Сүүлийн өдрүүдэд Засгийн газрын зарим гишүүн цахим орчинд амьдрагчидтай нийлэн, үндэсний үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчдаа харааж эхлэв. Тодорхой дурдахад “Мон цемент”, “Мак цемент” гэх хоёрхон үйлдвэр байгаагаа ад үзсэн давлагаа илтэд өрнөж байна. Энэ нь өнгөн дээрээ цементны үнээр эхэлсэн боловч цаана нь өөр асуудал байна. Цаад тал руу өнгийн харвал Хөгжлийн банкны асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн, хувь улстөрчид өрсөлдөгчдөө намнах зорилгоор банкны чанаргүй зээлдэгчдийн цуваанд замд тээглэж байгаа нэгнийхээ нэрийг дурдаад үзэж эхэлсэн. Ингэхдээ сэтгүүлч гэхээсээ илүүтэй цахим орчинд идэвхтэй ажиллаж амьдардаг хүмүүсийг ашиглав.
Тэд ч нэр бүхий улстөрчдийг “намнах” захиалгатайгаа хавсран хувийн өс хонзонгоо авах замаар бүр ч гал авалцав бололтой. Эмээлт төсөл яав, Дарханы Хөнгөн үйлдвэрийн төсөл яав гэж асуумаар байна.
Сүүлдээ цементны үнэ дагаад тээврийн хөлс, материалын үнэд боомилуулж суугаа барилгачид орж ирэв. Хил гаалиас эхлээд үнэд дарлуулсан барилгачид яах учраа олохгүй захиалагчдаа дарамтлуулан суугаа. Зарим нь эхнээсээ шүүх, цагдаа дээр очоод байгаа нь хамгийн том бухимдал биз дээ. Цар тахал, материалын үнэ, хомсдлоос болоод барилгачид захиалагчдаа хугацаанд нь оруулж чадаагүй олон жишээ байгааг энд дурдах гээд яахав. Захиалагчид гэхээр тэдний гэр бүл байгаа. Энэ галыг өрдөж байгаа нь улстөрчдийн оролцоотой оролцоогүй цемент импортлогчид зүй ёсоор орж ирнэ гэхээр хүрээ улам л томорно. Үнэ хямд хятад цемент олон жил шахаад амьдарчихсан хүн маш олон бий.
Ингээд үндсэндээ ганц нэгэн улстөрчдийн өрсөлдөгчдөө “намнах” ажиллагаа ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдээр дамжин, барилгачид, орон сууц захиалагчид, тэдний гэр бүл гээд маш өргөн хүрээг нэгэнт хамарчээ. Ийм л өчүүхэн хувийн эрх ашиг нь өнөөдөр нийгэм бүхэлдээ үндэсний үйлдвэрлэгчээ хараан зүхэх, ад шоо үзэх том асуудал болж хувирлаа. Захиалга өгсөн улстөрчийн зорилго биелээд бүр давж гарч байна. Хөөрхий өрсөлдөгчөө “намнах” гэсэн улстөрч маань ийм үндэсний хэмжээний том асуудал болно гэж тооцоогүй байх. Тэгэхээр тэд одоо нүдээ анихаас өөр аргагүй. Хамгийн гол нь өндийж ядан буй үндэсний бүтээн байгуулагчид яах юм. Тэдний нөмөр нөөлөгт ажиллаж амьдарч байгаа олон мянган хүнийг яах вэ гэдэг асуудал орж ирнэ. Нөгөө талд төрөөс энэ тал дээр авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээ байгаа төдийгүй баримт бичиг, бодлого байгаа.
Тухайлбал, Төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого, түүн дундаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого салбарлан гарч буй. Үндэсний үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УИХ-аар баталсан олон хууль тогтоомж бий. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого баталсан. Өндөрт гарч, газар авахаар амжилт байхгүй ч засаж сайжруулан, шахаж шаардаад өөрийнхөөрөө мөлхөж байгаа салбар бол үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орчин.
Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77 хувь нь, нийт ажиллах хүчний 72 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17.8 хувь, экспортын 2.3 хувийг жижиг, дунд үйлдвэрийн салбарт үйлдвэрлэж байна. Энэхэн статистикаас харахад олон хүний хувь заяа энэ салбарын нуруун дээр байгаа. Тэгвэл өдгөө хараал зүхлийн бай болоод байгаа “Мон цемент”, “МАК цемент”-ийг тухайлан авч үзэхэд л хангалттай шүү дээ.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд эхний ээлжид 57 их наяд, бүрэн хэрэгжүүлэхэд нийт 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай гэж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлууд, түүний гарц шийдлийн тухай зургаан багц асуудлыг хөндсөн ч хэвээрээ байна. Жишэээ нь боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин, Эрчим хүчний чадал 2.5 дахин нэмэгдэж, хөгжлийн мега төслүүд бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ.
Эдгээр төслүүдийн үр дүнд 2025 он гэхэд 285 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, Улаанбаатарыг зорьсон их нүүдэл багасч, хөдөө орон нутагт өндөр цалинтай ажлын байр олноор бий болно. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно гэж тооцоолжээ. Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлэх зорилт тавьжээ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байна.
Хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх аж. Хоёрдугаарт. Эрчим хүчний сэргэлтийн тухай Монгол Улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагаддаг. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах зорилт дэвшүүлж байна. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой. Нөгөө талаар Аж үйлдвэржилтийн сэргэлтийн тухай Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж юм.
Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.Монгол Улс зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох Аж үйлдвэржилтийн сэргэлт бол эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа болно гэж үзэж байгаа.
Нэгээхэн жишээ байна. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Гэтэл өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байна. Их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, нийт хадгаламжийн 81 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нийслэлд төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн арван жилд 11.8 их наяд төгрөг болжээ.
"Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулийн хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй, хариуцлагагүй байдлын төлөөс" гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс анх удаа 420 тэрбум төгрөг шийдвэрлэсэн. Тиймээс Улаанбаатар хотын нийтийн тээврийг бүрэн шинэчилж, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг гурван чиглэлд 41 километр зайд барих ажлыг эхлүүлж, эхний шугамыг 2024 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр замыг шинээр байгуулна. Богдхан төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал 50 хувиар буурч, нийслэлийн төвд байрлах тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх суурь нөхцөл бүрдүүлнэ гэсээн хаа байна вэ.
Эх сурвалж: Өглөөний сонин