энэ өдрийг тэмдэглэдэг ёс заншил үүсч бий болсон байна. Үүнийг Бурхан багшийн эрд хувилгааныг үзүүлсэн дүйцэн өдөр гэж нэрлэн тэмдэглэдэг болжээ.
Да лам Х.Бямбажав
guren.mn