Эрүүгийн хуулиа өөрчилье, Ерөнхийлөгч өө!

УИХ-ын дөрвөн гишүүнийг “авран хамгаалах” ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн (Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан) оройлон ажиллаж,  Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын олонхи гишүүд туслан гүйцэтгэв.
Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн нөхцөл байдлыг үнэлж цэгнэсний үндсэн дээр “Хуулийн байгууллагын шалгалтын ажиллагаа дуусаагүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэдэг дүгнэлтэд хүрсэн гэв. “Шалгаж дуусахаар нь түдгэлзүүлэх” заалт хуульд байдаг бил үү, ингэхэд. “М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахад дөрвөн кноп дутах учраас энэ удаа түдгэлзүүлээд яах вэ” гэж ярилцсан юм уу даа. Ц.Нямдорж сайд лав ингэж хэлж, тэгж ойлгож.
Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэхээр хоёр шөнө дамнан хуралдсан гишүүд ерөнхийдөө хоёр л зүйл ярьсан.
Нэгдүгээрт, “Ерөөсөө ЖДҮ-гийн асуудал босч ирсэн нь сайн юм боллоо. Яах аргагүй хулгай хийх нь хийчихжээ. Даанч хариуцлага тооцох гэхээр хууль нь байхгүй юм байна. Тийм болохоор хуулиа эхлээд гаргачихья, шударга ёс аяндаа тогтоно” гэцгээсэн. Ашиг сонирхлын тухай хуулийн 20.2 (УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн..., эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд ньнээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь эзэмшигч, хамтрагч байхыг хориглоно) заалт, “УИХ-ын гишүүн ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална”, “Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байна” гэсэнҮндсэн хуулийн зарчим үйлчлэхгүй юм байна, энэ хүмүүст.
Хоёрдугаарт, юу ч хамаагүй ярьсан. ЖДҮ-гийн асуудлыг яагаад жагсаалтай зэрэгцүүлээд оруулаад ирэв? Яагаад өмнө нь, эсвэл дараа нь оруулж ирээгүй юм? С.Баярцогт юу болсон бэ, Ц.Элбэгдоржийг яах гэж байна? “Хамар” Ганболдыг юу яасны дараа Дорлигжавыг яагаад баривчлав? гэх мэтчилэн. Хэн нь хэнийгээ шалгаж байгаагаа ч сүүлдээ бараг ойлгохоо больсон (байх).
Гэвч нэг зүйл тодорхой болсон нь УИХ-ын дөрвөн гишүүн ямар ч байсан гэмт хэргийн чанартай үйлдэл хийжээ. Уг нь бол дөрөв биш, гучин гишүүний асуудал яригдаж байгаа юм байна. Зарим нэг нь гэмгүй гэдгээ нотлоод явсан юм байна. Заримынх нь асуудал удахгүй орж ирэх юм байна. Харин тэрнээс өмнө УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шаардлага эдгээр нөхдөд байгаа юм байна.
Нэгэнт УИХ дөрвөн гишүүнийхээ бүрэн эрхийг аваад үлдсэн учраас УИХ-ын дарга огцрох нь тодорхой, тэд огцруулах нь тодорхой. Ерөнхийлөгч маань өөрийн биеэр “УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар огцруулж болох” хуулийн төсөл өргөн барьж, тэр нь УИХ-аар дэмжигдсэн учраас “МАНАН-г дарах” МАН-ын төлөвлөгөө хуулийн маргаангүй хэрэгжих нь тодорхой. Харин “МАНАН-г дарчихаад ЖДҮ-чдийг цэвэрлэнэ” гэсэн МАН-ын даргын үг л эргэлзээтэй болчихлоо.
Ингээд бүх юм эхэлсэн байрандаа эргээд ирлээ. Хоёр сарын өмнө ЖДҮ зээлийн асуудал анх босч ирэхэд л Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэлж байсан. Энэ их хурал Эрүүгийн хуулийн 22.2-т байсан “албаны эрх, нөлөөгөө урвуулан ашиглах” гэдэг заалтыг алга болгочихсон байна. Одоо байгаа 22.1 (албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) заалтаар зээл олгосон сайдад нь, ЖДҮ сангийн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэж болох ч зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох хуулийн боломж хязгаарлагдмал болчихлоо гэж. Тэр ч ёсоор боллоо.
Тиймээс энэ “завшааныг” ашиглаад ядаж Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулья. Эрүүгийн хуулийн 22.2-ыг эргүүлж оруулж ирье, Ерөнхийлөгч өө!

Б.Заяа
 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан