Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нээлттэй хэлэлцлээ


Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох Улсын Их Хурлын үндсэн чиглэл, мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсан байдаг. Энэ хүрээнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий эсэхийг тодорхойлж хуулийн хэрэгжилтэд өртөж байгаа иргэн, хуулийн этгээдээс санал авч, мэдээлэл цуглуулан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх зорилготой Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт боллоо.
46505820_2039842869573994_803743416516083712_n.jpg
Монгол Улсад 630 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж бай¬гаагаас 120 гаруй хуульд гадаадын иргэн, аж ахуйн нэгж, тэдгээрийн эрх үүрэг, эрхэлж болох үйл ажиллагаа, хориглосон заалтыг тусгайлан хууль¬чилсан байдаг. Тэр дундаа гадаадын иргэний эрх зүйн байдлыг тогтоож, гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулж буй гол хууль нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль юм. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль нь анх 1993 онд батлагдан хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлаар 2010 онд шинэчлэн батлагджээ. Үүнээс хойш 7-8 жил болж буй учраас хууль эрх зүйн хүрээнд шинэчлэх, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага бий болжээ. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын хэд хэдэн конвенцод нэгдэн орсон, Эрүүгийн, Зөрчлийн гэх мэт олон суурь хуулийг шинэчлэн баталсан зэрэг нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг бий болгосон байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нээлттэй хэлэлцүүлэгт төрийн болон болон төрийн бус байгууллага, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэд, хуулийн этгээд, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн, судлаачид оролцож хуульд тусгах санал бодлоо хуваалцлаа.
46521456_260246044628157_1380695422883856384_n.jpg
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага, гадаад шилжилт хөдөлгөөний онолын болон улс орнуудын тэргүүн туршлага судлах, эрдэмтэн судлаачдын дэвшүүлж буй санал санаачилгыг сонсох, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлж багагүй арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлэг юм. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг өдөр тутамдаа хэрэглэж байдаг та бүгдийн санал бодол, шүүмж нь энэхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад чухал ач холбогдолтой.” хэмээн онцлов.
46674522_185631222385472_294893575529824256_n.jpg
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Г. Ганбат “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага” сэдвээр танилцуулсан бол Виз зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Г. Ганчимэг, Хяналтын улсын байцаагч Б. Өнөмөнх нар Засгийн газрын 2018 оны 145, 146, 147 дугаар тогтоолоор батлагдсан журмуудын танилцуулга хийж, мэдээлэл өгсөн юм. Уг үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн сонирхсон асуултаа асууж, санал бодлоо хэлж байлаа.
46516960_296106961008190_906592133610209280_n.jpg
Уг хуулийг боловсронгуй болгож шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгох, виз мэдүүлэх шат дамжлагыг багасгах, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэдийг гарах-орох виз авах шаардлагаас чөлөөлөх асуудлыг олон улсын жишигт нийцүүлэх, Монгол Улсын иргэнээс төрж, гадаад улсын харьяалалтай болсон иргэн, тэдний үр хүүхдэд виз, оршин суух зөвшөөрөл олгох асуудалд хөнгөлөлттэй хандах зэргийг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон дурьдав.
Ийнхүү Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нээлттэй хэлэлцүүлэг нь олон олон асуудлыг хөндөж, өргөн хүрээний багц мэдээллийн хүргэсэн, шинэлэг саналаар баялаг, ач холбогдол дүүрэн өндөрлөлөө.скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан