Австралид шороон шуурга дэгдсэний улмаас тэнгэрийн өнгө өөрчлөгджээ


Австралийн зүүн өмнөд нутгуудад асар хүчтэй шороон шуурга дэгдсэний улмаас тэнгэр улбар шар өнгөтэй болон хувирсны зэрэгцээ агаарын чанар тулгамдсан асуудал болоод байна. 

Тус улсын холбогдох албаны удирдагуудын мэдээлснээр, пүрэв гарагт шороон шуурга Сидней хотоос 500 километр зайд ойртон ирсэн тул тус хотод эрүүл мэндийн түгшүүрийн түвшин зарласан аж.

Мөн Шинэ Өмнөд Уэльс мужийн олон бүс нутагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болоод байгаа юм. Хүчтэй салхи хэт хуурай хөрсийг хийсгэсний улмаас шороон шуурга дэгдсэн гэж цаг уурын мэргэжилтнүүд мэдээлж байна.

"Өнгөрсөн наймдугаар сараас хойш ган гачигт нэрвэгдээд байсан Шинэ Өмнөд Уэльс мужид шуургын түвшин харьцангуй өндөр байна" гэж Австралийн Цаг уурын газраас мэдээлжээ.


Оршин суугчид ялангуяа бага насны хүүхдүүд болон өндөр настай хүмүүсийг гэртээ байхыг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд уриалсан байна. Түүнчлэн Сидней хотод шороон шуурга хэр хүчтэй дэгдэх нь тодорхойгүй байна гэж цаг уурын газрын урьдчилан шинжээчид мэдээлсэн юм.
 

Сидней хотод асар хүчтэй шороон шуурга анх удаа дэгдэж буй нь энэ биш бөгөөд 2009 онд дэгдсэн ижил төрлийн шуурганы улмаас олон зуун хүн амьсгалахад бэрх болж, нисэх онгоцны нислэгүүдийг түр зогсоож байжээ.скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан