Цагаан сар бол Монголчуудын эв нэгдлийн баяр


Бид бол монголчууд  
Тэртээ хөхөгчин хонин жил Улсынхаа Ерөнхийлөгчөөс нэр хүртсэн Монголжин охин маань тэр хүнд цаг үед, монголчууд биднийг тийм ч амархан хүрдэггүй эв нэгдэлд дагуулсан онцгой сайн үйл болж төр засаг, иргэд олон бүгдээр “Бид олуулаа боллоо, Бид гурван саяуулаа боллоо” хэмээн билэгшээн угтаж байсан цаг саяхан мэт санагдавч нэгэнт түүх болон үлдсэн байна.Түүнээс хойш он жилийн давалгаан дунд сар шинээ угтан сайн сайхныг билэгдэн золгосоор монголчууд энэ жил “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилтэйгээ золгож байна. Өнөөдөр монгол орон цар тахлын хүнд үед амьдарч байгаа тул эрхэм уншигч авгай Та гэр бүлээрээ үндэсний өв уламжлалт баяраа цомхон тэмдэглэх явцад хуучны ёс заншлаа хойч үедээ  эргэн нэг сануулж  өгөхөд бага ч гэсэн санаа болох буй хэмээн “Цагаан сар бол монголчуудын эв нэгдлийн баяр” нийтлэлээ өргөн баръя. 
Дэлхийн олон үндэстэн ястан өөр өөрийн гэсэн өвөрмөц өв соёл, иргэншил, ёс заншилтай байдаг. Монголчууд бид ч гэсэн өөрийн гэсэн өөр нэгэн өв соёл, өөр нэгэн ёс заншилтай ард түмэн билээ. Хөх тэнгэртээ залбирч, хөрст дэлхийгээ хайрлан амьдардаг эх үндэстэн монголчууд бид байгаль, хорвоогийн ааш аяг зөөлөрч хаврын тэргүүн барс сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг арга, билгээр шинжин, арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог өөрийн гэсэн ёс заншилтай ард түмэн юм. Аливаа үндэстэн ястан хорвоо ертөнцийн ааш ариншинг даван амьдрахын тулд дотоод сэтгэхүйдээ хүсэл, мөрөөдөл, сүсэг бишрэлийг хадгалан бяслагалын их хүчийг олох бөгөөд байгаль ертөнцтөй зохицон амьдрах орчинд нэвтрэнэ. Энэ замаа бид, элэнц хуланц, эцэг өвгөдөөсөө уламжлан авч амьдарсаар ирсэн бөлгөө. Дөрөвдүгээр жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, жаяг ёсоор хувцаслан, Өүлэн ээждээ золгов. Чингис хаан 1227 оны улаагчин гахай жил Тангуд иргэнийг дайлан эзлээд хаврын тэргүүн Барс сарыг Монгол тооллын жилийн тэргүүн сар болгон тоолсноор цагаан сар эхэлдэг хэмээн түүх өгүүлдэг. Энэ цаг мөчөөс хойш олон жаран ард үлдэж монголчууд бид өөрсдийн бүтээсэн энэ их өв соёл, ёс заншлаа шүтэн дээдэлж хамгаалсаар ирээ. Өв соёл, ёс заншил гэдэг зүйл байгалиас бус, зөвхөн хүний сэтгэхүйд улбаалж ахуй амьдрал дундаас бүтдэг ажгуу. Он жил нэгээс нөгөөд шилжих энэ мөчид бүхнээ хүлээсэн шинэ он, шинэ цаг тоолол эхлэн монгол орон даяар газар сайгүй баяр хөөр болж, энэхүү өгөөмөр үеийг цагаан сар хэмээн бултаар тэмдэглэн, тэнгэр хангайдаа цайныхаа дээжийг өргөн улс үндэстнээрээ эв нэгдлийг бэлгэдэн золгодог уламжлалтай. Энэ билэгт сайн өдрөө монголчууд ёс төртөй угтаж, амь нас, аж амьдрал, хувь заяагаа даатган тэнгэр бурхандаа залбирдаг. Нар хаяалбараасаа улам дээшлэн мандаж, өдөр ирэх бүр буудайн чинээ уртсан, гурван ес цааш ханатай болж хаврын урь орон, хүн бүхний сэтгэл тэнийн урин дулаан цаг улирал ирлээ хэмээн билэгшээдэг. Эдүгээ аргын тооллын 2022 оны хоёрдугаар сарын 2 буюу билгийн тоолын хаврын эхэн сарын 1-нээр  хуучин он дуусч бидний бага наснаас сурсан “ Арын уулаар гүйдэлтэй  алаг эрээн бар ” жил буюу арвандолдугаар жарны усан бар  жил  гарч байна. Энэ үеэр бүх бар жилтнүүдийн жил орж нэг нас нэмнэ. Жил орох гэдэг нь энэ арван хоёр жилийн тойруулга нэг бүтэн эргэж, төрсөн жил нь эргэн ирж буй тул  13, 25, 37, 49, 61, 73.. гэх мэт бар жилтнүүд жил орж буй юм. Энэ гарч буй усан бар жилд төрсөн хүүхдүүд нэг хий настай хэмээн өөрийн биеэр амьдрах энэ тойруулгад эхлэн орж буй. Хий настай гэдэг  нь эхийн хэвлийд өнгөрүүлсэн хугацааг хэлэх агаад эмэгтэй хүн хэвлийдээ буй болсон ураг тээх тэр үеэс эхлэн мууг нүдээр үзэлгүй, муухайг чихээр сонсолгүй, мөөгөн бороо лугаа адил зөөлөн явж үрээ төрүүлэх учиртай юм. Ийнхүү ээлжлэн урсах он жил, сар, өдөр, цаг, мөч бүхэлдээ байгаль, дэлхий орчлонтойгоо амин холбоотой агаад монгол хүний заяа, төөрөг ямагт өөдрөг, өсөн дэвжихийн үндэс болсоор иржээ. Бидний туулсан амьдралд жаран жилд нэг л удаа тохиох усан бар жил гарч байна. Ер нь бол бусад бар жил сайн, саар янз бүр л байсан нь л даа. Бар бол хорвоогийн хаана ч үржин амьдрах чадвар, тэсвэртэй, идэш тэжээлээ өөрөө олох овч ухаантай эх газрын махан тэжээлтэн юм. Голдуу сүрэглэн хүч, ухаан сайт нэгнийхээ хатуу гар|соёон| дор бөөнөөр амьдардаг бөгөөд зөрсөн нь хурц соёоны хариуцлага амсдаг хатуу журамтай. Ялангуяа түүний мэдрэх эрхтэнүүд нь хүнээс ч илүү хөгжсөн, үнэрлэх, сонсох, харах,отох гэх мэт. Тэрээр соргог хэрсүү ухаантай, шударга бөгөөд  хатуу нэхэлтэй нэг зүтгэсэндээ тууштай явдаг амьтан тул энэ бүхэнд хойргодуу монголчууд бидний хувьд түүнийг үлгэрлэн дуурайх он цаг ирж буй. Иймээс гарч буй усан бар жил сөрөг харш бүхний үүдийг хааж, бид бүхний хүсэн хүлээж буй сайн сайхан амьдралыг тэтгэн, саар бүхнийг хурц соёогоороо тасдчин арилгах болтугай хэмээх билэгдлээр сар шинээ угтацгаая. Монголчууд сар шинийн энэ үеэр мартагдах буй соёлын өв бүхнээ ил гарган хойч үедээ эргэн сануулж байх нь нэн чухал. Үүний тул хүн бүр бие сэтгэлээр цэгцтэй, сайн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл бүхий ариун тэнэгэр бодолтой байж шинэ оноо угтацгаая. Эл бүгд нийлвээс улс үндэстний эв нэгдэл, эх оронч үзэл туурга тусгаар монгол түмний өнө мөнхөд оршин тогтнохын гол үндэс суурь нь болно.Он цагийн цалгиан дунд цагаан сар мөнөө л  хүн лугаа адил зовлон туулан өнөөг хүрчээ.1952 онд улс даяар гашуудаж 1954 онд ажлын өдөр,1960 оноос хөдөөд Нэгдэлчдийн баяр, бусад хотод МАХНын ухуулга, үзэл суртлын өдөр болж байлаа. 1990 оноос  Цагаан сар хуучны  ёс заншил, өв уламжлалаа сэргээн Монгол түмний үндэсний баяр болсон байна.
 
Бид бээр улаан залаат, хөх толбот монгол хүн шүү гэдгээ ямагт санаж, бид бол өрнө дорныхноос огт өөр, бид бол өөрийн гэсэн бичиг үсэг, хэл яриа, цаг тоолол, өв соёл, зан заншилтай энэ бүхнийхээ дагуу цагаан сар, баяр наадмаа хийдэг улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй, бид бол үндэсний үзэл, өөрийн гэсэн уламжлал, түүх соёлын өвтөй ард түмэн гэдгээ илэрхийлж буй нэг том боломж юм. Үндэсний үзэлтэй байна гэдэг аливаа улс үндэстэний цаашид оршин тогтнох дархлаа юм. Хаана төрсөн нь хамаагүй ээ, удам угсаа нь, сэтгэл санаанд нь би монгол хүн гэсэн эх оронсог сэтгэхүй байх нь хамгаас чухал. Энэ нь хилийн чандад буй монгол гарал үүсэлтэй бүх хүмүүст хамааралтай гэсэн үг. Манай дэлхий дээр монгол гарал үүсэлтэй үндэстнүүд сая саяар тоологддог ажээ. Иймээс Цагаан сар, Балданлхам бурхнаа дагуулан ирж Та бидэнд, дээрх батбилэгдэл бүхнийг өвч биедээ агуулсан ёс заншилт монгол хүн шүү гэдгээ ямагт эргэн харах тэр мөчийг жилийн жилд сануулсаар байдаг бөлгөө.
 
 
Цагаан сар бол монгол түмний эв нэгдлийн баяр, монгол хүний уужим ухаан, ариун цагаан сэтгэл, цог хийморийг бадрааж, гарч буй жилийн эхнээс итгэл, мөрөөдөл, санаа сэтгэлийн асар их тэнхээ өгч зөв замнахад зууч болох учиртай, жилдээ нэг тохиох билгэдэл чанарын маань агуулга юм. 
 
 
 
Гадаад орнууд үндэсний баярынхаа  өмнө  
Гадаад орнуудад иймэрхүү үндэсний хэмжээний том баяр болгоны өмнө нийтийн тээвэр, харилцаа холбоо, нийтийн өргөн зугаалга болон урлаг, спортын тэмцээн зохион байгуулж, нийтийн аюулгүй байдалд онцгой анхаарч байдаг. Баярын өмнөх өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд үнийн хямдрал зарлан уртатгасан цагаар ажиллаж, үзвэрийн газруудад үндэснийхээ соёл урлагийн түүхэн бүтээлүүд, үндэсний дуу хөгжим, ёс заншлын болон ардын урлаг хуучны наадгай тоглоом зэргийг гадаа гудамж талбайд өргөн дэлгэр гаргаж иргэд олон бүгдээр баярын уур амьсгалд сэтгэл тэнүүн орж заавал нэг мартагдсан соёлын өвөө сэргээдэг. Энэ бол өөрсдийн өв соёл ёс заншлаа хамгаалж буй нэг хэлбэр бөгөөд улс үндэстэн оршин тогтнох ул сууриа бэхжүүлж буй арга зүй юм.  Дэлгүүрүүд баяраар үнэ хямдруулах гэрээ бүр эртнээс хийж, үйлчилгээнийхээ зөвшөөрлийг авч байдаг. Орон сууцны компаниуд мөн ялгаагүй тодорхой хувиар бага орлоготой гэр бүлийг хөнгөлттөй үнээр энэ баяраар суулгахаар гэрээлж орон сууц барих эрх авах өрсөлдөөнд боломж олдог.. Нийт иргэд баярын хямдралд зориулж эртнээс хадгалсан хадгаламжаараа хэрэгцээт эд зүйлсээ, хүүхдүүд мөрөөдсөн бэлгээ авах өргөн боломж энэ үер нээгддэг тул оны эхнээс онцгой хүлээдэг үйл бол энэхүү үнийн хямдрал юм. АНУ-д хамгийн том үнийн хямдрал жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчээр тэмдэглэдэг “Талархалын баяр” болон Шинэ жилийн  өмнө болдог. Энэ бол манай цагаан сартай төстөй ёс заншил бүхий бүх нийтийн баяр нь юм. Иргэд энэ өдрүүдийг анаж байгаад үр хүүхэд, ах дүү төрөл садан, амраг ханьдаа өгөх бэлэг сэлт, гол хэрэглээний зүйлээ хямдралтай авч баяр хөөр болж сэтгэл нь сэргэж, баярын урам нэмэгдэнэ. Хүүхдийн тоглоом, бүсгүйчүүдэд гоёлын барааны болон төрөл бүрийн хямдралын купон, карт гаргаж хүмүүс баярын уур амьсгал дунд энэ мэтээр бүгд бэлдэж, дэлгүүрүүд сарын өмнөөс үнээ хямдруулж эхэлдэг. Зарим хүмүүс тодорхой хэмжээний мөнгөн агууламжтай цахим карт өгч түүнийг авсан хүн дуртай бэлэг дурсгал болон бүх зүйлийг ямарч дэлгүүрээс чөлөөтөй авч болдог ажээ. Ийм зүйлийг тэд эртнээс төрийн нарийн бодлого, хөшүүргээр зохицуулдаг.
 
Манайд ч гэсэн цагаан сар болон бусад нийтлэг баярын өмнө ийм үнийн хямдрал гаргавал буянтай үйл  болох нь дамжиггүй. Баярын өмнө эд бараа, хоол хүнсний үнэ тэнгэрт хадаж, ихэнх иргэдийнх нь авдаг цалин, олдог орлого нь баярын хэрэгцээгээ ангахгүй бол сэтгэл дүүрэн баярлаж чадахгүй шүү дээ. Иймийг үндэсний хэмжээний баяр гэж нэрлэх нь учир дутмаг болно. Сар шинэ болон бусад нийтлэг баярын өмнө иймэрхүү ажил зохион байгуулж дэлгүүрүүд өргөтсөн худалдаагаар үний сайн хямдрал гарган үндэсний үйлдвэрүүдээ дэмжин бүтээгдэхүүнээс нь бэлэг сэлтээ сонгоцгооё. Өвлийн хүйтэнд гаднын гаалийн үүдэнд өнжин, хонон хүлээж үнэт цаг, мөнгөө барж байхаар үндэснийхээ бэлэг сэлтээр цагаан сараа тэмдэглэх нь үндэсний хэмжээний баяр гэх агуулгадаа нийцэх буйзаа. Бэлэг үнэдээ бус сэтгэлдээ буйг бид нэг мөр ойлгож авах нь зөв буйзаа. Үүнийг зохион байгуулах нь “гар дээр бэлэг тавихгүй”, “бүсээ чангал” гэснээс илүү өгөөжтөй зүйл болно. Уул нь бол бид бүсээ чангалахаас өмнө ханцуйгаа шамлах нь дээр байх л даа. Бүсээ хичнээн чангалавч, гар хоосон бол сэтгэл  өлсөх бус уу.
 
Өмнөх бэлтгэл  
Хахир хатуу өвлийг давж хүсэн хүлээсэн урин дулааны улирлыг цагаан сар тээн ирж, хүн бүрт нэг нас, аз хийморь, санаж мөрөөдсөн үйлс нь бүтэх тэр өгөөмөр цагийг ургах нартай хамт золгуулдаг билээ. Хавар бол нүүдэлчин монголчуудын их найдлагын улирал юм. Өвөл нь онд эсэн мэнд орж урин хавар ирэхэд мал дэлэгнэж, цагаан идээ дэлгэрч, мэнд сайн онд орвол байгаль цагийн ивээл дор бусад нь болно, бүтнэ хэмээн монголчууд билэгшээн ярьдаг. Иймээс миний багад ижий ажаа |би ингэж авгайлдаг|  хоёр маань цагаан сар болох хугацааг эртнээс тогтоож өмнөх намраас эхлэн эсгийгээ хийж, арьсаа элдэж, гурилаа тээрэмдэн, идээ цэгээгээ базаан, өвөлжөө бууцаа сэлбэн, идшээ хийж, сар шинийн өмнө гол ажлаа нугалан орон гэрээ тохинуулдаг байлаа. Өвлийн шөнийн тавиунд үлгэрч, туульчдаа тойрон сууж бууз, баншаа чимхэж, өдрийн сайнд хэвийн боовоо хийж, ууцаа чанана. Хийсэн бууз нь будаа шиг арвин, хэвийн боов нь бурам шиг амттай, чанасан ууц нь тэгш сайхан болж баярын идээ бүрдэнэ. Үйлэнд уран бүсгүйчүүд нарийн хурган дотор эгнүүлж торгон дээлийн өнгөнд товч шилбийг нь тааруулана. Эрчүүд өвлийн адаг сарын сүүлчээр унах морьдоо нар дагуулан уяж хааяа хөлөргөж, дэлийг засч хуурай өтөг бууцан дээр сойж, эзэгтэй нар оёсон дээлээ, овоодой үнэгэн лоовуузаа гадаа дэлгэж өнгө дотрыг нь сэргээдэг. Сойгдож шавхарсан морьд нүд нь гэрэлтэн, арьс нь өнгө орж чилгэр болоод дөрвөн хөл дээрээ тэгш зогсох агаад энэ үед дэлийг нь засч уран товруу хазаар, улаан дэвстэй мөнгөн тоногтой эмээлээ тохоод харахад монгол морины үзэсгэлэн сая тодрох ажгуу. Энэ үеэр гүү морь унахгүй, гүзээ мах идэхгүй гэж ярьдаг байлаа. 
 
Сүсэг ба дом  
Монголчуудын гол гурван шүтээн бол тэнгэр, газар, гал гурав юм. Иймээс бидний сүсэг голдуу л энэ бүхэнтэй холбогдох ажгуу. Цэвэрлэгээ хийхдээ гэрийнхээ үүдийг их анхаардаг. Энэ нь үүдэн сахиус болон үүдээр орох зочин, буян хишгийн замыг бодолцож буй хуучны сүсэг юм. Энэ орой хонгор халзан луус унаж гарынхаа арван хурууг инчдэх агшинд тэнгэрээс буун ирж дэлхий ертөнц, гурван мянган орчлонг нэгэнтээ тойрон айл гэрийн сүлд, хийморийг тэтгэн, мууг амин золиг болгож, ум сайн бүхнийг агаар салхи лугаа адил түгээдэг цогт охин тэнгэр Балданлхам бурхны унааг услах мөс баруун хатавчиндаа, тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхан гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавьж, буруу бүслүүртээ буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн харгана хавчуулдаг домтой байв. Луус гэдэг амьтныг шарын шашны номлолд хүч, хурд, тэвчээр бүхий сайн хүлэг, бурхны унаа хэмээн үздэг аж. Малаа хотлуулж, бурхан тахилаа сэргээн зул өргөнө. Зул өргөх нь битүү харанхуйд өнгөрсөн ба одоогийн зам мөрийг арван зүгт гэрэлтүүлэхээр бурхныхаа өмнө асаасан бишрэл буюу бие, хэл, дотоод сэтгэлийн төлөөх гэрэл юм. Арван зүгт гэдэг нь найман зовхис, тэнгэр, газар  орж буй. Галаа түлэхдээ галын бурхнаа сэтгэлдээ бишрэн тарни хэлж асч буй галын дөл дүрэлзэн буйг харж чин сүсгээр дээдлэн тахина. Энэ орой гал гадгаш гаргахгүй,бусдаас гал гуйхгүй ёстой.  Эртний энэ ёс бол айл бүхний гал голомтод тэр гэр бүлийнхний  буян заяа бүрэн бүтэн орших агаад галаа хөгжөөн тахиж, эцэг эхийнхээ гал голомтыг мөхөөлгүй залгуулах нь овог удмаа мөнхрүүлж тэрхүү буян заяаг тогтоох амин сүжиг оршино. Энэ үүргийг айл гэрийн галын эзэн буюу отгон хүү гал голомтоо мөхөөлгүй сахих учиртай хэмээн үздэг байв.Гал тахина гэдэг нь галын Маранзад бурхандаа зул барьж, өргөл өгөх утгаар галдаа шар тос хийж арц, хүж уугиулан “Хаан эцгийн цахисан, хатан ээжийн бадраасан гал дүрэлз, дүрэлз” хэмээн тарни уншиж, шинэ гэр бүл голомт залгуулах хүүтэй, галаа манах охинтой болохын өлзийтэй ерөөл, баторшил билэгдэн хэлж бурхан тахилын өмнөх хүрдээ эргүүлэнэ. Хүрд бүхэн маанийн үсэгтэй тул түүнийг эргүүлэх нь маань хөгжөөж буйн нэг илрэл юм. Энэ зан үйл бол эр нь гал залгуулж, эм нь түүнийг нь хөгжөөн бадраах гэсэн утга дор энэ айлын цаашид өсөн дэвжих замыг засч буй хуучны дом юм. Орчин цагийн зарим ахуйн нөхцөл байдалд үүнийг гал түлж гүйцэлдүүлэх боломжгүй тул зөвхөн тарни уншиж, дом үйлдэнэ. 
 
Битүүний орой  
Битүүний орой бол өвлийн адаг хөхөө сарын гучин буюу үдэж байгаа оны эцсийн үдэш, энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болох агаад бууз, банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ хэмээснээс битүүлэг гэдэг нэр үүссэн тухай хөгшчүүл хуучилдаг. Сар битүүрнэ гэдэг бол биднээс холдож байна гэсэн үг тул өмнө нь үйлдэж буй дом юм.
 
 
Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, малаа хотлуулж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, бурхандаа зул өргөж, эмэгтэйчүүд өмсөж зүүх, хувцас хунар, үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авахад тэнгэр үүлээ хөөн энэ нэгэн онцгой үдшийн зөн билгийн ид шид бүрэлдэн тогтож монгол хүмүүний сэгэл ой ухааны ариусгал болно.
 
 
 
Үсээ самнасан авгай нэг цэмцгэр
Үнсээ авсан тулга хоёр цэмцгэр
Үүлээ хөөсөн тэнгэр гурван цэмцгэр гэж ертөнцийн гурван цэмцгэр бүрддэг хэмээн хөгшчүүд маань сургадаг байлаа.
 
Битүүний орой битүүртлээ иднэ гэдэг нь шинэ оныг сэтгэл тэнүүн, гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна хэмээх зөн билгэдэл агуулсан эртний заншил юм. Битүүний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, банш, бууз тэргүүтнийг цадталаа иднэ. Цаг цагт нэг нэг идэж,  цагаан сараар нэг цаддаг гэх үг энэ орой биелэлээ олно. Гэр бүлийн хэмжээнд бол банш, буузандаа гурван цагаан буюу мөнгө, цагаан идээ,  цагаан будаа тэргүүтнийг нууж хэн таарсанд нь гарч буй жилд эд мөнгө, идээ цэгээ, будаа тариа элбэг тохионо хэмээн билэгшээн үздэг байв. Ингэж ирж буй оны босгон дээр сэтгэл тэнүүн болж, өглөө гарах, ирэх зүг мөрөө олсноор сар шинийг угтах бэлтгэл эрэмдээ орж гол ажил дуусдаг. Хуучин цагт өвлийн шөнийн уртад, өөхөн дэнгийн гэрэлд, сар шинийн тэр гэгээн өглөөг хүлээн хөгшчүүл хорол өрж, залуус шагай таалцах, няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх, үйчүүр тоглох, шар нохой гүйлгэх гэх мэтээр наадаж, үлгэр хэлж, тууль хайлан, ертөнцийн гурвыг хэлцэж, оньсого таалцаж энэ оройг хөгжилдөж өнгөрөөдөг байлаа.
 
Аман хэлбэрийн түүхийн нэг агуу зүйл нь үлгэр, тууль, домог юм. Энэ бол үүх түүхийг мөнхөд авч явдаг ардын ухааны урлаг бөгөөд үлгэр хэлж, тууль хайлах гэдэг нь бидний ой ухааны архив, үлгэрч, туульч, магтаалч нар бол түүнийг хойч үеийнхэндээ өртөөлөн хүргэдэг улаачид юм. Энэ орой ажаа, ижий хоёрын маань таавар наргиан эхлэнэ дээ. Тэд нар  маань хүүхдүүд бидэнд
-За ертөнцийн гурван хурдан юу вэ ? гэхэд бид хариуд нь
Салхитай тэнгэрийн үүл нэг хурдан
Саруул ухаантны санаа хоёр хурдан
Сайн морины явдал гурван  хурдан.. гэхэд зөв байна. Аа тийм үү. Та нар сүрхий хүүхдүүд байна. За хөө тэгвэл
-За ертөнцийн гурван хоосон юу вэ? 
Барин тавин байвч зүүд нэг хоосон
Барайж торойж байвч зэрэглээ хоёр хоосон
Бахирч хашгирч байвч цуурай гурван хоосон... Аа тиймүү хө
 
-За ертөнцийн гурван улаан юу вэ?
Жаргалтай хатны хацар нэг улаан
Жавартай тэнгэрийн хаяа хоёр улаан
Жалгад ургасан сухай гурван улаан
Ертөнцийн гурван бузар юу вэ?
Хумс завсар хир орвоос нэг бузар
Хууль завсар хахуул орвоос хоёр бузар
Хайр завсар хар орвоос гурван бузар... гэх мэтээр хариулана. Ертөнцийн гурав бол Монгол түмний аман зохиолын онцгой хэсэг агаад цөөн мөрөнд бүх үнэнийг агуулсан оньч мэргэн ухааных нь увидас юм. Оньсого таалгахдаа “Зуундарийн зургаан цагаан ямаа зуданд үхээгүй атлаа зун үхлээ” тэр юу вэ? гэнэ. “Марал мичид” хэмээх зургаан од өвөл гарч энгийн нүдэнд үзэгдээд зун харагдахаа больдог. Энэ оньсогыг хүүхэд нэг л удаа сонсоод эдгээр ододын тухайд анхны ойлголттой болох агаад хүүхдийн ой ухаанд насан туршид нь үлддэг юм. Хэрэв хэлсэн оньсогыг нь тайлж чадахгүй бол худалдана. Худалдахдаа дайрал үгээр:
 
Тайлаг тайлаг тэмээнээс
Таван атга шорооноос
Гунжин гунжин үнээнээс
Гурван атга шорооноос
Сэтэрхий зүүнээс
Сэмэрхий хадагнаас гээд... л наргиан болгон дуудаж гарна даа. Үлгэр бол бидний дуртайяа сонсдог зүйлийн нэг байлаа. Үлгэрт үргэлж шудрага үнэн, муу муухайг ялж, ядуу хүний амьдрал сэргэн амар сайхан жаргадаг нь хэн бүхэнд дотоод ой ухаан, мэдэрхүйд онцгой ханамж өгдөг сэтгэл оюуны хүчирхэг сайхан мөрөөдөл юм. Өнөөдөр ч гэсэн монгол түмэн өдөр тутмынхаа амьдралдаа үлгэрт гардаг шиг тэр шудрага үнэнийг, тэр сайн сайхан аз жаргалтай амьдралыг үргэлж мөрөөдөж эрж хайсаар л байгаа. Иймээс ирэх шинэ он, цагийн өнгөнд зөвхөн үлгэрт гардаг тэр шудрага үнэн амьдралын бодит хэрэглүүр болж сайн үйл болоосой хэмээн өөдрөг сэтгэлээр сар шинээ угтацгаая.
 
Бүтүүнд хэсэхгүй, айлд хонохгүй, хэрүүл хийж, амны билэггүй юм ярихгүй, бүх цэвэрлэгээ дуусч шинийн нэгний өглөө ус барих, юм угаах, оёх, хог үнс асгах, мал нядлах, хүүхэд, амьтан загнаж зодох, үс засах, түлээ хөрөөдөх гэх мэтийг хийхгүй, эд мөнгө зээлэх, хэрэлдэх, өр төлбөртөй онд орохыг цээрлэдэг. Энэ бүхэн сар шинийн өмнө бүх муу үйлийг дуусгаж, ирэх шинэ цагт сүр сүлд нь тэнгэрлэг, аж амьдрал өөдлөн дээшлэхийг билэгдэн  ирээдүйд итгэн найдаж буй бишрэл бөлгөө. Ингээд таван мэдрэхүйдээ сайн сайхны билэгдэл болгож нүдээрээ зул, чихээрээ дуу хуурын аялгуу, амаараа амтад идээ, хамраараа арц хүжийн үнэр, биедээ шинэ хувцас өмсдөг нь сар шинийн өмнө саар бүхнийг гээн бие, хэл, сэтгэлээ ариусгаж, бодол санаагаа цэгцэлж буй өөдрөг санааны илрэл юм. Ийнхүү сар шинийн бүх бэлтгэл ажил битүүний энэ орой бүрдэн бүгдээр сэтгэл ханамжтай болж, хөөрч баясах нөхцөл бүрдэн баярын урам ордог.  Өөдрөг сэтгэл, баярын урамтай айл гэрийн голомтод, дуу хуурын эгшигт  жаргалтай дэлгэр бүрдэн, гэрийн жавар арилж нэгээс нөгөөд дамжин өрх гэрээрээ, айл хотлоороо, улс түмнээрээ өгөөмөр тэнүүн уур амьсгал ордог ажгуу. Энэ орой монголчууд морин хуурынхаа жаврыг гарган цэнгэнэ. Моринд дуртай монголчуудын зөн совин, уянга ярууг өөртөө шингээдэг морин хуур хэмээх энэ уран эгшиглэн монгол хүний дотоод сэтгэлийн гүн мэдрэмжийг хөглөн бадраадаг увдистай бөлгөө. Хуурын хоёр чавхдас дөрвөн цагийн өнгийг хөг аяндаа багтаан, хүний хэлээр ярьж, шувуудын дуугаар донгодон, хүлгийн үүрслээр янцгаана. Уртын дууны аялгуу нь зөвхөн энэ хөгжмийн уянгатай нийлж хөдөө талын нүүдэлчин амьдралын аяс хэмнэлд идээшин дассан монгол хүний сэтгэлийн галыг бадраадаг билээ. 
 
Сар шинийн идээ шүүс  
Тавгийн идээний гол сүнс нь ул боов юм. Таваг засахдаа идээнийхээ боовыг 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр жаргал, зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай. Есөөс дээш үеэр идээ өрөхгүй учир нь монголчууд есөн үеэр овог, удмаа тооцон үүний дараа яс хагалах ёс үйлдэж  цус холилдох зүйлгүй болдог.  Гурван үе идээг залуу гэр бүл хориос гучин насны, таван үеийг гучаас тавин насны гэх мэтээр үеийн тоо нь өсч явсаар далаас дээш настан есөн үе идээ тавих учиртай хэмээн хөгшчүүд сургадаг. Иймээс айл болгон заавал есөн үе боов өрөх шаардлагагүй гэсэн үг. Дээр нь цагаан идээ, ёотон, чихэр зэргээр чимдэг. Цагаалга хэмээн цагаан будаа агшааж бэлдэнэ. Үүнээс гадна цагаан сараар хүүхдэд өгөх самнай, жижиг дугуй боов хийдэг.  Гол идээний нэг бол хонины ууц юм. Ууц гэж юу юм бэ, заавал түүнийг айл бүр тавих ёстой юу гэдэг асуудал өнөөдөр гарч байна. Энэ бол хонины нуруу бүхлээрээ сээрээс хойш ахар сүүл хүртлэх хэсгийг хэлнэ. Ууц дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр хавирга, шагайт чөмөг дагуулж болно. Дөрвөн өндрөө зочныхоо баруун гар талд байхаар, сээрийн нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы дотор талыг ууцныхаа харцага тал руу нааж, харцгыг зочны зүг харуулж тавьдаг. Монголчууд зөвхөн халуун хошуут хонин сүргийнхээ дундаас хүч тарга сайтайг нь сонгож ууц тавьдаг. Эртнээс уламжилж ирсэн монгол зон олны гүн хүндэтгэлийн энэ идээ шүүсийг голдуу төрийн хүндэтгэл, шашны баяр болон олон нийтийг хамарсан хурим найр, том хэмжээний баяр наадам, ёслолын үед л хэрэглэдэг байлаа. Ууцны оронд үхрийн өвчүү чанавал өехий дор дал, дөрвөн өндөр хавирга, шаант богтос зэргийг тавьж болно. Малтай айл бол ууц тавихад нэг их хүндрэл гарахгүй байхаа, хотынхонд бол ямар нэг гэр бүлийн баяр, насны ой, хурим зэрэг онцгой тэмдэглэлт үйл явдал давхцсан үед л тавихаас бусад үед бол гар доорхи идээгээр цагаан сарыг тэмдэглэх нь зохистой. Иймээс ууц тавих гэж улайран хөөцөлдөх шаардлагагүй, дур боломжтой нь тавиг, бусад нь гарын дор байгаагаараа л тэмдэглэцгээе. Өнөөдрийн нийгмийн гол давхрага болсон жирийн иргэд, ялангуяа залуу гэр бүл үе үеэр боов өрж, өндөр үнэтэй ууц тавих боломж хомс тэгээд ч орчин цагийн хүмүүсийн хандлага, ахуйн нөхцөл байдлаас шалтгаалан энэ бүхнийг өөрчлөх шаардлага зайлшгүй урган гарч байгаа юм. Өнөөгийн даяаршиж буй ертөнц, эрчимтэй хөгжлийн явцад бид цэвэр нүүдэлчин амьдралаар явах боломжгүй тул өөртөө хэрэгтэйг нь авч, хөгжлийн явцаас хоцролгүй амьдрах чадвараа дээшлүүлэн, язгуур соёлоо баяжуулж байх зайлшгүй шаардлагатай болжээ. Иймээс  сэтгэл санаагаа цэгцлэн сар шинээ  санхүүгийн талаар дарамтгүй тэмдэглэх нь зөв буйзаа. Нэгэнт айл бүр өнөөгийн амьдралд хэрэгжүүлэх боломжгүйн дээр агуулга, хэрэглээгээрээ шаардлага хангахгүй болсон зарим зүйлээс татгалзах нь зүйн хэрэг юм.
 
Ёс заншил, өв соёлын агуулга 
Хуучин цагт шинийн нэгний өглөө эртлэн гарын алганы хээ харагдах үеэр баримжаалан босдог байв. Өнөөгийнхөөр бол үүр хаяарч эхлэх  6.50 -7.00 цагийн үе юм уу даа. Өглөө 8 цаг гэхэд нар мандана. Битүүний энэ орой лам нар шөнөжин Цэдэрлхам хурж энэ бурхан тахилгаа дуусгаж хоноод өглөө нь Очирдарь бурхандаа мөргөж ерөөл тавьж өлзий хутаг өргөнө.Балданлхам бурхан орчлон дэлхийг тойрон явсаар газарт бууж ирдэг хэмээн энэ өглөө түүнд зориулан Цэдэрлхам хурж хоносон лам нар золгоцгоож залгуулаад сүсэгтэн мөргөлчин олон ирж оролцдог хэмээн хөгшчүүл ярьдаг байлаа. Зурхайч нар ирж буй  жилийн өнгө төрхийг тодорхойлж, шинийн гуравнаас эхлэн цагаан сарын их ерөөл, шинийн арван дөрвөнд хамгийн том хурал болж энэ үеэр монголчууд өргөнөөр ирж бурхан болоочийнхоо хойноос буяны ерөөл, хурал ном хуруулж энэ жилийнхээ заслыг хийлгэдэг заншилтай. Энэ эхний арван тав хоног бол бурхан багшийн их дүйцэн өдөр агаад ид хувилгаан үзүүлж хийсэн буян аривжих тул хүмүүс өргөнөөр сүм хийдэд ирж мөргөл үйлддэг билээ. Нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр суудал нийлсэн байж болзошгүй тул салгуулах дом хэмээн өмнөх битүүний орой мөлжиж орхисон хонины толгойн эрүүг нь хамтдаа зааж салгадаг гэсэн хуучны домтой байв. Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагаа, сэтгэл санааны ариунаар их бэлэг  дэмбэрэлтэй өдөр болгодог нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай юм.
 
Монголчууд  мандаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморлог зүйл хэмээн үздэг. Энэ бүхэн бол нар сар, ургамал, амьтан цөм манай дэлхийд, бидэнд ойртож биднийг ивээж буй явдал юм. Шинийн нэгний өглөө ургах нартай уралдан эрчүүд ойролцоох уулын орой дахь овоонд сүүтэй цайныхаа дээжийг тэнгэр, хангайдаа өргөж, хийморийн зүг гарч хишгийн зүгээс ирдэг байв. Өндөрлөг газрыг тэнгэр газрын зааг хэмээн үзэж хоёр гараа дээш өргөн хурайлж тэнгэр хангайдаа хурайлан залбирдаг хуучны нэгэн дууг: Цагаан сарын шинийн нэгэндээЦагаан идээгээр гэрээ дүүргээдЦагаан эсгийгээ гаднаа дэвсээдТэнгэр бурхандаа мөргөмүү... хэмээн эртнээс дуулж иржээ. Энэ бол цагаан өнгөний билэгдэл юм. Цагаан өнгө бол сүү идээ, цэвэр ариун, шинэ эхлэлийн билэгдэл болж буй. Эрт дээр цагаас эцэг хан тэнгэр, эх хатан дэлхий хэмээн биширч ирсэн монголчууд бидний хувьд овоо бол дээд хан тэнгэрт ойртох өндөрлөг өглөөний нар ойртон харагдах газар гэсэн утгатай. Ертөнцийн наран бол хаанаас харагдана. Харин овоонд гарна гэдэг нь тэнгэр бурхандаа улам ойртох өндөрлөг газар, уулын оройгоос шүтэх боломжийг илүү бүрдүүлж буйн нэг илрэл агаад монгол хүний ирээдүйн зам мөр, хагацал, учрал, гүн итгэл агуулагдсан дотоод сэтгэхүйн орон зай дахь сүсэг бишрэлийн нэг оргил юм. Энэ өглөө монголчууд наран гарах зүгт нарыг тойрон эргэлдэх газар дэлхийтэйгээ хамт тэмүүлэн ургахын улаан нарнаар тэнгэр бурхандаа залбирч хурайлдаг заншилтай. Ингэж монголчууд эрт дээр үеэс сар шинийг дорноос ургах өглөөний улаан нарнаар угтан бүх хүн амьтан нэг нас нэмж өвлийг өнөтөй даван урин дулаан хаврын тэргүүн барс сартай золгодог нь европ болон баруун зүгийн шинэ жилээс эрс ялгаатай юм.Их хүрээний монголчууд Богд уулын ар хормой дахь Эрдэнийн овоо хэмээх намхан довцог болон Тасганы овоонд сар шинийг угтан гарсаар ирсэн уламжлал, заншлаа өнөөг хүртэл хадгалсаар иржээ. Миний багад шинийн нэгний өглөө ажаа маань |Сэлэнгэ, Баруунбүрэн| Эрдэнэтолгой гэж намавтар толгойд намайг дагуулан гардаг байв. Энэ уулын орой дээр морьтой, явган яаж ч гарахад хялбар, настай буурлууд үхэр тэрэгтэйгээ хүрчихдэг юм. Ажаа минь намайг дагуулж гараад л гэр бүлийнхнийхээ мөр зүгийг гаргадаг байж. Иймээс хүмүүс овоог сонгохдоо гэрт ойр, нар харагдах, гарахад амар байдлыг харгалзах ба алс хол тэртээд өндөр оргилд агаан сараар барагтай л бол гардаггүй байж. Хийморийн зүг гарч, буян хишгийн зүгээс ирж, гэрийн эзэн бусдыгаа төлөөлөн мөрөө гаргаад гэртээ буудаг ёс ч бас байдаг. Шинийн нэгний өглөөний наран мандахыг харах нь зөн билгэдэл, мөрөөдлийн  совин агуулах агаад хүний сэтгэлд ямагт нэгийг бодогдуулдаг эрхэм зүйл байдаг. Хэдийгээр би ажаа ижийтэйгээ байх тэр жаргалтай үед бага балчир байсан ч тэр өглөөг урьд өдрүүдээс нь эхлэн онцгой өндөр сэтгэгдэлтэйгээр хүсэн хүлээж байсан нь өнөөг хүртэл санаанаас минь ер  гардаггүй юм. Ингэж надад энэ заншил уламжлан үлдсэнийг дагаж сүсэглэн явсаар өдгөө үр хүүхдүүддээ, ач, зээ нартаа  үлдээхийг хичээж байна. Хот суурин газрын хүмүүст ийм боломж ховор ч хүүхэд багачуудаа заавал сар шинийн үеэр биш ч гэсэн өглөөний наран мандахыг, арван тавны болон шинийн сар гарах, хаврын шувууд ирж, цэцэг навч дэлгэрэхийг нэг ч удаа атугай харуулж эх байгалийн бусад уран үзэгдлүүдийг тайлбарлаж сонирхуулж мэдрүүлэхийг хичээгээрэй. Нүдээр үзэж биеэр мэдэрсэн зүйлийг хүүхэд амьдралдаа мартахгүй эх байгалийн үзэсгэлэн, уран сайхныг шүтэж хайрлан хамгаалдаг эх оронч иргэн болох эхлэл тавигдана. Эх оронч үзлийн эхлэл бол амьдарч буй байгаль орчноо хайрлан хамгаалах явдал юм шүү. Овооноос бууж ирээд бурхандаа залбирч, үр хүүхэд нь эцэг эхдээ, дүү нь ахмаддаа золгосны дараа өөрсдийн садан төрлийн настангуудад, дараа нь айл саахалтаар өргөн золголт болж сар шинэд сайн орсныг тэмдэглэнэ. Сар шинэд нэг гэрийн дор хамт оршихийн билэгдэл хаан бугуйвч хатан сүйх хэмээх эр эм хоёр золгодоггүй учир бол тэндий бие сэтгэл эгнэгт хамт гэж үздэгт оршино. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золговол хүүхдийн хүйс солигдоно хэмээн цээрлэдэг байжээ. Нас сацуу хүмүүс хоорондоо гар зөрүүлэн золгох ба хэрэв хэн нэг нь түрүүлж гэрлэсэн бол нөгөөх нь түүнд хүндэтгэл үзүүлж тохойг нь түшиж золгодог ёс бий. Энэ өдрүүдэд нэг гэрийн эр эм хоёр ам зөрөхийг муу ёр хэмээн цээрлэдэг.
 
Хөөрөг зөрүүлэх нь угаас зөвхөн монголчуудын нэгэн өвөрмөгц заншил, зөрүүлсэн хүнд итгэл хүндэтгэл үзүүлж, цаашид сайн харилцаатай байхын билэгдэл буюу хиргүй  цагаан, харгүй зөв санаа агуулж буйн баталгаа юм. Хөөрөг нас тогтсон хүмүүс голдуу хэрэглэх ба хэрэв залуу хүмүүст баривал ахмад нь түүний насны цээнд хүрч буйг нь зөвшөөрсний илрэл болно. Хөөрөг гардан авсан хүн  үнэрлээд буцаана.  Энэ үе бол ахмад буурлууд төрөл садантайгаа уулзаж, хүүхэд залуус нь удам угсаа, ураг овгоо хэлцэн мэдэж авах чухал завшаан болдог. Ахмад буурлуудаасаа эхлэн онцгой хүндэтгэл үзүүлж золгохдоо хөгшид өтгөс, өөрсдийн эцэг эх, төрөл садангийн ахмад хүмүүст хадаг барин, задгай нугалаа бүхий ам талыг золгох хүн лүүгээ харуулж дэлгэсэн алган дээр нь эрхий хуруунд тулгаж тавих ба ахмадуудад хадгаа үлдээх ч ёс бий. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз, өнгө ба ахмад настан болон эцэг эхдээ урт наслахын билэгдэл, хүний дүрстэй, тэнгэрийн өнгөтөй Аюуш хадгаар голдуу золгодог байв. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина. Хөх хадаг төрөл саданд, цагаан хадаг эх хүнд, шар хадаг сүм хийд лам нарт гэх мэт өнгөөр ялгах ба найман тахилт хадгаар хүндэтгэлийн золголт хийдэг ёс бий. Хуучин цагт энэ өдөр олныг хамарсан үйлс, хөгжөөнт тоглоом, шагай, хорол, шар нохой гүйлгэх, сээр хуга шаах, шагайт чөмгийн шагайг эрхийгээр мулт дарах зэргээр наадана. Өвөл хурдан морь сойж хүүхэд унуулж уралддаггүй эрчүүд унасан морьтойгоо саахалт хооронд л бооцоотой уралдах, адуу шургуулж уургалах зэргээр нааддаг байлаа. Элдэв сонин хачин үйл явдал, үлгэр, оньсого хэлж, тоглоом наадмаа үргэлжлүүлж энэ оройг бүгдээр цэнгэн өнгөрөөнө. Орчин үед хуучны зарим тоглоом, наадам мартагдсан тул өөрсдийн боломжоор тэдгээрээс сэргээх нь монгол ахуй соёлынхоо  өвийг сэргээх буянтай үйл болно. 
 
Хуучны хүмүүжил ба өнөөгийн хандлага  
Цагаан сарын үеэр ахмад буурлууд маань хүүхэд залуусдаа сургаал үгээ хүргэх илүү боломжтой болдог. Монголчууд өндөр настан дээдсээ ямагт хүндэтгэн “буурлаас үг сонс, болсон идээнээс амс” хэмээдэг нь тэдний мэдлэг, амьдралын арвин туршлагаас суралцах тухай юм. Учир нь хүн хэдий урт наслах тутам төдий ихээр сайн мууг үзэн, ухаан нэмж, амьдрал дунд хат суун, арвин туршлага хуримтлуулдаг бөлгөө. Иймээс ахмад үеэ хүндлэх явдал бол монголчуудын нэг онцгой зан чанар бөгөөд нүүдэлчин удамтай бидний хойч үеийн ухамсар, ухаанд шингэж үлдэх учиртай чухал хандлага болдог. Тэр арвин их туршлага, мэдлэгтэй, амьдралын амьд сурах бичгээ өвч биедээ агуулсан настнуудаа бид зөвхөн цагаан сараар ч бус, үргэлж хүндэлж, үгийг нь сонсож явах ба энэ уламжлал нь үр удамдаа өвлөгдөн очихдоо тэдний цаашид ямар хүн болох зан төлөвийнх нь тодорхой хэсгийг бүрдүүлэх учиртай юм. Монголчууд эрт дээр цагаас үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх өөрийн гэсэн амьдралын уламжлалт арга ухаантай байсан бөгөөд боловсрол, мэдлэг зөв хүмүүжих хүрээлэн буй орчин түүний ёс заншлыг сурч мэдэхээс эхэлдэг байв. Аливаа осол эндэгдлээс биеэ хамгаалах болон нийгэмд амьдрах чадвар, ёс зүй, зан суртахуун зэргийг ахмад настан нь хойч үедээ заахдаа биеэр үлгэрлэн сургаж байх нь муу бүхнээс эртлэн хамгаалж буй хэрэг юм. Их түймрийн өмнө цурав татах лугаа адил хүүхдийн суурь зан чанар эндээс эхэлдэг. Зөв хүмүүжсэн хүүхэд цаашид ямар ч өөр соёл иргэншил дунд орсон багаас нь суулгасан зан заншил, ёс суртахуунаа гээхгүй, хүмүүжилд нь элдэв муу юм холилдохгүй унаган зан төрх нь эвдрэхгүй тул хүнлэг чанараа үл алдах дархлаатай болдог.
 
 
Хүмүүжил ёс жудгаараа зөв байр сууриа олсон бол тэнд амьдралын зөв суурь бүрэлдэнэ. Ингэж олон зууны явцад монголчуудын ёс зүйн тогтолцоо өвгөөс эцэгт, эцгээс хүүд гэх мэтээр уламжлагдан бий болсон түүхтэй юм.  
 
Багаас ингэж олж авсан суурин дээр боловсрол, мэдлэг лавтай суудаг тул түүнийг хир буртаг мэт  угааж цэвэрлээд  л арилгачихдаг зүйл биш юм. Үүний тул эцэг эхчүүд яах ёстой вэ?
Аав ээж, ахмадууд маань өсвөр үеэ шууд тэг, ингэ гэж тулган сургах буюу залхуу муугаар нь дуудаж зандрахаас илүү өөрсдөө хэлсэндээ хүрч, шинэ соргог сонин зүйл болон дэлхий байгалийн элдэв үзэгдлийг тайлбарлаж хүүхдүүдтэйгээ байнга ярилцан, тэдэнд зөв асуулт тавьж, сурч мэдэх эрмэлзлийг хөгжөөснөөр өөрсдөө тэдэнд дуурайл болохыг хичээх хэрэгтэй. Миний хүү өнөөдөр ямар дүн авав, багш нь магтав уу ? гэхээс илүү шинэ юм юу сурав? гэх мэтээр асууж сурсан зүйлд нь итгэл урам хайрлаж бай. Яагаад гэвэл хүүхэд магтуулах дуртай харин тэр нь зөв зүйлд чиглэсэн байх нь чухал. Иймээс дүн авахын тулд сургуульд явж магтуулах бус, шинэ зүйл сурч мэдэхийн тулд явж буйгаа ойлгох болно. Энэ бол хүүхдүүдээ халамжилж мэдлэг, хөгжил дэвшилд шамдуулж тэдэнд олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадамж, хүч хөдөлмөрөөр зүг чигээ олж амьдрах итгэл суулгаж буй онцгой чухал зүйл бөгөөд мэдлэг хичнээн байвчиг түүнийгээ боловсруулж амьдралд хэрэгжүүлэх чадамжгүй бол цаашид амьдралд нь дэм эс болох талтай. Эцэг, эхчүүд өөрсдөө элдэв муу үлгэр үзүүлвээс хүүхдүүдэд нь дамжих болно. Ингэж ухаант буурлууд маань өсвөр үеэ амьдралд дөрөөлөх дөрөөг нь бөхөлж, гарыг нь ганзганд хүргэснээр тэднээсээ юуны өмнө монгол ёс заншил, жудагтай хүн гаргаж авч байжээ. Энэ бол эрдэм мэдлэгийн дээр ёс зүй, жудаг, хүмүүжил бүхий зөв хүн бий болгох хуучны философи юм. “Хүний сайн хүүхдээсээ” гэж. Ёс зүй, шудрага үйл дээр тогтож, шудрага бус явдал хариуцлага хүлээдэг байх нь энэ бүхний гол агуулга нь. Зөв хүн болох эхлэл бага наснаас тавигддаг. Хүн болох багаасаа..гэж. Иймээс багаас нь зөв хүмүүжил олгоход эцэг эхчүүд маань өөрсдөө үлгэр дууриал үгээр бус биеэр үзүүлж байх нь огоорч үл болох нэн чухал үйл юм. Бид хүүхдүүддээ юу заана, хүүхдүүд түүнийг л сурна шүү дээ. Хүүхдүүдээ “Чи заавал тийм, ийм хүн болох хэрэгтэй, түүнтэй нөхөрлөж үл болно мэтээр дотоод ертөнцөд хэтэрхий цөмөрч орох нь хүүхэд өөрийн гэсэн байр суурьгүй, өөртөө итгэлгүй болгодог. Ийм хүүхэд найз нөхдөө өөрөө сонгох боломжгүй болж санасан бодсоноо, мөрөөдлөө эцэг эхээсээ нуух, эмээх, амьдралын идэвхгүй болох зэрэг уршиг дагуулдаг. Энэ асуудал бол элдэв муу зуршил, муу сэжиг бүхий хүмүүсээс эцэг эхчүүд хүүхдээ хамгаалж тэднээс тусгаарлах үндсэн үүргийн тухай бус гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Иймээс гол нь хэтэрхий их зав, чөлөө бүхий назгай байдлаас сэргийлж, тэдэнд байнга найдвар хүлээлгэж, аливааг бие даан давж гарах тэсвэр хатуужилд бэлдэн, зан төлөв, хүнлэг ёс жудаг, шудрага, бүтээлч амьдралын хандлага, нийгмийн харилцаанд хэрхэн оролцох ба эцэг эх, ахмад хүмүүсийг хүндлэх тухайд гэж бодном.
 
Энэ бүгд  “Хайр нь дотроо, хал нь гаднаа” хэмээх хуучны үгийн амин сүнс агаад хүмүүжил гэдэг нэг том агуулга дор багтана. Хүнтэй мэндлэх, харьцахаас эхлээд олон нийтийн газар биеэ авч явах, бусад хүмүүст хүндэтгэл үзүүлэх гэх мэт хамгийн энгийн зүйлээс эхлээд төлөвшил, нийгмийн харилцаанд оролцох, амьдралын сонголтоо хэрхэн яаж хийх, цаашид ар гэрээ, үр хүүхдээ хэрхэн өсгөж авч явахад нь хэрэг болдог. Эдгээр энгийн боловч маш чухал зүйлийг бид мэддэг мөртлөө анзааралгүй явсаар харамсах үе ч тохиодог тал бий. Иймээс эцэг эхчүүд тэвчээртэйгээр энэ бүгдийг хойч үедээ уйгагүй зааж сурган дадал хэвшил болгох шаардлагатай. Хүүхдийг зөв ёс суртахуунтай хүмүүжүүлэх нь өнөөгийн хэллэгээр бол түүнд дотоод сэтгэл, хүмүүнлэг ухааны боловсрол олгож буй хэрэг. Ингэж бид залуусынхаа ёс суртахуун, хүмүүжил, үзэл баримтлалыг зөв суулгаж ийм тогтолцоог нийгэмд бий болгосноор ухаалаг, төлөв түвшин иргэдийг нийгэмдээ, ирээдүйдээ бэлдэж өгч байгаа юм. Эндээс ухаалаг иргэн, бидний хүсч мөрөөдөж буй “ухаалаг төр” бүрэлдэн тогтоно. Иймээс цагаан сар бол зөвхөн найр наадам бус үе удам, ахан дүүс, садан төрөл, яс үндэстнийг ойртуулж монгол ахуй соёл, ёс заншил, эв нэгдэл, өв уламжлалаа улс орон даяараа сэргээдэг, бид бол монгол үндэстэн гэдгээ бүү март хэмээн үлдээсэн эцэг өвгөдийн маань гэрээсийг тээж яваа үндэсний баяр юм. Энэ бүхэн хоорондоо нарийн сүлбээ, нягт холбоотой салгаж үл болох зүйл.  Ингэж явсны ачаар бид эх хэл, соёл, ёс зүй, зан заншлаа хадгалж чадсан үндэстэн юм. Бид үр хүүхдээ бусдаар хүмүүжүүлж өсгөдөггүйн адил  иргэд нь гадны орны ёс заншлаар хүмүүжиж түүнд хэт уусах нь үндэсний ёс жудаг, зан заншлаа орхих аюул дагуулдаг. Энэ бүхнийг ихэд  нуршин ярихын учир бол эх хэл, ёс заншил, соёлоо хойч үе бүрдээ ямагт дамжин залгамжлуулж байх нь үл тасрах холбоос бүхий учигтай гэдгийг онцлох гэснийх юм. Үүнийг умартваас хэл соёл нь, зан заншил нь, ёс жудаг нь байсаар атал тэр дунд хүн өөрөө сууж өхгүй байх нь хаяагүй үзэгдэх болсон өнөө үед бид монгол гэх өнгө төрхөө алдах эрсдэл араас дагаж буйд юм.  Ингэвээс “Би монгол үндэстэн” гэж хэлэх  юмгүй болох аюулд хүрнэ.Эх оронч үзэлгүй, өөрийн гэсэн үндэсний соёл, ёс заншил, хүмүүжилгүй, мянган хүний дунд нэг жирийн хүн ороход тэр дороо уусч өөрчлөгдөх аюултай байдаг. Мянган гадны иргэдийн дунд орсон нэг монгол хүн мөн л адил уусна. |Дээр хэлсэн дархлаагүй бол| Ийм нийгэм байх нь улс орон гаднаас бус дотроосоо үндэсний аюулгүй байдлаа сульдаах эрсдэлтэй. Үүнээс улс үндэстнээ хамгаалах гол арга нь иргэд нь эх оронсог, өөрийн гэсэн хэл, үзэл бодол, өв соёл, хэв заншил, ёс жудагтай тэр нь үр хүүхдүүдэд нь дамжиж бэхжсэн үндэсний үзэл баримтлалтай байх явдал юм.
 
Монгол соёл уламжлал, ёс заншил дээр монгол хүний хэв шинж бүрэлдэх ба үүнээс улс орны маань хэв шинж тогтоно. Хэрэв үүнийг умартваас Монгол, монгол биш болно. Хэдхэн үгийн солион дээр тэр хүн, ямар шүү хүн бэ гэдгийг ахмад буурлууд маань баримжаалж чаддаг. “Тавхан үгэндээ танигдах”... гэж үгээр бол хуучны хүн шинжихүй ухаан гэж энэ. Яагаад гэвэл хүний ухаан далд байвчиг хүмүүжил бол ил харагддаг. Иймээс биеэ зөв авч, хүмүүстэй зөв харьцан, ярьж хэлснээсээ буцахгүй байж хүний итгэлийг даах бол бусад хүмүүс Танд хариу итгэнэ. “За” гэж амласан л бол умарталгүй байж, хэрэв биелүүлэх боломжгүй бол эргэж заавал мэдэгдэн хүлцэл өчих нь ёс зүйд нийцнэ. “Маргааш” гэж болзоод маргааш нь өөрөө хэл үггүй, ор сураггүй алга болчихож огт болохгүй. "Монгол хүний ЗА гэдэг үг бол андгай юм шүү" хэмээн билгүүн номч, суут хүн  Бямбын Ринчен абугайн айлдварыг ухварлан ойлгож хэрэгжүүлцгээе. Залуус, хүүхдүүд ахмад хүмүүстэй цуг байх бол ахмадаас түрүүлж ам уралдах, үг яриаг нь сонсохгүй байх эсвэл таслан дундуур нь орж эрээ цээргүй юм ярих, идээ будаанд ахмадаас түрүүлж хүрэхийг тэвчих нь ёс зүйд нийцнэ. Бусдыг сонсож сурна гэдэг бол харилцааны маш том соёл. Цагаан сараас бусад үед ч мөн адил. Энэ бол бидний уламжлалт хүмүүжлийн язгуур агаад залуус нь зөв, хүнлэг нөхөрсөг, өтгөсөө хүндлэж бусдад тусалж сурах эхлэл болдог байлаа. Зөв хүмүүжсэн хүүхэд амьдралаа зөв авч явна. Энэ бүхэн тэдэнд амьдралын замаа өөрсдийн дур хүслийн дагуу чөлөөтөй зөв сонголт хийж, хань ижлээ сонгохдоо өөртөө итгэлтэй бие дааж цаашид хөгжиж дэвжихэд нь гол үндэс суурь нь болно. “Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж багад нь хүүхдээ зөнд нь хяналтгүй орхиж, чөлөөтөй ямарч хийх ажилгүй, санаа тавих зүйлгүй,  хэтэрхий эрхлүүлж, даруулгагүй өсгөсний эцэст эцэг эхчүүд өөрсдөө харамсах явдал ч амьдралд бас тохиолддог. Иймээс цагаан сар бол өсвөр үеэ зөв хүмүүжүүлж төлөвшүүлэх тухайд  жилдээ ганц удаа ч болов сануулдаг баяр юм. Цагаан сараар хүн бүр үндэсний шинэ хувцас, нандин эдлэл болгоноо гарган хэрэглэж, үгийн сайныг тунгааж, эвийн сайныг шүүж, сайн сайхан, билэг  дэмбэрэлтэй юм ярьж, элдэв муу үг хэлэх, хэрэлдэхийг цээрлэдэг. Гаднаас ирсэн хүн эхэлж “Нохой хорио” гэх ба энэ нь нохойноос айсандаа ч бус угтаа бол “Танайд орж болох уу” гэсэнтэй агаар нэг юм. Гэрээс хүн гарч нохой хорих ба явах үед мөн адил. Зочин гэрт орохдоо дээлийн нударгаа сөхөж, бүсэнд буй хутгаа буулгаж, хувцасаа засч, биеэ тохинуулж зэвсэг агсаж яваа бол гадаа гэр дээр нь орхидог заншилтай. Гэрт ороод мэндчилж нэр усаа хэлж, хүний нэрийг бүтнээр нь дуудана. Гэрийн эзэн хариу мэндчилж зочин хаана суухыг зааж өгнө. Идээ будаанд гэрийн хүмүүс зөвшөөрсний дараа хүрч “Олон дунд үгээ, усан дунд гутлаа” гэж үг хэл яриандаа цэгцтэй байж цэвэр сайхан ярьж бусдын яриаг таслалгүй сонсох ба тэр үеэр өөр зүйлд анхаарал хандуулах нь зохисгүй зүйл. Энд гол анхаарах нэг чухал зүйл бол бусдыг сонсож сурах явдал юм. Өмнүүр нь орж яриаг нь таслах буюу өөр зүйлд анхаарал хандуулах зэрэг нь соёлгүй зүйл гэдгийг дахин сануулъя. Ярих сэдвээ, хэлэх үгээ зөв сонгож, хүний сэтгэлд нийцэм тод сайхан бүтэн өгүүлбэрээр ярьж бай, үгээ бүү залги гэж хөгшчүүд маань миний багад сургадаг байлаа. Уулзангуутаа л ажил хэрэг, арилжаа наймаа, авгай хүүхэн яриад эхэлдэггүй. Мэндлэхдээ аажуу тайвуун, хүндэтгэлтэй хандахыг эрхэмлэдэг заншилтай үндэстэн юм. Жишээ нь: “Та амархан сайн байна уу”, “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу” хэмээн  хариуд нь “Амар сайн байнаа”, Сар шинэдээ сайн орлоо” “Та сар шинэдээ сайн оров уу” гэх мэтээр мэндчилж яриа эхэлнэ. Хүний нэрийг бүтнээр дуудахад хувь заяа нь тэгширдэг учиртай.  Энэ бүхэн бол өтгөс буурлуудаас маань үеийн үед дамжин ирсэн хуучны ёсон,  амархайлан мэндчилж  харилцан бие биенээ хүндэтгэж буйн илрэл юм. Иймэрхүү л байдлаар өсвөр үеэ багаас нь л төлөв даруу, мөс жудагтай хүн болгох ул суурийг тавьж байжээ. Юу байна?, Юутайв? гэж мэндлэх, аливаа хүнийг “хөөе”,“хүүш”, “наадах чинь”, “тийм байхгүй юу”, “тэгсэн байхгүй”... гэж ярих нь монгол ёс, аялага  биш.
 
Багаас зөв хүмүүжиж өссөн хүүхэд цаашдаа өөрийгөө зөв авч явах бүрэн чадвартай болоод энэ суурин дээрээ боловсрол мэдлэгээ дээшлүүлж байлаа. Ийм хүн жинхэнэ мэдлэг чадвартай, зөв хүмүүжил, ёс жудагтай болдог гэж үздэг. Иймээс ахмад буурлууд маань хүмүүжлээр нь дамжуулж өсвөр үеэ хөгжүүлж шинэ үе, шинэ үзэл санааг тээгч бүтээлч, чадварлаг иргэн болгох гэсэн далд санаа нь энд агуулагдаж буй. Миний багад ажаа ижий хоёр маань байгаль цаг уур, орон нутгийн байдал, мал маллах арга,  зүс, нас,  яс, үе мөч болгоныг зааж сургадаг байлаа. Энэ нь тэр үед хүүхэд залуусд малчин монгол хүний амьдрал, ахуй соёлын нэн чухал зүйлийг сургах суурь болж байжээ. Малын зүс нэрлэж мэдэхгүй, асуух нурууг нугалахад хэлэх хэлц үгийг ойлгохгүй, орон гэрийнхээ ханын амыг эвлүүлж сураагүй, “нохойн амаар нийлүүдэг” бол тийм хүн олны элэг доог болдог байлаа. “Нохойн амаар нийлүүлэх” гэдэг нь гэрийн ханаа дугуйлахдаа буруу эвлүүлснээс унь өлгөх онигүй болгохыг хэлнэ.  Хот суурин газраас  хөдөө очсон хүнд ийм зовлон багагүй тохиолддог тухай бид яахан мартах билээ. Нэгэн залуу эмэгтэй хөдөө хадмындаа очиход бэрээ зочны ёсоор хүндлэн орой нь өвчүү, сүүж чанаж өглөө нь шинэхэн бүрсэн элгэн таргаар дайлж дараа нь шарга морь унаж хадмын хамт малд явж гэнэ. Тэрээр буцаж гэртээ ирээд нөхөртөө ингэж ярив гэнэ. “Надад орой сайхан мах чанаж өгсөн нөгөө олон хуруутай юу билээ тэрийг бас дундаа нүхтэй юу билээ тэрийг чанаж өгсөн, өглөө нь уушгин тараг уусан тэгээд дараа нь нэг шар морь унаад хадамтайгаа мал цуглуулахаар явсан, тэр морь аймаар ууртай морь байсан намайг дээрээ суулгаж аваад л давхичихсан...  гэж ярьсан гэдэг. Ийм байдалд орохгүйн тулд монгол ёс заншлын холбогдолтой иймэрхүү зүйлийг орчин цагийн хүмүүс ч мэдэж байхад илүүдэхгүй буйзаа. Энэ бол тэр өмнө үеийн амьдралын шаардлага орчин нөхцөл тухайн үеийн ахуй амьдралын хэрэглүүр болж байсан хуучны зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Орчин цаг үе, нийгмийн хөгжил, дэвшлээ дагаад энэ бүхэн өөрчлөгдөж буйг бид мэдэрч байгаа. Энэ бол зүй ёсны өөрчлөлт эндээс бид үр хүүхдээ өнөөгийн амьдралд нь бэлдэх зайлшгүй шаардлага өмнө буйг санаж, дээрхээс агууллагын хувьд сургамж авах нь л бүхнээс чухал гэдгийг хэлэх нь зүй буйзаа. Хүүхдүүдэд юу л заанаа түүнийг л сурна шүү дээ. 
 
Зочин ба дайллага  
Монголчууд ирсэн зочноо юу байгаагаараа дайлж цайлдаг заншилтай үндэстэн тул биднийг дэлхий даяар зочломтгой, цайлган монголчууд хэмээдэг юм. Холын аянд яваа хүн оройтож ядарсан үедээ замд тааралдсан айлд үнэ хөлс гэлгүй саатаад, унаа хөсгөө засч, унтаж амраад явдаг хэвшил талын малчин монголчуудаас өөр хаана ч байхгүй. Энэ бол монгол хүний умартаж боломгүй зан заншлынх нь нэг онцлог юм. Одоогийн хэллэгээр бол хүн чанарынх нь үнэлэлт  гэсэн үг. Үүнийгээ бид орчин цагийнхаа нөхцөл байдалдаа тохируулан хэрэглэж байна. Хуучны хүмүүс айлд ирсэн зочин, тэр айлд эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэж ярьдаг байлаа. Иймд гэрийн эзэгтэй бол айл гэрийн өнгө үзэмжийг авч явдаг юм шүү дээ.  Ирсэн зочныг хүлээлгэлгүй  шуурхай үйлчлэхэд тохиромжтой, хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс бид банш ихээр чимхэж хөлдөөдөг. Хийхдээ хуучин цагт цалин  мөнгийг хадгалдаг тавин лангийн хулгар ембуу хэлбэртэй болгож, элбэг баян орших ерөөл хэмээн үздэг бөлгөө. Нөгөө талаас айлд зочилж буй хүмүүс бие, хувцсаа тохируулж, өөрийн үйлдэлд хянамгай байж, зүүсэн хэт хутгаа буулгаж, товч задгай, хувцас уранхай, малгай хазгай, бүс алдуул, бие хөлчүү байхыг цээрлэх ба төв түвшин мэндэлж, ахмад нь завилан дүүмэд цомцойн гэрийн эзний заасан хэсэгт сууна. Хүн бүр тэнүүн өгөөмрийг эрхэмлэн цай, идээ, бэлэг сэлтийг авахдаа хоёр алгаа дэлгэн эсвэл баруун гараа зүүн гараар яльгүй түших маягаар авдаг учиртай. Аяганы амсраас чимхэж барихгүй, мах буруу хөндлөн тийш зүсэхгүй, ширээнд тавьсан идээнд дургүй хэмээн голох буюу байрыг өөрчилж, унагаж асгалгүй, өөр зүйл гэрийн эзнээс нэхэхгүй байх. Амаа ангайн чалир чалир дуугарган идэхгүй зэрэгт эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургахад илүүдэхгүй.
 
Эхлээд цай, цагаалга, идээ барьж дараа нь ууц тавина. Ууц таллах нь эртнээс тогтож хэвшсэн учир начиртай. Ууцанд зөвхөн гэрийн хүний зөвшөөрөлтөйгөөр хүрэх ба гэрийн эзэн ууцаа харцгаар нь зочны зүг тавихад зочдоос ахмад нь эхэлж толгойн хамар дээрээс хуйх эсвэл ууцны сүүлнээс нимгэлэн авч галд өргөөд дараа нь ууцыг зүүн гараар хажуу сүврэг талаас барьж баруун гараар өөхөн намилхай хэсгээс барьж, нимгэн өөгүй зүсэх ба дагуулж яваа хүмүүстээ хувь хүртээж болно. Өдгөө суурин газрын ихэнх гэр бүлд ийм боломж хомс бөгөөд нэгэнт гэрийн эзэн галд өргөх дом хийсэн байх тул заавал галд өргөх  үйлийг хийх шаардлагагүй. Ууц таллах ёс гүйцэтгэсний дараа хөл махны бугалга талаас барьж зүсч ёслох ба өөрсдийн дагуулж яваа хүмүүст мөн хувь хүртээж болно. Орчин цагийн сонголтод үүнээс гадна ногоо, жимс болон цагаан идээг өргөн хэрэглэх нь таалалд нийцэнэ. Зочин хүн очсон айлынхаа бэлдсэн идээг шүүсийг тааваар хүртэхдээ өөх болон сархад аль алиныг нь 100 граммаас хэтрүүлвэл Таны эрүүл мэндэд сайнгүй хэмээн ямагт зөвлөдөг эмч нарынхаа үгийг санах нь зөв буйзаа. Грамм шүү, килограмм,  литр биш... гэж тэд захидаг юм.  Айлд зочилж очоод бусдын тухай муугаар ярих, хэрүүл маргаан үүсгэх, хөлчүүрч хэл ам гаргах, атаа жөтөө болж, хов жив хэлэлцэхийг цээрлэн урьд өмнө муудалцсан хүмүүс, хөөрөг зөрүүлэн тайлдаг учиртай. Урдын муу үйл дээр, сайн үйл, буян хишиг тогтохгүй гэж үздэг. 
 
Бэлэг ба гар цайлгах ёс  
Өнөө үед цагаан сарыг шинэлэг хэлбэрээр тэмдэглэх санаачилга гаргаж, зардал чирэгдлийг багасгахыг уриалж байна. Гол нь хүн болгоны гар дээр бэлэг тавьдаг тэр сэтгэхүйгээ больцгооё л гэж байгаа. Мэдээж өвлийн хүйтэнд, халдвар ханиад, томуу ихтэй үед айл айл дамжин хэсэхийг хавтгайруулахгүй байх тухай асуудал. Шинэлэг гэж буй нь хуучин уламжлалаа мартах тухай огт биш байх. Уламжлалт ёс заншлаа орхивоос цагаан сар хэмээх улс үндэстнийхээ энэ баярыг орон даяар тэмдэглэх утгаа алдана. Олон ястан, үндэстэн бүхий монгол түмэн өөр өөрийн онцлог ёс заншилтай бөгөөд тэд өөрсдийнхээ уламжлалаар сар шинээ угтах  нь зүй буйзээ. Хуучин цагт хүний алгыг тэнийлгэж, гар цайлгах ёсон гэж байсан нь өнөөгийн бэлэг хараахан биш юм. Энэ нь цагаан идээ, хэвийн боов, амттан гэх мэт гарын дор л байсан зүйлээрээ хувь хүртээхийг хэлэх ба голдуу хүүхдүүдэд өгнө. Орчин цагт бэлэг буюу оймс, саван болж өөрчлөгдсөн нь мөн л гарын дор байгаа зүйл юм. Гар цайлгах гэдэг нь нийтлэг, бэлэг бол гэр бүлийн хүрээнд л байх ялгаатай зүйл юм шүү. Уул нь уг үзэгдэл нь адил боловч нэг нь бэлгэдлийн чанартай, нөгөө нь материаллаг болж ирсэнд л учир нь  байгаа байх. Материаллаг гэхээр л бэл бэнчин, дэв зиндаа, ядуу баяндаа тулж эцэст нь өрсөлдөөн болдог. Гэхдээ орчин цагийн өнгөнд орж бэлэг огт үгүйсгэж яаж болохов дээ. Монгол хүний нэг гол  шинж бол өглөгч зан чанар юм. Харамч хүнд яснаас дургүй. Хүний гар цайлгах, алга тэнийлгэхийг буян хэмээн үздэг. Бэлэг барих гэдэг бол гэр бүл, үр хүүхэд, садан төрлийн хүрээний асуудал шүү дээ. Иймээс бэлэг өгөх нь зөвхөн гэр бүл, садан төрлийн л дотор. Түүнийгээ гэр бүлийнхээ дунд хэрхэн шийднэ тэр хэмжээндээ л болох байх. Гол нь ахмад настнуудаа хүндлэн амар мэндийг нь асууж, төрөл саднаа мэдэлцдэг, хүүхэд багачуудаа баярлуулж урамшуулахад л чиглэсэн байх учиртай. Бэлэг бол ямарч хүнд баярын урам нэмж сэтгэл сэргээн хүсэн хүлээж байдаг өдөр тутмын амьдралд ховор тохиодог баярт мөч
 
Авсан нь баяр дүүрэн 
Өгсөн нь сэтгэл дүүрэн болдог сайхан сэтгэлийн үйл юм. Иймээс гэр бүлийн хүрээнд хүүхэд багачууд, өтгөс хөгшид, ойр дотнын хүндээ бэлэг баривал тэд санаа сэтгэгдэл өндөр, баярын урамтай сар шинээ угтах болно. Цагаан сараар  бүгд өөдрөг, хийморлог, цог жавхаатай байж, санаа сэтгэлээ ариусган гэгээлэг зүйлийг мөрөөдөж, билэг дэмбэрэлтэй үг ярьж, ойр дотны хүмүүстээ бага гэж басахгүй, баян гэж бялхахгүй ч бэлэг авч байгаа хүний сэтгэл санаанд нь нийцэх зүйл байх нь л тохиромжтой. Хүнд бэлэг барихдаа энэ үйлд онцгой ач холбогдол өгч, нүүрийн баясгалантайгаар сайн сайхныг хүссэн ерөөлийн үг хэлж, бичиж үнэн санаанаасаа өгөхийг хичээвэл баярын урам улам нэмнэ. Бэлэг зөвхөн өгөх эзэндээ л зориулагдсан байх агаад зөв сонгох учиртай, эрэгтэйд дээлийн эмжээр, эмэгтэйд хөөрөгний дайлан гэх мэт бэлэг зохихгүй. Хөргөгч, тоос соригч, телевизор гэх мэт бэлэг эхнэртээ ч юм уу, нөхөртөө баривал  хэн хэнд нь сонин биш л санагдах байх.  Харин шинээр гэр бүл болж буй хосуудад бол ийм бэлэг зохино гэх мэт. Иймээс бэлэг бол зөвхөн гэр бүлийн хүрээнд, гар цайлгах хэмээх боловч гол агуулга нь үнэ цэнэ дээ бус сэтгэл цайлгахад оршдог аж. Өрөө бэлгээр бүү хаа, хүнд хэрэггүй юмаар, нэр зүүх байдлаар бэлэг бүү барь, бага ч гэсэн өгч буй  хүнд тохирсон, чамин, хөөрхөн, хөгжилтөй зүйл байвал зүгээр юм уу. 
 
Баярын наадгай  
Битүүн болон шинийн нэгний үдэш малаа хотлуулж дуусаад, халуун ам бүлээрээ цугларч өдөр хоногийг өнжин хүлээж бэлдсэн бууз, банш, чанасан мах тэргүүтнээ зооглон олныг хамарсан хөгжөөн наргиантай тоглоом наадаж өнгөрөөдөг зан үйл өвөг дээдсээс маань уламжлан үлдсэн юм. Эрчүүд адуу шургуулж уургалах, бооцоотой уралдах зэргээр наадна. Өвөл хурдан морь уяж, хүүхэд уралдахгүй зөвхөн насанд үрсэн эрчүүл хоорондоо наргиан болгон ойрхон айл саахалтын хооронд л унасан морьтойгоо уралддаг. Үдэш бүгдээр эрээн хорол тоглоомоо өрж, эрхий мэргэд шагай харвах, энгийн олон таалцах, алаг мэлхий өрөх зэрэг тоглоом наадгай болдог байлаа. Хорол бол эрдэнийн дугуй зөн билэгдлийн хээ бүхий эцэг өвгөдийн маань өнө эртнээс хойч үедээ уламжлуулан ирсэн үндэсний тоглоом юм. Хуш, нарс, шинэс, зандан, яс, хуваар уран гоё сийлж түүндээ тэнгэр, газрын дөрвөн их хүчтэн, хас тэмдэг, арван хоёр жилийн бүх амьтныг дээдээс нь дараалуулан сайн бүхний билэгдлийг бүхнийг багтаасан жаран ширхэг модтой |дүрстэй| байдаг. Хамгийн дээд мод нь хорол тоонт монголчуудын хан төрийн долоон эрдэнийн нэг, алт эрдэнээр өөрөө бүтсэн Хорол эрдэнэ. Дараа нь амьтан бүхний таван хүсэл буюу таван мэдрэхүйг баясгагч тэнгэр, газар,  хүмүүн гурвын  бэлгэдэл  Чандмань эрдэнэ, хорт эрээн могойг ган хошуундаа зуусан агуу хүчит жигүүртний хаан Гарди, араатны хаан арслан, бар, энх амгалан, бат бөхийн бэлгэдэл, түмэн насан хээ Хас эрдэнэ, цаглашгүй хүчит, цангах өлсөхийн зүдрэл бүхнийг тэвчивч цааш бусдад хорлонгүй  Заан гэх мэтээр  нутаг бүр өөр өөрөөр ордог. Монголчууд өөрсдөө нарс, хуш, хус, зандан, зааны соёо болон бусад зүйлээр сийлж хорол хийдэг. Манай нутагт |Сэлэнгэ, Баруунбүрэн| Хишигбадрахын Дагва бичээч гэж уран сийлбэрч лам хүн байлаа. Түүний сийлсэн хоролын нэг онцлог бол хоролын дараах мод ХАС тэмдэг байдаг. |Энэ хүн 1938 онд аав, дүү хоёрынхоо хамт хэлмэгдсэн|. Тоглох журам нь даалуутай төстөй боловч өөрийн гэсэн монгол үндэсний онцлог бүхий  хэллэг гуншинтай байдаг. Үүнээс гадна үүчүүр хэмээх арслан тэргүүтэй амьтны зурагт тоглоомыг таван шоогоор, улаан, хар өнгөөөр тоглоно. Мөн буга намнах,  цагаан тэмээ, чоно тарвагацах гээд гадаа цасан дээр наадацгаана, мөн манай нутагт “Шар нохой гүйлгэх” гэж цагаан сараар тоглодог олныг хамарсан нэн хөгжилтөй наадгай санаанаас минь ер гардаггүй юм. Сар шинийн сардаа мартагдсан хуучны энэ соёлын нэгэн өвөө дахин сэргээвэл өлзий буянтай үйл болно. Шар нохой гүйлгэхэд хоёр тал болж өөд өөдөөсөө харин суугаад онцгой уран эгшинлэнт үг, толгой холбосон шүлэг дайралцан наадна. Оролцогсод хоёр тал болоод нэг тал нь алгаа дэлгэн суухад шар нохой гүйлгэгч уран үгээр таагч талыг сатааруулж байгаад дэлгэсэн алганы дундуур нохойгоо гүйлгэж тэдний хэн нэгний алганд  “нохойгоо” |шагай байж болно| нууж нөгөө тал нь олно.
 
Олсон тал нь шан авах агаад түүнд нь шар цаас, шаант чөмөг, үзэмтэй будаа байх жишээтэй. Энэ мэтээр хоёр тал байраа солин таалцана.Шар цаас гэдэг нь тэр үеийн нэг төгрөг-эд баялгийг, шаант чөмөг нь мал сүрэг өсөхийг, үзэмтэй будаа нь гэр бүл өнөр өтгөн байхыг бэлгэдэх ажгуу. Мэдээж орчин цагийн сонирхолтой, хөгжилтэй олон сайхан тоглоом бий. Хуучныг сануулахын учир бол эцэг өвгөдийнхөө олонзуу зуун жилээр хойч үедээ өртөөлөн дамжуулж ирсэн өв соёлоо хадгалж, мартагдсаныг сэргээж байхын тулд бөлгөө. Сар шинийн идээ шүүсийг шинийн эхний долоо хоногт хурааж ууцаа үе үеэр нь нугалж хөлдөөдөг ба сүүлдэж ирсэн айлчин зочинд халааж өгдөг байв. Дээр миний өгүүлсэн зүйл бол цагаан сарыг өсвөр багад минь аав ээж маань баримтлаж ирсэн хуучны ёс заншил юм. Мэдээж газрын газрын заншил, гол голын замаг ...  гэж өөр өөр байх. Өнөөгийн хүмүүс үүнийг бүгдийг ёсчлон дагах албагүй, зөвхөн санаа авахад чиглэгдсэн бөгөөд утга, агуулгаа алдсан саарыг нь орхиж сайныг нь улам төгөлдөржүүлэн үр хүүхдүүддээ зааж тайлбарлан үлдээх нь л Танд хүргэх миний гол санаа юм шүү. Энэ бүхэн цөм билэгдлийн чанартайг уншигч Та ажиглаж мэдсэн буйзаа. Цагаан сарын ёслолыг орчин цаг үе, хүмүүсийн сэтгэлгээг дагаж эгэл олонд чирэгдэлгүй, энгийн төсөр болгон шинэчлэх шаардлага монгол түмний суурин иргэншил, хот суурин газрын амьдралаас урган гарч буй асуудал яах ч аргагүй мөн. Тэгэхээс ч өөр аргагүй юм. Ус ундаргад, буян хэмжээнд гэж... өөрийн бэл бэнчин, байгаа боломжид тааруулах нь яаж ч бодсон дээр, бүх зүйлээ энэ  өдрүүдэд дуусгалгүй дараагийн сар шинэ хүртэл 365 хоног ард хүлээж буйг бодолцох нь зөв буйзээ. 
 
Гадаадад суугаа монголчууд  
Гадаадад суугаа монголчууд бид цагаан сараа яаж тэмдэглэх нь зөвхөн өрх гэрийн гишүүдээс л шалтгаална. Өөр хэнээс ч бус. Шинийн нэгний өглөөний наран АНУ-ын зүүн эрэгт бол Монголоос 12 цагийн дараа мандана. Гадаад оронд цагаан сараар монголын хууль үйлчлэхгүй тул энэ өдөр ажлын өдөр тааралдаж болох бөгөөд тийм үед арга буюу ажилдаа явах л шаардлагатай болно. Энэ бүхнийг өөрсдийнхөө боломжоор зохицуулах нь л чухал. Ийм нөхцөлд бүх юм авсаархан, товчоорхон байх агаад битүүний  орой нь өөрсдийн дуртай хоол хүнсээ хийж, идээ тавьж, өглөө нь золгох хүмүүстэйгээ золгож ажилдаа явахдаа мөр зүгээ гаргая гэвэл гэр бүлд нэг нь бусдыгаа төлөөлөн өөрийнхөө мөр зүгээ гаргахад харшлах зүйлгүй. Заавал ууц, олон давхар тавгийн идээ, энээ тэрээ гэх огтхон ч шаардлагагүй, өөрсдийн гарын дор байх идээ будаагаар авсаархан битүүлж цагаалахад хангалттай болно. Харин ямар нэг монгол хувцас, эдлэл байвал зүгээр. Хэрэв бүрэн хувцас үгүй бол малгай, цамц, бүр үгүй бол монгол оймс ч байж болно. Гол нь хүн бүхэн сэтгэл санаа хиргүй тунгалаг, өгөөмөр тэнүүн байх учиртай. Бие, хувцас цэвэрхэн ч сэтгэл нь бохир бол буян хишиг өнгө үзэмж төдийд үлдэхээс агуулгад үл шингэнэ. Иймээс сэтгэл санаагаа ариун байлгаарай. Нутаг орондоо байгаа өөрсдийн эцэг эх, төрөл садандаа утас, мэйлээр амар амгаланг эрэн, сар шинийн мэнд дэвшүүлж гэр орондоо өөрсдийн дуртай зүйлээ хийж хүүхэд хөгшдөө баярлуулж энэ хүрээнд цомхон тэмдэглэх нь өлзийтэй. Хэлбэрээс агуулгыг мөнөө эрхэмлэн нэгэнт үеэ өнгөрөөсөн зарим зүйлийг үндэсний эв нэгдэл, зан суртахуун, амьдрал ахуйдаа тохируулан шинэчлэхэд харшлах, айх зүйл ер үгүй. Нутгийн зүгт залбиран, жижигхэн авсаар идээ бэлдэж болох юм. Хамгийн гол нь өөрсдөө сэтгэлээр ариун, сэтгэгдлээр өндөр, хүн бүрийн хийморь, баяр баясгаланг гийгүүлдэг энэ өгөөмөр өдөр зөн бэлгэдэл, ёс суртахууны ариун чанар шингэсэн жинхэнэ монгол үндэстний зан заншил, үндэснийхээ өв соёлын гүн утга агуулгыг хадгалан хойч үедээ үлдээх явдал юм.
 
Хойч үе цаашдаа хүний ёс жудаг шингэсэн өвөг дээдсийнхээ захиасыг ямагт санаж залгамжлуулж явах нь дамжиггүй. Ингэж бид өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өнгө төрхтөй байснаар монгол хүн монголоороо үлдэж улс үндэстэн оршин тогтнож ирсэн түүхтэй бөлгөө. Үүнийгээ бид хэзээ ч огоорч үл болно. Эцэг өвгөдөөс уламжлан үлдээсэн өв соёл, ёс заншлаа  хойч үедээ өвлүүлж  үлдээх нь тэд эх оронч байх бат суурь,  эх орондоо  эзэн  хүн болох  эхлэл  болой.
Өчүүхэн галын дөл байвчиг түнэл харанхуйг гийгүүлдэг. Тэр гэрэл гэгээ орон гэрт тань, сэтгэл зүрхэнд тань өнө мөнхөд оршиж байхын өлзий төгс ерөөл дэвшүүлж, дэлхийн олон улс оронд ажиллаж, амьдарч, сурч буй улаан залаат, хөх толбот монгол түмэн болон миний ФБ-ийн өргөн олон уншигч Танаа гарч буй “Буян үйлдэгч” хэмээх усан Бар жилийн амар амгаланг айлтган амар мэндийн цэнхэр хадгаа дэлгэн “Цагаан сар бол монголчуудын эв нэгдлийн баяр ” хэмээх энэ нийтлэлээ эрхэм уншигч Таныхаа өмнө  өргөн  баръя. Та бүхэн өрх гэрээрээ нүүр дүүрэн жаргалтай, бие эрүүл, сэтгэл тэнүүн Сар шинэдээ сайхан шинэлээрэй.. 
 
 
Найдансүрэнгийн Бадарч
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан