Украин: 102 мянган үхдэлтэй “дедмороз”-оо угтана

Украин: 102 мянган үхдэлтэй “дедмороз”-оо угтана

 

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, Телеканал ICTV, украины цэргийн зүтгэлтэн Игорь Романенко, израилийн армийн хошууч Виктор Верцнер, украины цэргийн эксперт Борислав Берёза, Павел Лакийчук, Иван Ступак нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. Украины өвлийн өдрүүд дайнаар амьсгална. Хоногтоо 600 рашист тэнгэрт явна, гэвч давшиж эзлэх гэж адгасаар стратегийн ганц ч ялалтгүйгээр өвлийн өвгөн гацуур модтойгоо золголоо.
Өнгөрсөн ням гаригийн байдлаар 102 мянга 600 оросын эзлэн түрэмгийлэгч алагдсан байдалтай дүн гарчээ. Фронт дээр сөнөөлгөсөн танк нь нийт  3016. Байлдаанд бэлэн сойлттой танк нийт 3500-тай гэсэн тоо бий. Тэгвэл Орос даяар бусад тойргуудад 500-хан танк үлджээ. Хуягт тээвэрлэгч орчин үеийн дайны гол хэрэгсэл, уналга, тээвэр, гэтэл хоногтоо 7-10-ыг сөнөөлгөж байна.
Нийт сөнөөгдсөн хуягт нь 6017. Галаар хамгийн их шүршдэг, галан давалгаагаар Украины Мариуполь, Северодонецкийг түймэрдэн байж арай ядан буулгаж авсан, гэтэл сөнөөлгөсөн их буу артиллер нь 2000 хүрч байна. XXI зууны дайны бурхан болсон нисдэг онгоц, тэрэгнүүдээ Орос маш ихээр алджээ. Нисэх онгоц 283, вертолет 267 байхгүй болжээ. ОХУ түүхэндээ хамгийн их хохиролтой, гарлагатай, ялалтгүй, нэр хүндгүй, ард түмнээсээ дэмжлэггүй дайн хийж байгааг хэдхэн тоогоор илэрхийлэхэд ийм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины зэвсэгт хүчин Донбасст Оросын цэргийн 16 атакийг няцаажээ. Орос үлэмж хохирол амссан ч давших гэж оролдон олон зуун цэргээ алуулан ухран, ахин давшина. Вагнерчууд, Кадыровчууд өрсөлдөн Путинээс нэр хүнд шагнал горьдон хүний амиар тоглоно. Купянск, Авдеевк, Бахмутын чиглэлд хамгийн ширүүн тулалдаан өрнөнө.
 
Тэр дундаа Бахмутын чиглэл бол орос-украины дайны хамгийн том талбар болж байна. Путинээ баярлуулчих санаатай энэ хот руу хагас жил довтлоод нэмэргүй. 2022 оны төгсгөлд хотыг заавал ав гэсэн хатуу үүрэг Москвагаас ирсэн, гэвч хотыг Украины зэвсэгт хүчин тогтоон барьж хяналтаасаа алдахгүй байна.
 
Луганск, Донецк мужуудыг 2014 онд үймүүлж Украинаас салгах гэж оролдсон, энэ зун намар хэсэг бусгаар нь ОХУ-ын бүрэлдэхүүнд авсан, одоо ичсэн нүүрэндээ алдчихгүй санаатай зууралдан байлдана, алхам сөөм урагш давшихыг хичээнэ. Хил орчмын Сум, Харьков мужуудыг хайр найргүй их буугаар галлана. Херсон мужийн энгийн иргэдийг үргэлжлүүлэн террорчилно. Оросын бүрэлдэхүүнд олон хоноогүйд ч өсөрхөөд иргэний дэд бүтцүүдэд нь цохилт өгнө. Цэргийн шинжээч Борислав Берёза ингэж тайлбарлав. 2014-2015 оны байлдаан бол буудлагын дайн, гардан байлдаан, гол оролцогч нь явган цэрэг, тэгвэл 2022 онд их бууны дайн өрнөж байна. Техник технологийн дайн. Дайн орвонгоороо өөрчлөгдлөө. Одоо бол их буу, танк, град катюшаар хоёр талаасаа маш ширүүн байлдаж байна. Үхэл хохирол эрс өслөө. Тэгэх тусмаа оросын хохирол украиныхаас 10 дахин их байна. Оросын армид их буу, танк шиг чухал зэвсэг алга, гэтэл фронт дээр хэдэн мянгаар нь төмрийн сэг болгожээ. Олзлуулсан, эргээд өөрсдийнх нь эсрэг ашиглаж буй танк гэхэд 1000 давжээ.
 
сонин mn
Оросын зэвсэгт хүчин, армид бүхэлдээ шинэчлэл реформ хийлгэхийг энэ дайн голд ортол нотлон харууллаа. Тооны олноор биш, чанарын үзүүлэлтээр фронт дээр өрсөлдөөд Орос тэр өрсөлдөөнд сөхөрлөө. Оросын армид асар их асуудал байна. Ялангуяа цэрэг нэг бүрийн зэвсэглэл, хангалт маш муу байна. Тиймдээ ч фронт дээр Орос илэрхий ялагдал хүлээлээ. Хэн түүний хариуцлагыг хүлээх нь ч тодорхойгүй.
 
Орост цэрэг татлагын, бэлтгэл цэргийн үүрэгтнүүдийг татдаг үр бүтээлтэй систем алга, фронт дээрхи хээрийн эмнэлэг бүр муу болхи байна, контрактникуудыг хэрхэн элсүүлэх, татах, ажиллуулдаг систем хоцрогдсон байна, цэргийн бэлтгэл сургуулилалт муу байна, арми ба нийгмийн хоорондын харилцаа буруу төлөвшсөн, оросын армийн офицерын бүрэлдэхүүний бэлтгэлийн стандарт хоцрогдсон, тийм учраас Украинд олноороо алуулсан, бүр 15 генералаа алуулчихсан байгаа тухай израилийн “ЦАХАЛ”-ын бэлтгэл хошууч Виктор Верцнер ярьж дүгнэжээ. 
Хоёр оны зааг дээр Путин гэнэт идэвхжлээ. Дайны бүтэлгүйтлээс болоод Орост  рейтинг нь хурдтай унаад эхэлсэн. Жил бүрийн 12 дугаар сард хийж хэвшсэн хэвлэлийн бага хурлаа цуцалсан, энэ онд оросуудыг тайвшруулах ямар нэгэн үзүүлэлт байхгүй, фронт дээр хавтгайдаа бүтэлгүйтэл, эх оронд нь үнийн өсөлт, рубль унаж байна, нефть ба гаазаа гадаадад ашигтай зарж борлуулж чадахгүй, орос гэр бүлийн хөвгүүд, эр нөхрүүд хар ууттай шарил болж буцаж ирдэг, нөхөн төлбөрөө ч (алагдсан цэргийн ар гэрт 7 сая рубль) тавьж чаддаггүй, иймээс гаднаас дайсны сүүдэр босгож аваад Оросын бэрхшээлийг тэдэн рүү тохохоос өөр сонголтгүй болжээ.   Кремлийн хяналтад байдаг Оросын албан ёсны суртал нэвтрүүлэг Оросын дайсныг тодруулах ажилдаа уухайлан орлоо. Хуримтлагдсан дотоодын бөөн асуудлынх нь буруутан бол америкийн химийн зэвсгийн биолабораториудад нэвт хэрүүлсэн Казахстан бөгөөд Орос–Казахстаны хооронд дайн дэгдэх нь гарцаагүй боллоо. Хэзээ мөдгүй дэгдэнэ чиг хэмээн Евгений Сатановский гэх эрдэмтэн ТВ-ээр ярив.
Ганц Казахстан биш, цаана нь Азербайжан гэж хүний үнэргүй бас нэг дайсан байна, Киевийг эзлэн авсныхаа дараа Молдов руу дайрагтун, Молдовыг буулгаж аваад Орост нэгтгэе гэхчлэн Оросын төвийн ТВ-үүдээр ам мэдэн ярьцгаана. Зеленский АНУ-д айлчлаад, Европоор тэнээд 7 хоног эзгүй байх хооронд нь Киевийг эзлэе л дээ хэмээн хатагтай Скабеева БХЯ, ЗХЖШ-аа уриалан дуудаж байгаа харагдав.  
Киевийг дахин довтлон эзлэх тухай уриа дуудлага олонтаа давтагдсаны цаана ЧВК Вагнерын нэр дуулдана. Беларусь руу хөлсний цэргүүд маш олноороо очиж байгаа ба Украины хил дээр тэд өөрсдөө Беларусь руу халдсан маягийн өдөөн хатгалга зохион байгуулаад хариуд нь Украин руу хойноос нь бөөн хүчээр халдах тухай зохиомж явж байна. 1939 онд финландын цэргийн хувцас өмссөн оросын дотоод яамны цэргүүд Зөвлөлт-Финландын хилийн ойролцоо Зөвлөлтийн жижиг тосгон руу халдаж жүжиглээд түүнийг нь томруулан СССР-ээс Финландад дайн зарлан 1940 оны хаврыг хүртэл байлдсан түүх давтагдана, түүндээ оросууд гаршсан гэсэн мэдээ таржээ. Беларусь руу хэн нэгэн гадны дайсан халдаж өгөхгүй байгаа бол тэгж халдсан болгоод Лукашенког дайнд татан оролцуулчих нь Оросын гол зорилго ажээ.
 
Тэгэхдээ зарим шинжээчдийн үзэж байгаагаар, Владимир Путинд бүх бурууг тохох нь учир дутагдалтай гэнэ. Тэр мэдээж дээд шийдвэр гаргасан. Харин тэгэхийнхээ өмнө цэргийн тусгай ажиллагаа явуулахыг гурван удаа хойшлуулж хүчингүй болгуулсан ба тийм ажиллагаа явуулах санаа оноо Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас гарч, түүнийгээ бүх талаар хамгаалж ятгасаар байгаад эхлээд Жанжин штабаар зөвшөөрүүлж дараа нь Дээд ерөнхий командлагчдаа өргөн мэдүүлжээ.
 
“За, гурав хоногоос хэтрэхгүй шүү. Маш хурдан дуусгана шүү” гэж Путин анхааруулсныг украины цэргийн эксперт Иван Ступак мэдээлжээ. Гурав хоногийн шахуу байлдаанд хамаг шилдэг сор болсон цэргээ оруулаад дуусгая гэдэг дээр санал нэгдэж, Путинээ ятгаж чадсан, тэгж санал нэгдээд, одоо бол байлдаад 11 дэх сар руугаа орон сунжирч байгаа ажээ. Павел Лакийчук ТВ-ээр ярьж байна. ОХУ-ын зэвсэгт хүчний зүгээс маш том бөөгнөрсөн хүчээр халдан довтлох аюул хэвээрээ, иймд украинчууд оросын шинэ цохилтод ямагт бэлэн байх хэрэгтэй. 2023 онд дайн үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харин оросын армийг шинэчлэн реформ хийнэ гэдэг худал болох байх. Крым руу украины цэрэг давшиж орно гэдэгт Орос маш их бэлтгэл хийж байна, Бахмутад хамаг хүчээ хаяж байна. Путин фронтын ойролцоо ирлээ, Валерий Герасимов, Сергей Шойгу, Сергей Суровикин нартай командын нууц байранд ирж илтгэлтийг нь сонслоо, ялбал ялаад, ялагдвал ялагдаад хариуцлагыг нь дөрвүүлээ үүрье гэсэн байр сууриа илэрхийллээ гэжээ. 
 
Командын нууц байр буюу цэргийн тусгай ажиллагааны нэгдсэн штабт Путин биечлэн очсон явдал дэлхий дахины анхаарлыг татлаа. Цэргийн тусгай ажиллагааны дараагийн алхам юу вэ, үнэндээ бол дараагийн ялалт юу вэ гэдэг асуултыг цэргийн дээд дарга нартаа Путин тулгаж тавьжээ. Батлан хамгаалахын сайд С.Шойгу ч нисдэг тэрэг хөлөглөн фронт дээр очсон тухай мэдээ анхаарал татсан. Гэвч залгуулаад өөр верси явж байна. Тэрээр  үнэхээр Украинд очоогүй. Зүлэг ногоо, хавар намрын байдалтай зураг гардаг. Гэтэл Украин цасанд хучигдсан, өвс ногоо байх учиргүй тул Оросын хаа нэгтээ очсон дүр эсгээд зураг авахуулсан болж таарсан. Эсвэл бүр өмнө нь авахуулаад бэлтгэчихсэн дүрсээ харуулсан байж болно. 
Гиркин гэж 2014-2015 оны Донбассын дайны баатар, Оросын ФСБ-гийн хурандаа нөхөр чухам хаанаас постлоод байгаа нь мэдэгдэхгүйгээр ОХУ-ын арми, зэвсэгт хүчин, БХЯ, Жанжин штабыг гутаан доромжилно. “Украинчууд биднийг үзэн ядаж байна, ОХУ-д байхыг тэдний хэн нь ч хүсэхгүй байна” хэмээн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгөх ба түүний үзэж байгаагаар фронт дээр Орос нь нэгэнтээ ялагдчихсан, ялагдлаа мэдрэхгүй дахин дахин давшаад хядуулаад хүний амиар тоглоод байгаа гэжээ.
Оросын зэвсэгт хүчний тоог ахиулах, тэгэхдээ байлдааны ажиллагааны шугамд хурдан түргэн очиж үүрэг гүйцэтгүүлэхийг Кремльд маш их яарна. Харин Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамсал нь урьдын темпээрээ үйлдвэрлэж бүтээж чадахгүй байна. Тийм боломж ч алга. Орост “аналогов нет”-ийн синдром хүчтэй хэвээрээ, үйлдвэрлэн байгаа, үйлдвэрлэхээр зэхсэн зэвсэг техникээ “өөр хаана ч байхгүй”, “зэрэгцэх дүйцэх зэвсэг өөр байхгүй” гэдэг хөшиж тогтсон сэтгэлгээ нь хэвээрээ боловч Оросын цэрэг-аж үйлдвэрийн хамсал Украин дахь цэргийн тусгай ажиллагаандаа үнэхээр чирэгдэн суларч доройтжээ. Шавхаад шавхаад ялалт хангах зэвсэг пуужин бүтээж чаддаггүй, байтлаа Иранаас пуужин, Хойд Солонгосоос их буу, их бууны сум авах дээрээ тулсан бололтой.
Ингэхэд энэ дайны утга учир, зорилго зорилтыг дэлхий нийт нэгэнтээ мэдсэн, тийм учраас дайны буруутнаар ОХУ-ыг нэрлэх нь түгээмэл, бас бодитой болж байна. Оросын гадаад дахь сөрөг хүчний бүх төлөөлөгч эх орноо буруутгана.
Арван хэдэн мянган донбассчуудыг аймаглан устгаад газар булчихсан тухай Кремлийн гүтгэлэгт итгэх хүн үгүй болжээ. Донбассчууд өөрсдөө бүх булайг нь уудлан ярьж байна. Арван хэдэн мянгын 10 мянга нь хоёр талаасаа байлдаанд алагдсан цэргийн тоо, 2000 нь 2014-2022 оны хооронд Донбасст байлдааны хөлд нэрвэгдэж амиа алдсан энгийн иргэд, цаана нь 3000 нь оросын зохиож гаргаж ирсэн тоо гэдгийг нийтэд ил болгосон ба 15000 донбассчуудыг хядсан украины нацистууд гэх үзэн ядалтын суртал нэвтрүүлэг Оросын ТВ-ээр яригдахаа байгаад удаж байгаа нь цаанаасаа зохиомол байсныг нь илтгэнэ.   
Украин бол тусгаар тогтнолынхоо төлөө жинхэнэ дайн хийж байна. Жишвээс Британийн хуучин колони байсан Америк тусгаар тогтнолынхоо төлөө дайн хийсэнтэй адил. Америкчууд тэр дайндаа ялсан, ялаад АНУ-аа хүчирхэгжүүлсэн, түүнтэй адилаар Украин энэ удаагийн дайндаа ялаад “шинэ АНУ” болно, Европын шинэ локомотив болно, үүнийг Зеленскийн Конгресст хэлсэн үг баталлаа, АНУ-д айлчилсан нь нотлон харууллаа хэмээн Өрнөдийн орнуудад сайшаан тэмдэглэнэ.
Дэлхийн II дайн ба дайнаас хойш АНУ-ын Конгресст энх тайвны уриа цууриатуулсан түүхэн хоёр эрхэм тодорсон нь Их Британийн Ерөнхий сайд У.Чөрчилль, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар ажээ. АНУ-ыг эрх мэдлээсээ алдсан Их Британитай өнөөгийн ОХУ-ыг зүйрлэсэн мэдээ ярицлага ч олон явж байна. Украин тусгаар тогтнолынхоо төлөө дайнд АНУ Британийг ялсан шиг ялна. Харин Орос нь ялагдаж, тэр ялагдал нь Орост дахин ухаарах, дахин хүчирхэгжих шинэ боломж олгоно. Эцсийн эцэст Орос хариугаа хүртэнэ. Олон удаагийн шүүх хурлуудын дараа ОХУ нь нутаг дэвсгэрийнхээ талыг алдаж мэднэ, Англи шиг контрибуц төлж магадгүй. Эзэнт гүрний шовинизм Оросыг өөрийг нь баллана, тэгж баллуулж байж оросууд жинхэнээсээ ухаарал авч дахин сэргэнэ, тэр болтол хүнд зам туулна хэмээн барууны судлаачид санал нэгтэй үзэж байна. 
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан