Намаараа л наад, Төрөөр тоглоод хэрэггүй, хэрээс хэтэрлээ


Гишүүдийн гарын үсгээр Их Хурлын дарга огцроод байх юм бол, парламентын засаглал цаашаагаа юу руу явах вэ?

 
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохгүй бол чуулганы хуралдаанд суухгүй гэж Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар тэргүүлсэн гишүүд өчигдөр /2018.11.22/-нд мэдэгдэл хийсэн. Их хурлын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд нь МАН-ын хагарсан хоёр талын У.Хүрэлсүх толгойлсон хэсгийнхэн. Тэдэн дээр Ж.Батзандан, Л.Болд нарын АН-ын гишүүд бас нэмэгджээ. М.Энхболдыг огцруулах гээд байгаа шалтгаан нь “Засгийн газрыг огцруулах бичигт өөрөө гарын үсэг зурчихаад, тэгээд өөрөө хүлээж авсан” гэх.
2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, 65 суудал авсан МАН 2017 онд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагаснаар хоёр хуваагдсан. Энэхүү талцал хуваагдал өдгөө ч үргэлжилж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг эрх мэдэл албан тушаалтай хүмүүсийн баян компаниудад тэрбум тэрбумаар нь тараасан асуудлаасаа болж огцрох дээрээ тулаад байгаа. МАН-ын хоёр талцсан хэсэг бие бие рүүгээ “сөрсөн базаа”  хийж байсан нь одоо бүр улаан цайм шантааж руугаа орж байна.
МАН-ынхан, намаараа яаж ч тоглож болно. Бас засгаа хэд ч унагаж болно.  Олон засаг унагавал олон гишүүн нь намтартаа “Сайд байсан” гэдэг тодотгол нэмнэ биз. Харин Монгол төрөөрөө тоглож шантааж хийж эхэлж байгаа нь  МАН-ын наадаан хэрээс хэтэрч байгааг харуулж байна. Гишүүдийн гарын үсэг зурснаар Их Хурлын дарга огцроод байх юм бол, энэ төр, парламентын засаглал цаашаагаа юу руу явах вэ. Хуулиа дагахгүй юм бол, хуулийнхаа хүрээнд хийхгүй, өс хонзон эсвэл сэтгэл хөдлөлөөр хандсан байдлаар асуудалд хандаж хүчээр дарамт шахалтаар эсвэл шийдэх юм бол М.Энхболдын оронд Бурхан Будда, Ийсүс Христийг авчраад суулгасан ч огцруулах нэг шалтгаан гаргаж ирж л таарна.
 

 Түүхэнд нэг хүний гаргасан хүчин зүтгэл түр хугацаанд ул мөрөө үлдээхээс илүү хожмын үр дагавар нь голлох явдал байдаг гэдэг.

 

Парламентын гишүүд гарын үсэг зурсан нь Их Хурлын даргыг огцруулах үндэслэл болох уу?

 
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” /20 дугаар зүйл/ гэж заасан.  Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно /24-ийн 2/ гэсэн заалт бий. УИХ-ын даргыг огцруулж байсан жишээ бий. Өдгөөгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа Үндсэн хууль зөрчин улмаар огцорч байсан. Үндсэн хуулийн цэцээс  “Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Улсын Их Хурлын бүрэн эрхэд удаа дараа халдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь түүнийг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно” хэмээн тогтоол гаран УИХ-ын даргыг суудлаас нь буулгаж байсан билээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд  Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулахын дараахь байдлаар зааж өгчээ. Үүнд:
10.2.1. нас барсан;
10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;
10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэдэг үндэслэлүүд багтжээ. Тодруулбал, энд УИХ-ын гишүүд гарын үсэг зураад даргыгаа огцруулах талаар үг үсэг байхгүй. Хуулийн энэхүү заалтыг зөвхөн М.Энхболд гэдэг хүнд зориулаад хийчихээгүй нь лавтай. УИХ гэдэг бол Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага. Тэгэхээр төрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ингэж хуульчилжээ гэж ойлгож болно. Монгол төрийн тогтвортой байдал гэдэг Засгийн газар тогтвортой ажиллахаас  тэс өөр ойлголт гэдгийг мартаж болохгүй.
 

Жишиг бас хожмын үр дагавар юу болох вэ?

 
Түүхэнд нэг хүний гаргасан хүчин зүтгэл түр хугацаанд ул мөрөө үлдээхээс илүү хожмын үр дагавар нь голлох явдал байдаг гэдэг. Энэ үгийг АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельттэй холбон хэлэх нь бий.  Рузвельтийг Ерөнхийлөгч байх цаг хугацаа АНУ-ын аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийн он жилүүдтэй давхцаж байсан бөгөөд энэ үед тэрээр өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд 230 сая акр газрыг хамгаалалтад авах шийдвэр гаргасан байдаг аж. Аж үйлдвэр хөгжүүлэх, ажлын байр бий болоход саад боллоо хэмээн Рузвельтийг тухайн цаг үеийнхэн нь шүүмжилж байсан бол харин хожмоо энэ шийдвэрийнх төлөө түүнийг магтан сайшаадаг болсон. Учир нь түүний гаргасан шийдвэр нь байгаль орчноо хамгаалах анхны алхам болж, дэлхийд алдартай тусгай хамгаалалттай байгалийн үзэсгэлэнт бүс нутгийг бий болгосон.
Тэгвэл Их Хурлын даргыг огцруулах гэж гарын үсэг зурсан гишүүдийн үйлдэл, Их хурлын даргын хариу үйлдэл хоёрын хожмын үр дагавар юу байх вэ. Өнөөдөр нэг талаасаа улстөрийн шантаажийг ингэж хийж болох нь гэдэг хичээлийг энэ цаг үед төр түшиж байгаа гишүүд ирээдүйд гарч ирж болзошгүй “сэгсэлзүүрүүдэд” зааж өгч үлдээж байна. М.Энхболд гэдэг хувь хүнийхээ хувьд шахалт дарамт элдэв зүйлээс болж Их Хурлын даргын албан тушаалаас болж татгалзаж болох хувилбар бий. Гэхдээ Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын хувьд  тэрээр хуульд зааснаас өөр үндэслэлээр, тэр тусмаа гишүүдийн гарын үсгээр огцорно гэвэл хожмын үр дагавар нь Монгол төрийн тогтвортой байдлыг алдагдуулж, парламент дээрээ бужигнаж байдаг тийм л эмх замбараагүй байдлын эхлэл болно.
Түрхэн зуур нөлөөтэй улс төр хийх үү,  түүхэн үр нөлөөтэй алхам хийх үү гэдэг нь УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг зурж, бойкот хийж байгаа гишүүдэд ч, Их Хурлын даргад ч адилхан хамаатай.
-Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална /23-ийн 1/,
-Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна  /41-ийн 1/ гэсэн Үндсэн хуулиар хүлээсэн УИХ-ын дарга, гишүүд болон Засгийн газрын танхимын тэргүүн Ерөнхий сайд нар биелүүлж, намынхаа хагарал зөрчлийг Монгол төрийн хямрал болгохоо зогсоох нь угтаа бол нийтийн эрх ашигт нийцсэн алхам. Нийтийн талцан хэмлэлдэж байгаа хоёр тал яаж нэгнээсээ илүү давж гарах гэж л улайрч байгаагаас бус намын хийгээд нийтийн эрх ашгийг ялгаж салгах сөхөө алга. Энэ бүхнээс нь  ирээдүйд гарч болох үр дагавар  нь МАН 2021 онд 100 жилийн ойгоо гудамжинд тэмдэглэх бэлэг хүлээж авна гэдэгт ч эргэлзэх хэрэггүй буй заа.

Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан