Вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд QR код олгоно

 
Манай улс сая гаруй иргэнээ вакцинд хамруулаад байгаа. Харин энэ сарын 8-нд хөл хориог сулруулж байгаатай холбогдуулан вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон буюу дархлаа тогтсон иргэдээ хэрхэх талаар журам боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн эсрэг вакцины хоёр тун хийлгэсэн иргэн E-Mongolia платформаар дамжуулаад гэрчилгээгээ авах боломжтой.
 
ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭН ДЭЭР ГАДААД ПАСПОРТЫН ДУГААР, PCR НЭМЭГДЭНЭ 
Харин эдгээр иргэд гадаадад зорчихдоо хэрхэх талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Манай улсын хувьд гадаад улсад вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон болон халдвар аваад эдгэрсэн бол тусгаарлагдахгүй. Харин 14 хоног болоогүй иргэд тусгаарлалтад орно.
Монгол Улс хил нээх шийдвэртэй уялдуулаад олон улсын түвшинд коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эсэх тухай гэрчилгээг гаргаж, санаачилж, бусад улс орнуудыг хүлээн зөвшөөрөх талаар уриалж байгаа. Өнөөдрийн байдлаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийлгэсэн гэрчилгээ гэх баримт бичиг байхгүй. Улс орнууд зөвхөн дотооддоо вакцин хийлгэсэн гэрчилгээг гаргаад бусад улс оронтой харилцан хүлээн зөвшөөрч, мэдээллээ солилцсоноор тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэх юм. Энэ тухай яриа хэлэлцээ улс орнуудад хийгдэж байгаа. Холбогдох албаныхан E-Mongolia платформд суурилаад вакцинд хамрагдсан иргэдэд олгож буй гэрчилгээнд гадаад паспорт, PCR шинжилгээ хийсэн тухай мэдээллийг англи, монгол хэлээр нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл, E-Mongolia-д гадаад паспортын дугаар, PCR шинжилгээ хийлгэсэн мэдээлэл вакцины хоёр тунгаа хийлгээд авч буй гэрчилгээн дээр нэмэгдэж байна. Цаашдаа НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр гаргах хөгжүүлэлтийг хийх шийдэл бэлэн болсон.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн нотломж болон PCR шинжилгээ хийлгэсэн албан ёсны нэгдсэн мэдээлэл бүхий гэрчилгээ гаргаж, гадаад улстай яриа хэлэлцээ хийгээд, зөвшөөрсөн тохиолдолд манай улсын иргэд тухайн улсад чөлөөтэй зорчих нөхцөлийг үе шаттай сэргээх боломж нээгдэж байгаа” гэлээ.

ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭТЭЙ Ч ХӨЛ ХОРИОНООС МАСК-ТАЙГАА ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ 
COVID-19 цар тахлын вирусээс урьдчилан сэргийлэх вакцины давтан тунгаа хийлгэсэн иргэдэд гэрчилгээ олгох бөгөөд цаашдаа цахим QR код өгөх юм. Өөрөөр хэлбэл, иргэд E-Mongolia цахим хуудаст байрших QR кодоо уншуулж, үйлчилгээ авах аж.
УОК-оос тавдугаар сарын 8-наас хөл хориог үе шаттайгаар сулруулахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй юм.  Хувь хүний нууцыг ил гаргах нь зөв үү, буруу юу зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Эхний ээлжинд давтан тунгаа хийлгэсэн хүмүүс гэрчилгээ авч байна. Цаашдаа шууд гар утсаараа уншуулдаг систем ашиглах юм байна.
Гэхдээ вакцинаа бүрэн хийлгэсэн хүн амны хаалтаа авах болоогүй. Өөрөө халдвар авахгүй байж болох ч бусдад халдвар дамжуулагч болох эрсдэлтэйг анхааруулаад буй юм. Вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон болон халдвар аваад эдгэрсэн иргэдийг хот хооронд зорчихыг хориглохгүй болсныг Засгийн газраас мэдээлсэн.
 
АНУ  
♦ Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүс ганцаараа эсвэл вакцинд хамрагдсан цөөн тооны хүмүүстэй хамт явж байгаа тохиолдолд амны хаалтаа авах боломжтой юм. Харин хүн олноор цугласан байгууламж дотор эсвэл олон нийтийн газар амны хаалтаа зүүх ёстой.
 
Европын холбоо: 
♦ Гадаад хилээ нээх эсэх асуудлыг хэлэлцэхээр болж байгаа бөгөөд тус холбооноос зөвшөөрөл олгосон вакцины бүрэн тунд хамрагдсан жуулчдыг нэвтрэхийг зөвшөөрөх тухай санал гаргаад байна.
 
Исланд: 
♦ Вакциндаа бүрэн хамрагдсан жуулчдыг хүлээн авахаа зарлалаа.  Мөн АНУ-ын Лос Анжелес хотын төв цэнгэлдэх хүрээлэнд Холливүүдийн болон поп оддын оролцсон вакцинжуулалтыг дэмжих бүх нийтийн тоглолт болжээ.
♦ БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин тариулсан иргэдэд визний дэмжлэг үзүүлэх талаар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан