Хятадуудын авокадод дурлах болсон нь ямар учиртай вэ


Авокадо буюу Хятадад матрын жимс, тосон жимс гэх зэргээр нэрлэгддэг нэгэн онцгой амттан сүүлийн үед Хятадын хот хүрээний дундаж давхаргынхны дунд ихэд дэлгэрээд байна. Ердөө хэдхэн жилийн өмнө энэ жимсийг мэдэх хүн Хятадад бараг байсангүй. Мөн хэдхэн дэлгүүрт зарагдаж байсан нь ихэнхдээ маш өндөр үнэтэй, ганц ширхэг нь бүр 50 юань буюу 7.30 ам.доллараар зарагдаж байлаа. Харин сүүлийн жилүүдэд ширхгийн үнэ нь 15 юань болтлоо буурч, нийлүүлэлт нь ч нэмэгдсэнээс авокадо бараг “моод” болжээ. Өнгөрсөн 2017 онд Хятад улс бараг 30 мянган тонн авокадо импортолсон нь 2011 оныхтой харьцуулахад мянга дахин өссөн үзүүлэлт юм. Ийнхүү Хятад улс энэхүү “алтан жимс”-ний хамгийн том 10 зах зээлийн нэг болоод байна. 
Илүү нийлүүлэлт
Хятад улс Мексикээс бүр 2005 оноос эхлэн авокадо импортолж байсан ч энэ жимс 2016 он хүртэл хятадуудад танигдаагүй гэхэд болно. Хятадын гааль 2005 онд авокадод 25 хувийн татвар ногдуулж байсны дээр нэмүү өртөгийн албан татвар нь бүр 13-17 хувь байлаа. Тэгэхээр нийт татвар нь бараг 40 хувь байсан гэсэн үг. Гэтэл бусад жимсний татвар дунджаар 10 хувь байв. Үүнээс болж авокадо Хятадад худалдаалагддаг хамгийн үнэтэй жимс болжээ. Үнэ өртөгөөс гадна авокадогийн амт хятадуудад огт танил биш байлаа. Шинэ Зеландын киви, Америкийн жүрж зэрэгтэй харьцуулахад авокадо “хачин”, “амтгүй” байсны дээр хятадууд энэ харь жимсийг яаж идэхээ мэдэхгүй байв. 
2014 онд авокадогийн бас нэгэн томоохон нийлүүлэгч Чили улс бүтэн дөрвөн жилийн зөвшилцлийн эцэст Хятадын зах зээлд нэвтрэх эрхтэй болжээ. Дараа жил нь Перу улс мөн авокадо нийлүүлж эхлэв. Энэ хоёр улс хоёулаа Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан тул илүү татвар нэмэх шаардлагагүйгээр авокадогоо нийлүүлэх болсон байна. Мексикийн авокадо ч мөн ялгаагүй, 2016 оноос эхлэн өмнөхөөсөө 10 хувиар бага татвартайгаар Хятадын зах зээлд худалдаалагдах боллоо. Ингэснээр Хятад улс 2017 онд Чилиэс 16.700 тонн, Перугаас 6700 тонн, Мексикээс 8800 тонн авокадо тус тус импортолжээ. Нийлүүлэлт ийнхүү хангалттай хэмжээнд өссөнөөр үнэ нь буурч, авокадо илүү олон хэрэглэгчид хүрэх боломжтой болсон байна. Одоо Хятадад зарагдаж буй авокадогийн үнэ ширхэг нь 10-15 юанийн хооронд буюу 1.46-2.19 ам.доллар байгаа нь хүссэн хэн ч авч болохоор боломжийн үнэ юм. 
Эрүүл мэндээ анхаарагч шинэ үеийнхэн
Авокадогийн үнэ ийнхүү хямдарснаас гадна Хятадын миллениалууд буюу шинэ мянганы залуус эрдэс бодис, шим тэжээл ихтэй уг жимсний эрүүл мэндэд тустай талыг ихэд үнэлж байна. Авокадо нь омега-3 тосоор баялаг, мөн C, A, E амин дэм, их хэмжээний кали, өөр ямар ч жимсэнд байхгүй хэмжээгээр эслэг, уураг агуулдаг. Нэг ширхэг авокадод 975 миллиграм кали байх бол ширхэг гадилд энэ нь ердөө 487 миллиграм байдаг аж. Иймээс авокадо нь эрүүл хооллолтыг эрхэмлэдэг хэн бүхэнд онцгой супер жимс юм. Хятадын зарим супермаркетууд авокадогийн энэ ашигтай талыг ашиглан “Даралт бууруулна”, “Үрчлээ арилгана”, “Хорт  хавдраас сэргийлнэ” гэхчлэн эл жимсийг сурталчилж байна. 
Дэлхий дахинд эрчээ авсан эрүүл хооллолтын давалгаа Хятадын хэрэглэгчдэд ч нөлөөлөх болжээ. Хүмүүс хийжүүлсэн ундаанаас илүү жимсний цэвэр шүүс, ердийн талх, нарийн боовноос илүү бүхэл үрийн бүтээгдэхүүн, самар, овьёостой хүнс хэрэглэхийг илүүд үзэх болж. Хятад дахь KFC хүртэл шарсан тахианы бургер, тако зэрэгтээ авокадо нэмэх болсон байна. 
Авокадо жимстэй холбоотой бас нэгэн үгүйсгэхийн аргагүй үнэн бол энэ жимс зурган дээр маш сайхан гардаг гэх баримт юм. Хүмүүс нийгмийн сүлжээнд авокадогийн зураг тавих нь их байдаг. Хятадын Twitter гэгдэх Weibo дээр гэхэд л авокадо нь хоол хүнсний гэрэл зургийн салбар дахь нэгэн содон “од” болжээ. Хятад залуус авокадог зүгээр ч нэг эрүүл хүнс, гоё жимс гэж бодоод зогсохгүй тун ч “загварлаг” эд гэж харах болж. 
Харилцан ашиг
Авокадогийн нийлүүлэлт, хэрэглээ өссөн нь зөвхөн хятадуудын хоол хүнсийг баяжуулаад зогсохгүй Латин Америкт хэдэн мянган ажлын байр шинээр бий болгожээ. Перугийн хэдэн мянган иргэн авокадогийн худалдааны салбарт шинээр ажиллах болсон бөгөөд тус улс цаашид Хятад руу бусад төрлийн жимс, ноос ноолуур худалдахыг зорьж байгаа аж.  
Мексик шар айраг, салса сүмс, бразил жүрж, чили интоор гэхчлэн хятад худалдан авагчид Латин Америкийн хүнс, бараа бүтээгдэхүүнийг сонирхох нь жилээс жилд нэмэгдэж байна. Өдгөө Хятад улс Латин Америкийн орнуудын хувьд гуравдагч том экспортлогч нь болжээ. Тус улс 2000 онд Латин Америкийн бүх экспортын барааны ердөө ганц хувийг хүлээн авч байв. Харин зах зээлийн нээлттэй бодлого хэрэгжүүлснээр энэ тоо одоо 10 хувьд хүрээд байна.



 
 
 
Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:CCTV.com
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан