С.Молор-Эрдэнэ: Монгол улс өөрийгөө цоо шинээр бүтээх тэр түүхэн цаг үе ирсэн

Философийн ухааны доктор профессор С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.
Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Хамгийн сүүлд та ямар ном бичив?
Хамгийн сүүлд “Тэгш эрх тэгш боломж” гэсэн ном бичлээ. Ер нь ардчилалын гурван тулгуур гэж ярьдаг. Тэр нь эрх чөлөө, тэгш эрх, эв нэгдэл юм. Эв нэгдэл гэдэг нь заавал хамаатан садан, нэг удмын, нэг нутгийн байх шаардлагагүй яг ах дүү хоёр шиг сайхан эвтэй найртай нэг нэгнээ дэмжээд явахыг хэлдэг. Энэ ардчилалын гурван тулгуурыг монголчууд бид 90 онд ардчилалыг оруулж ирэхдээ ерөнхийдөө нэг их тоогоогүй. Яагаад гэвэл энэ гурав чинь социализмын гол гурван тулгуур чулуу байсан юм. Тэгэхээр ер нь социализмаа давтаж байгаа юм шиг болоод бид нар чинь яахав дээ жоохон нэрэлхээд дуугүй өнгөрөөсөн. Ерөөсөө хүний нийгэм бол энэ гурав дээр л тулгуурлах ёстой. Тэгээд Үндсэн хууль дээрээ энэ гурвыг бичих ёстой байсан. Монгол хүн эрх чөлөөтэй байх хэрэгтэй, монголчууд тэгш эрхтэй байх эрхтэй, бас монголчууд ах дүүс шиг хоорондоо эв найрамдалтай ёстой гэж. Гэтэл 90-д онд социализмын өндөр төвшинд бичсэн Үндсэн хуулийг нөгөө ардчилалынхан чинь нураагаад нэг хачин юм хийгээд хаячихсан. Нөгөө Чимэд гээд хуульч нэртэй өвгөн байлаа шд. Тэр чинь нэг хачин юм хийгээд хаячихсан байхгүй юу. Тэгээд тэд нар яаруу сандруу өөрсдөө ч нэг их ардчилалаа ойлгоогүй хүмүүс байсан.
Өнөөдөр ч гэсэн тэд нараас ардчилалын талаар асуухад энэ нөхдүүд ардчилал гэж юу байдгыг нэг их сайн мэдэхгүй. Тэр нь юу байсан гэхээр зүгээр л түрүүчийн нийгмээ унагаах гэсэн өөрөө өөрсдийгөө аваад явчих чадваргүй тийм л хүмүүс байлаа ш дээ. Тэгээд яахав дээ тэр социалист нийгмийг унагаагаад замбраагүйтэл үүсгээд тэр дотроос зарим хүмүүс нь ажил хөдөлмөртэй, мөнгө төгрөгтэй болж авсан. Тэгээд энэ тэгш эрх гэдгийг ерөөсөө бид нар хаячихсан байна. Гэтэл бид нар өнөөдөр эрх чөлөө гэж их яриад байна. Тэгш эрхгүй хүмүүс эрх чөлөө гэж яриад яах юм. Жишээ нь чи бид хоёр тэгш эрхгүй бол эрх чөлөө гэж ярих ямар ч боломжгүй. Яагаад гэвэл өнөөдөр хэн мөнгөтэй нь эсвэл булчин шөрмөстэй нь эрх чөлөөтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөөдхөө нам авна ш дээ. Тийм учраас бид нар тэгш эрхтэй байх ёстой. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн тэгш эрхтэй байжээж л хамтдаа сайхан амьдрана. Тийм биш бол том булчинтай нь нөгөөдхөө зодоод унагаачихна. Эсвэл хэл амтай нь намайг хэл амаараа яах ийхийн зуургүй чихээ дартал доромжлоод унана шдээ. Ер нь хүн төрөлтхтөн үргэлж тэгш эрх ярьж байсан. Эрх чөлөөг ер нь их ярьж байгаагүй юм. Маркс ч гэсэн эрх чөлөө нэг их ярьж байгаагүй. Хүмүүс хоорондоо хэн хэнийгээ хүлээн зөвшөөрсөн тэгш эрхтэй байх хэрэгтэй. Жижигхэн байна уу, намхан байна уу, том биетэй байна уу, ядуу байна уу бүгд тэгш эрхтэй байх ёстой. Энэ бол философийн маш гоё гайхамшигтай онол байхгүй юу. Тэгш эрх байхгүй бол зүгээр л дуусаа. Тэгвэл зүгээр феодалийн нийгэм гэсэн үг.
Тэгэхээр энэ чухал онолыг өнөөдөр хүртэл Үндсэн хуулиндаа ч бичдэггүй, хаана ч ярьдаггүй, ямар ч ном бичигдэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Хүмүүс “Баян аав ядуу аав" гэсэн ном бичээд байгаа мөртлөө тэгш эрхийн талаар ном ерөөсөө бичихгүй байна. Баян аав ядуу аав хоёр бас тэгш эрхтэй байх ёстой. Зарим хүмүүсийн ойлгодогоор бол баян аав бол ухаантай, ядуу аав нь тэнэг гэдэг. Гэтэл ийм байж болохгүй. Ер нь баян хүн тэнэг байдаг. Харин ядуу хүн чинь харин айхтар ухаантай толгой нь ажилладаг байхгүй юу. Тэгээд иймэрхүү маягаар бид энэ чухал үгийг хаячихсан. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулинд энэ үгний оронд зүгээр тэгш байдал гэсэн үг байгаа. Тэгвэл эрх чөлөө гэж яриад яах юм. Зүгээр чөлөөт байдал гээд л биччихнэ биз. Яагаад эрх чөлөөг эрхтэй болгочихоод тэгш эрхийг зүгээр тэгш байдал болгоод хаячихаж байгаа юм. Ингээд одоо нэр томьёоны асуудал гарч ирж байна. Гэх мэтчилэнгийн маш чухал ойлголтыг бид нар гаргаж ирэхгүй бол ерөөсөө өнөөгийн энэ нийгэмд хүмүүс тэгш эрх байхгүй байна. Тэгэхээр хэн мөнгөтэй нь л ялан дийлнэ гэсэн үг. Мөнгөтэй айлын хүүхэд нийгэмд дээгүүр байр эзэлж, харин ядуу мөнгөгүй айлын хүүхэд нийгэмд доогуур боломж олдоно. Тийм болохоор тэгш эрх байхгүй бол нийгэмд ямар ч боломж байхгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл боломж гэдэг чинь хүнийг сурах боломж өөрийгөө хөгжүүлэх боломж эрүүл явах боломжоор хангаж өгдөг. Тэгэхээр хүн бүр адилхан боломж тэгш эрхтэй байх ёстой. Тийм учраас би “Эрх чөлөө” гэж номныхоо дараачийн ном болгож энэ номыг бичсэн.
Хүмүүс энэ номыг чинь хэр хүлээж авсан бэ?
Хүмүүс их л дуртай хүлээж авч байна ш дээ. Энэ номыг уншаад баярлаад их талархаж хүлээж авч байна. Яахав эхлээд гарчигыг нь хараад жоохон гайхаж байгаад дараа нь яг номоо уншаад ирэхээр сайн ойлгож байна. Энэ монголчууд чинь тэгш эрхийн талаар ерөөсөө ойлголтгүй хүмүүс юм байна шд хөөрхий. Нэг л их Чингис яриад удам угсаа яриад эцэг өвгөд яриад байдаг хүмүүс тэгсэн чинь эх орондоо ямар ч тэгш эрхгүй хүмүүс байгаа байхгүй юу. АНУ-д бол тэгш эрх ярихаас өөр аргагүй. Яагаад гэвэл тэнд чинь 130, 140 үндэстэн оччихсон байгаа учраас тэгш эрхийн талаар ярих нь аргагүй.
Гэтэл бид нар нутагтаа байжээж тэгш эрхгүй байна гэдэг чинь ямар том ялагдал вэ? Үнэхээр өрөвдөлтэй байна. Тэгээд та хараарай жишээ нь монголд гадаад хүн байлаа гэхэд монгол хүнээс дандаа дээгүүр эрх эдэлж байна. Үүний тод жишээ нь Оюутолгой. Бүр инээдэмтэй гэж байгаа ш дээ. Тэнд гадаадын нэг инженер монгол хүнээс хэд дахин илүү цалин авдаг. Яагаад? Зөвхөн гадаад гэдгээрээ л илүү аваад байна шд. Тэртээ тэргүй тэр уул уурхайд нарийн мэргэжил гээд байх юм юу байгаа юм.  Зүгээр ухаж гаргаж ирээд нэг юманд ачаад явуулж байгаа биз дээ. Одоо айхтар компьютерийн өндөр технологи дээр ажилладаг байсан бол өөр хэрэг.
Өнөөдөр монголд философийн тухай ном уншдаг хүн байна уу? Ер нь таныхаар монголчууд философийг хэр сайн ойлгодог вэ?
Ерөөсөө монголчуудийн ихэнх нь философийн талаар маш их буруу ойлголттой байдаг. Угаасаа манайд энэ өөрийгөө философич гэж нэрлэдэг хүмүүс, мөн философийн ном орчуулсан гэгддэг хүмүүс, бас МУИС-ийн философийн тэнхимийн багш нар, ШУА-ын философи социологийн түүхийн хүрээлэнгийн бэлэн цалин аваад суудаг хүмүүс философич нэрийн доор доод төвшний буруу худлаа орчуулсан номуудыг гаргаж ирээд хүмүүст нийтэд нь философийн номыг ойлгомжгүй уншихад бэрх, амьдралаас хол, толгой өвтгөсөн, ядаргаатай дэмий гэсэн ийм ойлголтыг хүргэчихсэн. Тийм учраас би үүнд их санаа зовж энэ талаар засаж залруулах ажлыг өнөөг хүртэл хийж явна. Өмнө нь философи гэхээрээ бүгдээрээ л толгойгоо барьдаг байлаа. Гэхдээ сүүлийн 10-д жилийн хугацаанд арай дээрдэж байна. Нэг үеэ бодвол хүмүүс философи ярьдаг болчихлоо. Хуучин чинь дандаа гүн ухаан гэдэг байлаа ш дээ. Өрөөр хэлбэл Төвд нэрээр яваад байсан байхгүй юу. Нэг үгээр хэлбэл анагаах ухаан, тооны ухаан гэхээр дандаа Төвд ойлголт явж байгаа. Харин би үүнийг тэндээс нь салгаад энэ бол дэлхийн мэргэжил шүү гэдгийг олон түмэнд ойлгуулаад явж байна.
Гэтэл нөгөө МУИС, философи социологийн хүрээлэнгийн нөхдүүд чинь философи зааж байна гээд ёстой нэг нүгэл үйлдэж байна. Одоо тэд нарын гаргасан философийн гэх нэртэй номуудыг аваад уншихаар хүн ичмээр арай дэндүү юмнууд байгаа шдээ. Яахав хүмүүс философийг жинхэнээр нь ойлгоод ирэхээр философи гэдэг чинь ийм гоё юм байсан юм уу гээд их баярладаг. Үнэхээр гоё юм чинь зөв байхгүй юу. Миний л мэдэхийн МУИС-ийн багш нар философийн лекц гээд хичээл ордог байхад ёстой сонин хичээл гээд л хэн ч ойлгодоггүй байсан. Тэгж оюутнуудыг баллаж байсан. Гэтэл нөгөө талдаа хүн төрөлхтний Хятад, Энэтхэг, Грект эхлэл нь тавигдсан 5000 жилийн түүхтэй энэ сайхан мэргэжлийг тэд нар баллаж байсан шдээ. Яг үнэнийг хэлэхэд философоос бүх юм гаралтай байдаг. Улс төр, үндсэн хууль, ардчилал, физик, сэтгэл зүй бүх л шинжлэх ухаан бүгд философоос гаралтай. Жишээ нь Ньютон бол физикч байгаагүй философич байсан.
Монголын өнөөгийн нийгмийг цэвэр феодалийн нийгэм гэж ярьдаг. Таныхаар монгол улс өнөөдөр феодализмийн нийгэмд амьдарч байгаа юу?
Тийм. Тэр үнэн. Ер нь 1921 он бол хүн төрөлхтөнд маш их шийдвэрлэх он байсан. Яагаад гэвэл 1917 онд Орост хувьсгал гарч, бас 1913 онд Хятадад бас өөрчлөлт гарч бүгд хаанаасаа ноёноосоо салж хүн өөрийнхөө эрх чөлөөгөөр бүгдээрээ тэгш эрхтэй байх ёстой гэсэн үзэл санаа давалгаалж байсан тийм он жилүүд байсан. Яагаад гэвэл удам дамжсан тийм муухай дарлал боолчлолоос салья гэдэг үзэл санаа тэр үед гарсан. Энэ нь уул нь Францын хувьсгалаас эхтэй юм. Тэнд анх хувьсгал гараад тэндээсээ европоор дамжин Орос, Хятадад ирээд хоёр том хувьсгал явагдаж хаанаасаа ноёноосоо салцгаасан. Тэгээд энэ түрэлт яван явсаар монголд орж ирсэн байдаг. Ингэсний дараа монголын хэсэг хувьсгалчид Оросын хувьсгалчидтай холбогдож, монгол оронд ардын хувьсгал гарсан түүхтэй. Тухайн үед монгол улс хүн төрөлхтний соёл боловсролоос дэндүү гээгдсэн үнэхээр зэрлэг бүдүүлэг байдалтай байсан. Харин тэр үед Оросууд бидэнд маш их тусалсан. Тэгээд л тэр үеэс эхлэн монгол хүн чинь соёл боловсрол гэж ийм юм байдаг юм байна гэж тэд нараасаа суралцаж орчин үеийн соёл иргэншил рүү орж эхэлсэн. Ингээд уул нь бид нар чинь ийм амьдрал руу орж ирчихээд дараа нь 90 онд ардчилал гэж солиороод нөгөө сайхан орчин үеийн амьдрал, аж үйлдвэр хамаг сайхан юмаа устгаад эхэлсэн. Энэ бол ямар ч утгагүй явдал байсан.
Яахав зүүн европын улс орнуудад иймэрхүү хувьсгалууд гарсан боловч тэр улс орнууд чинь манайх шиг дорой буурай, хоцрогдсон улс орнуудаас өөр юм. Тэгээд л бид нар хамаг сайхан юмаа устгачихаад бүр сүүлдээ нөгөө хөөрөг, лам, гурван мянган жилийн өмнө байсан бөө нараа гаргаж ирээд өнөөдөр энэ монгол улс чинь “бөө, лам, улс төрч” гэсэн гурван хүнтэй болчихлоо. Бас зарим нэг нь төрөөс улсаас мөнгө, эд хөрөнгө хулгайлж босс, олигарх гэдэг нийгмийн нэг шинэ давхрагыг бий болголоо. Гэхдээ яахав манай энэ олигархууд үнэхээр ядуу сэтгэлгээтэй хувиа бодсон хүмүүс байдаг. АНУ, Оросын олигархууд гэхэд өнөөдөр дандаа улс эх орондоо том том төсөл хэрэгжүүлээд явж байна. Манайд бол бүх юм эсрэгээрээ байдаг. Эцсийн эцэст ийм инээдэмтэй байж болдоггүй л байхгүй юу. Нэг үгээр хэлбэл тэр хүмүүс маань хармаандаа жоохон мөнгөтэй боловч толгой нь хов хоосон хүмүүс гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ утгаараа өнөөдөр монгол улс чинь нөгөө 1921 оноос өмнөх үе рүүгээ буцаад орчихлоо. Өөрөөр хэлбэл өнөөдөр монгол улс маань феодализмийн үе рүүгээ буцаж орчихоод одоо гацсан байдалтай байна.
Molor-Erdene
Тэгвэл энэ феодализмаасаа яаж салах вэ ? Тэрний арга зам нь юу байж болох вэ?
Би энэ талаар үргэлж ярьж байна, ном бичиж байна. Би хоёр замыг л маш анхаарах ёстой гэж хэлдэг. Эхнийх нь энэ худлаа түүхийн номуудыг яаралтай болиулмаар байна. Ямар ч утгагүй худлаа түүхийн номууд их гарч байна. Яг үнэнийг хэлэхэд бидэнд өнөөдөр Хятадын Күнз, Дао шиг, Оросын Толстой, Достоевский шиг ёс суртахууны хувьд, моралийн хувьд тэгж өндөр хүмүүжүүлж, ном бичээд үлдээсэн соён гэгээрүүлсэн тийм хүн байсангүй ш дээ. Тэгсэн мөртлөө монголчууд агуу түүх, буурал түүх, агуу түүхтэй ард түмэн гэж янз бүрийн сонин хачин юм их ярьдаг. Тэгээд тэнд нь яваад очихоор юу ч байхгүй байгаа байхгүй юу. Монгол үндэстэн ч гэх шиг. Тэгж яривал бид нар үндэстэн ярих ерөөсөө болоогүй. Монгол үндэстэн ерөөсөө байсан ч юм уу. Яахав зүгээр азийн нэг ард түмэн байна ш дээ. Тэр нь дээр яахав авьяастай, сүрхий, булчин шөрмөстэй хүйтэн газар тэсвэртэй нэг хэсэг нөхдүүд нь наашаа зугатааж ирээд л монгол гэсэн нэг тийм нэртэй хочтой л болсон юм шиг би ойлгодог. Тийм л байх. Тэрнээс биш биеэ даасан монгол үндэстэн гэж ярих их хэцүү ш дээ. Гадаадын түүхийн номыг уншаад байхад бид нар чинь Кидан, Уйгур, Киргиз, Түрэг өөр юу байдгын тэд нарын л нэг холимог нөхдүүд байгаа ш дээ. Жоохон хөөхөөр. Одоо л нэг торгууд, захчин энэ тэр гээд байгаа болохоос тэд нарыг өшөө жаахан хөөхөөр Кидан, Киргиз, Уйгур болоод л явчихдаг ш дээ. Тэрнийгээ одоо нуух хэрэггүй байхгүй юу.
Сүүлдээ бүр энийгээ хөөх ч боломжгүй болчихдог шдээ. Цаашаа тэгээд хаачих гээд байгаан. Явж явж нэг лам руу л очдог ш дээ. Эцэс сүүлдээ манай өвөө нэг лам байсан л гэдэг. Тэгээд тэрэндээ зориулж нэг суварга л босгодог ш дээ. Тэгээд тэр лам өвөөгөөсөө цаашаагаа ярьж чадахгүй байгаа байхгүй юу. Тав зургаан үеэр цаашилж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь бидэнд тийм айхтар нарийн түүх байгаагүй нь мэдэгдээд байгаа юм. Тэртээ тэргүй тэр үед ч гэсэн хүн төрөлхтөн нэг их сүрхий байсан биш. Өнөөдөр л дэлхий дээр ийм олон тэрбум хүн амьдраад байгаа болохоос биш яг 1200, 1300, 1400 онд дэлхий дээр ердөө 200 сая л хүн байсан байхгүй юу. Бодоод үз дээ. Тэгэхээр одоо юун дэлхийг эзлэх. Тэртээ тэргүй зүгээр л хүнгүй газар байгаа юм чинь. Хүнгүй газар баахан мориор давхичихаад дэлхийг эзэлчихлээ гэж ярих хэрэггүй ш дээ. Тэр үед чинь одоогийнх шиг хил мил ч гэж байгаагүй. 1945 онд л хил үүссэн ш дээ. НҮБ гарч ирж байж хил үүссэн. Тэрнээс өмнө чадалтай нь эзэлчихдэг байсан. Германыг харла даа. НҮБ-ээс өмнө Герман яваад бүгдийг нь эзэлчихэж байгаа шдээ. Харин ёстой нөгөө НҮБ-ын дараа л жинхэнэ улсын хил үүссэн байхгүй юу.
Тэгэхээр Чингис хааны байлдан дагуулалт гэж худлаа гэсэн үг үү?
Хэнийг байлдан дагуулах юм. Хэнтэй байлдах юм. Тэр чинь зүгээр хүнгүй тал газар байгаа юм чинь. Ерөөсөө энд тэнд цөөхөн л хэдэн газар дэлхийн гол гол төвүүд л байсан байхгүй юу. Бээжин, Сири, Иран, Ирак, Араб гэх мэт. Тэд нар чинь эртний 3000 мянган жилийн түүхтэй номын сантай улс байсан шүү дээ. Бид нар л очоод номын санг нь шатаачихсан болохоос биш. Харин Европод бол олигтой юм байгаагүй. Европ бол ёстой нэг хөөрхий сүм хийддээ баригдсан Есүс Христ гэсэн боловсролгүй нөхдүүд байсан ш дээ. Тэд нар 15, 16 зуунаас л босч ирсэн. Тэрнээс өмнө Ром, Араб, Константинополь зэрэг цөөхөн том хотууд л байсан байхгүй юу. Тэр үед чинь одоо энэ хүчтэй гэгдээд байгаа Америк ч гэж байхгүй байсан. Америк чинь дөнгөж саяхны хэсэг нөхдүүд ш дээ. Дүрвэгч цагаачдын л очсон газар. Америк үндэстэн ч гэж байхгүй ш дээ. Яахав Хорезм эд нар луу очсон байх. Гэхдээ тэнд байлдаад байсан юм байхгүй ш д. Байлдана гэдэг чинь хоёр талд зогсож байгаад дайныг тэд дэх өдөр эхлэнэ гээд өөд өөдөөсөө ярилцаж, гараа барьж байгаад байлддаг зүйлийг хэлдэг байхгүй юу. Тэр дэлхийн улс орнуудын түүхийг харж байхад.
Манайд чинь тийм юм байхгүй ш дээ. Зүгээр унтаж байхад нь гэнэт орж ирээд хусаад хаячихаж байгаа юм чинь. Ерөнхийдөө соёлт ард түмэн, суурин ард түмнүүд булчин шөрсмөн муутай байдаг л даа. Бид нар бол Улаанбаатарт суурин болчихсон учраас булчин шөрмөс муутай ш дээ. Харин хөдөө адуутай ноцолдож даагыг чихдэж байгаад унагаачихдаг нөхдүүд чинь булчин шөрмөстэй байдаг. Тэд нар бол ирээд бид нарыг мушгиад мушгиад хаячихна ш дээ. Харин бид нар толгойдоо бол чадалтай. Тийм учраас тийм хүмүүс тэр ард түмнийг эзэлчих амархан байхгүй юу. Яг дайн бол болж байгаагүй. Тэрнийг дайн гэж хэлж болохгүй. Зүгээр юу гэдэг юм гэнэт дайрна ч гэдэг юм уу мэдэгдэхгүй байж байгаад цөм авна гэдэг ч юм уу тийм байдлаар дайрдаг байсан. Тэгээд ямар сайндаа л энэ Хятадууд чинь “энэ монголчууд” ингээд манайх руу дайраад байхын гээд Цагаан хэрэм барьж байхав дээ. Оруулахгүй санаатай. Яахав өмнөх хэрмүүдийг нь дайраад ороод ирсэн, сүүлчийн хэрэмүүдийг нь дайрч орж чадаагүй юм шиг байна лээ. Яахав бид нар нэг ийм л хүмүүс.
Тийм биз дээ. Үнэнээ олигтойхон ярьсан нь дээр ш дээ. Нэг л худлаа баатрууд гэж ярьдагаа болих хэрэгтэй. Баатруудын зураг зурахаараа дандаа европын баатрууд шиг зураг зурна. Би бол монголчуудыг өөрийн гэсэн цэргийн хувцастай байгаагүй л байх гэж боддог. Нөгөө эзэлсэн орныхоо үхсэн дайсныхаа хувцасыг өмсөөд л, сэлмийг нь зүүгээд цаашаагаа давхиж явсан байх. Одоо хатуухан хэлэхэд. Энэнийг сонсоод их л уурлах байх. Яг үнэндээ Чингисийн жинхэнэ зураг ч байхгүй байгаа ш дээ. Одоо энэ зураад байгаа чинь дандаа зурж байгаа зураач нь өөрийгөө л зураад байгаа ш дээ. Ядаж Чингисийн нүд хамар гэсэн тийм дүрс бидэнд байхгүй байгаа ш дээ.
Тайваны үндэсний музейд байдаг Чингис хааны зураг арай дөхөж очихгүй гэж үү?
Худлаа ш дээ. Тэр чинь хятад хүн байлаа ш дээ. Тэр зураг дээр чинь ямар ч монгол царай байхгүй ш дээ. Монгол хүн чинь бор нэлээн тийм булчинтай хүмүүс байдаг. Хэрвээ үнэхээр монгол хүн байсан бол тэд нартай л төстэй царайтай хүн байгаа ш дээ. Бас Чингис хаан чинь өөрөө хаана төрсөн, яг аль нутгийн хүн бэ гэдэг нь ч тодорхойгүй байгаа. Бид нар нэг үлгэр л яриад байгаа.
Тэгвэл та Монголын нууц товчоог юу гэж боддог вэ?
Нууц товчоо бол яахав ямар ч ард түмэнд нэг тийм баатарлаг домог байдаг л даа. Ямар ч ард түмэн өөрийн гэсэн нэг домогтой байдаг юм. Тэр бол байх ёстой зүйл. Ер нь бол яг баримттай юм хайх юм бол юм олддоггүй л дээ.
Ер нь энэ улс төрд бөхчүүд, морь уяачид, дуучид гэсэн хүмүүс орж ирж төр барилцах нь хэр зохимжтой вэ?  Зарим нь бүр Уул уурхайн сайд хүртэл хийгээд явж байгаа шүү дээ? 
Улс төрд маш өндөр боловсролтой, сэхээтэн, бидний шилдгийн шилдгүүд орох ёстой. Өөрөөр хэлбэл бид нарыг шилдэг хүмүүс удирдах ёстой. Тэгсэн чинь одоо бүр юун шилдэг байтугай яая даа гэсэн хүмүүс бид нарыг удирдаад явж байна ш дээ. УИХ-д асар өндөр боловсролтой хүмүүс сонгогдох ёстой. Харин хуурамч дипломууд бол цаадуулд чинь их байгаа байх шүү. Тэр утгаараа үүнийг цэвэр төрийн дампуурал гэж хэлэхээс өөр аргагүй. Үндсэн хуулиндаа анхнаасаа тийм тийм хариуцлагатай албанд тийм боловсролтой хүнийг томилох ёстой гэсэн заалт байхгүйгээс болоод ийм юм болж байна. Жишээ нь 5 хүүхэдтэй айл байна гэж бодьёо л доо. Тэгвэл хамгийн бүтэхгүй, гадуур тэнэдэг, сахилгагүй хүүгээ манай гэрийг удирдаад яв гээд дансандаа байгаа мөнгөө хариуцуулж болохгүй ш дээ. Үүнтэй л адил юм.
Буурьтай юм үзсэн, юм мэддэг чадвартай ухаантай тэр хүүдээ л удирдлагаа өгсөн нь дээр биз дээ. Монголчуудын нэг муухай үг байдаг. Болдог л юм гэж. Болохгүй юм болохгүй ш дээ. Одоо энэ хоёр хөршийг харла даа. Ямар мундаг шилдэг хүмүүсийг намын их хурлаараа дээш нь гаргаж ирж байна, тэнд бол шүүгдэж шүүгдэж байж гарч ирж байна ш дээ. Сая Бээжинд нэг уулзалт болоход нэг талд нь дэндүү өндөр боловсролтой хүмүүс суучихсан. Харин нөгөө талд нь манай хүмүүс гэж хөөрхийдөө л гэмээр хүмүүс сууж байсан ш дээ. Тийм өндөр боловсролтой хүмүүстэй ямар төвшинд ярих вэ гэдэг үнэхээр хэцүү асуудал ш дээ. Тийм учраас Монгол улс өөрийгөө цоо шинээр бүтээх тэр түүхэн цаг үе ирсэн.
Арай нөгөө бөхчүүд нь сууж байсан биш биз ?
Мэдэхгүй. Арай дэндүү боловсрол муутай хүмүүс сууж байгаа харагдсан. Тэгээд манай монгол бөх чинь нэг их шударга биш спорт ш дээ. Тэгвэл сумо ямар гоё шударга спорт билээ. Маш шударга спорт ш дээ. Зугтаахгүй, хүнийг түрж хаяхгүй, муухайгаар унагаахгүй. Хүнийг гишгэчихгээд яваад өгөхгүй. Манай монгол бөх бол унагасан хойноо бараг дээр нь гишгэчихээд л яваад өгдөг. Тэгээд хүн унагаачихаад дээгүүр нь яваад туг руугаа гүйж байгаа ш дээ. Тэр унаад гишгүүлж байгаа хүн чинь цаанаа гэр бүлтэй, аягүй бол охин нь үзээд сууж байгаа ш дээ. Болохгүй ш дээ тэгж эр хүнийг олон хүний өмнө муухайгаар унагаж. Бас хачин хачин газраас нь гараараа базаж, тонгоруулж унагана. Цаана нь үр хүүхэд, эхнэр, гэр орных нь хүмүүс үзсэн сууж байгаа ш дээ. Юу вэ нохой барьж аваад зодож байгаа юм шиг л болдог ш дээ. Тэгээд л барьц хангуулна гээд араас нь далбаанаас нь барьж аваад унагаадаг. Хэн ч гэсэн тэгж барьж аваад унагааж чадна. Монгол бөхийн өмсгөлд хүн унагаадаг янз бүрийн далбаа малбаа, янз бүрийн уяанууд бэлдсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр уяанаасаа барьж авч байгаад унагаачихдаг.
Гэтэл сумо чинь тийм юм байхгүй ш д. Татах юм юу ч байхгүй байгаа. Зөвхөн биенээс нь татаж унагаадаг. Биенээс нь татахаар тийм амархан унахгүй ш д. Тийм барилдаанд маш нарийн ухаан, самбаа шаардана. Тэгээд сумо чинь зугатаахгүй, тойрог дотор барилддаг. Ер нь сумо бол монгол үндэсний бөхийн хамгийн орчин үеийн хэлбэр нь байхгүй юу. Манайхан Японд очоод сайн барилдаад байдаг чинь аргагүй байхгүй юу. Хамгийн гол тойрог дотор барилдана гэхээр манай бөхчүүдэд аягүй хэцүү байгаа. Тийм учраас үндэсний бөхөөр барилдчихсан хүүхэд тэр тойрог дотор барилдаж чадахгүй. Угаасаа бөх гэдэг ойлголт маань шударга биш. Яахав хөөрхий гайгүй нэг боловсрол олчихсон байсан ч гэсэн уг тэр бөх гэдэг шудрага биш спортоосоо болоод хүмүүжил нь бас шударга биш хүмүүс болчихож байгаа байхгүй юу. Яагаад гэвэл хийж байгаа спорт нь өөрөө шударга биш учраас. Тэгээд манайх чинь тэр цол авна, ам авна гээд үнэхээр ичгэвтэр юм болж байгаа ш дээ.
Бөхчүүд мөнгөөр цол авдаг энэ асуудлыг та юу гэж бодож байна?
Тэр чинь одоо тэгэхээс өөр арга байхгүй. Тэр бөх чинь өөрөө тийм шударга биш учраас мөнгө рүү орохоос өөр аргагүй болж байгаа байхгүй юу. Би өөрийнхөө булчин шөрмөс, авьяас чадвараараа явахгүй юм байна, яагаад гэвэл намайг нэг ам авна, эсвэл дамжуулна, цуцаана. Намайг үзүүр түрүүнд очиход хоёр гар маань зүгээр сарвайчихаад очно гэх мэт. Тийм учраас сарвайтал нь амалж авсаар байгаад хөөрхий амьтныг үнэхээр авьяас чадвартай хүнийг баллаж хаяж байна ш дээ. Тэгэхээр үзүүрт очитлоо гараа сарвайлгахгүйн тулд мөнгө төгрөгөөр хөөрхий ганц хоёр хүнийг товчилж байгаа байхгүй юу.
Монгол бөхийг үзэхэд их хөгжилтэй байдгын ш дээ. Хошин жүжиг үзэж байгаа юм шиг. Яахав цагаан сарын бөх арай нэг гайгүй байдаг л даа. Гэхдээ л их муухай үзэгчид рүү түрж аваачаад үзэгчдийн өвөр лүү дарчихдаг ш дээ. Муухай л харагддаг. Саяын өнгөрсөн цагаан сараар тэр Санжаадамбыг үзэгчид рүү аваачиж байгаад жигтэйхэн муухай унагаасан ш д. Бас нэг спортын ёс суртахуун байх хэрэгтэй. Спорт өөрөө залуу үедээ үлгэр жишээ болох ёстой байхгүй юу. Манай спорт өөрөө тийм шударга биш болохоор ямар үлгэр жишээ үзүүлэх юм.
Хүчирхийллийн талаар та юу гэж хэлэх вэ?
Яахав иймэрхүү хүчирхийллийн асуудал АНУ болон Европын орнуудад их түгээмэл байдаг. Тэнд нэг хэсэг би хүчирхийлэлд өртсөн, намайг ч гэсэн эрчүүд оролдсон хүчирхийлсэн гэсэн янз бүрийн хүмүүс яваад байсан түүх бий. Гэхдээ энэ бол маш хэцүү. Ерөнхийдөө хуулийн асуудал. Гэхдээ нийгэм руу орж ирж ёстой нөгөө хошгируулна гэдэг шиг юм байж болохгүй л дээ. Жишээ нь тэр Гантулгын асуудал дээр фейсбүүк энэ тэр дээр чинь хачин юм болсон ш д. Эрэгтэй хүнийг харахаараа л охиныг нь барьж аваад хүчирхийлчих юм шиг, эрэгтэй хүнийг тэгж их хавтгайруулан нэр хүндийг нь унагааж болохгүй л дээ. Тэр бол их муухай юм болсон ш дээ. Надад бол ерөөсөө таалагдаагүй. Ер нь бол хуулиар батлагдаад явчих юм бол хуулиараар л шийдэгдэнэ ш дээ. Яах гэж хууль байгаа юм. Гэмт хэрэгтнийг л шүүн цээрлүүлэх гэж хууль байдаг биз дээ. Тэр нь байж байхад тэрний урдуур орж нийгэмд ямар ч утгагүй юм ярих хэрэггүй. Үнэхээр тийм үйлдэл болсон бол харамсалтай л байна.
Гэхдээ тэрнийг чинь хууль л шийднэ ш дээ. Нэг хэсэг хүний уур, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэхгүй ш дээ. Уул нь эртнээсээ хууль гэдэг чинь амийг амиар л гэдэг байсан.  Чи хүний амь бүрэлгэсэн бол өөрийнхөө амийг өг, чи хүний гар хугалсан бол одоо чиний гарыг хугалнаа гэсэн тийм л хуультай байсан. Одоо бол тэр чинь нэг тийм сонин юманд орсон л доо. Өршөөл мөршөөл ч гэх шиг. Хэн нь ч өршөөх гээд байгаа юм. Хэний өршөөл юм. Төр өршөөж байгаа юм уу? Ард түмэн өршөөж байгаа юм уу? Аман өршөөл юм уу? Уучлал байж яагаад болдоггүй юм. Гэх мэтчилэн. Иймэрхүү нарийн нарийн юм руу бид нар ерөөсөө орж чадахгүй байна ш дээ. Яагаад гэвэл манай энэ их дээд сургуулиуд аягүй чадваргүй байна ш дээ. Энэ нарийн нарийн юманд чинь их сургуулиуд л хариу өгөх ёстой байхгүй юу. Гэтэл энэ их сургуулиуд чинь өнөөдөр юу ч чадахгүй байна ш дээ.
Одоо энэ Америкийн СNN ч юм уу, Германы ч юм уу, Оросын ч юм уу, Европын зурагтын нэвтрүүлгийг харж байхад улс төрийн, дотоодын, нийгмийн янз бүрийн асуудал гарангуут л их сургуулийн профессороосоо л асуудаг ш дээ. Улс төрчөөс асуухгүй ш дээ. За энэ асуудалд та онолын хувьд ямар дүгнэлт өгөх вэ гэж асуудаг байхгүй юу. Харин тийм юм манайд байхгүй байна ш д. Энэ их сургуулиуд чадваргүй байна гэдэг чинь маш муу зүйл байхгүй юу. Түрүүн би хэлсэн өнөөдөр манайд түүхийн худлаа номнууд маш том садаа болж байна гэж. Хоёрт нь энэ хэлний асуудал. Монгол хүн өнөөдөр монгол хэлээрээ ерөөсөө ярьж чадахгүй байна. Зүгээр нэг чалчиж байгаагаа монгол хэлээр ярьж байна гэж бодоод байна. Монгол хэлээр сайн ярихын тулд үгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Үгийнхээ утгыг сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээд өгүүлбэр хэлдэг байх хэрэгтэй. Өгүүлбэрээр ярьдаг хүн өнөөдөр олдохгүй байна шд.
Тэгвэл хуучин монгол бичиг хэрэгтэй юу?
Монгол бичиг бол үүргээ гүйцэтгэсэн. Одоо бол бид нарт цаашид явахад нэг их хэрэгтэй эд биш . Гэхдээ энэ чинь монгол бичиг биш л дээ, араб, арамей энэ тэрийн л бичиг явж байгаа ш дээ. Манайх л босоогоор бичдэг болохоос биш. Энэ чинь уйгураар, төвдөөр ороод угаагдаж угаагдаж, манж энэ тэртэй холилдоод байгаад орж ирсэн бичиг байхгүй юу. Тэрэн дээр нэг жоохон жоохон зураас татчихаад л монгол бичиг гэж нэрлээд байгаа юм. Энэ бол арабын хүн төрөлхтний л бүтээл, үнэт зүйл юм. Тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн. Одоо бол монгол бичгийг оруулж ирнэ гэдэг бол зүгээр л хийх ажилгүй, худлаа төсөл хэрэгжүүлж, мөнгө идэх гэсэн хүмүүсийн нэг тийм заваан л юм явж байгаа. 90-д онд Чой.Лувсанжав гэдэг хүн монгол бичгийг оруулж ирнэ гэж нэг төсөл мөнгө баахан зарцууллаа ш дээ. Өнөөдрийн 30-35 насны залуучууд бол тэр Чой. Лувсанжав гэдэг хүний гайгаар монгол бичгээр явж байгаад сүүл рүүгээ унших ном байхгүй баларсан ш дээ. Ямар ч ном байхгүй болохоор нөгөө хүүхдүүд чинь үнэхээр баларч байгаа юм чинь.
Гэтэл кирилл үсэг сурсан нь гоё гоё ном уншаад номын дэлгүүрээс ном худалдаж аваад атаархмаар байгаад байдаг. Тэгээд дараа нь нөгөө монгол бичгийн хүүхдүүд чинь буцаад кирилл бичгээ сурж, янз бүрийн ном уншаад нүд нь сэргээд явчихсан. Ном уншина гэдэг чинь ном уншихийн тулд бичиг сурч байгаа болохоос биш, би бичиг үсэг сурсан гэж гайхуулах гэж байгаа юм биш шүү дээ. Одоо барууны ихэнхи улс орнууд бүгдээрээ латин бичигтэй байдаг. Түүнээс биш герман бичиг, франц бичиг гээд солиороод байгаа юм байхгүй ш дээ. Бид нар ч гэсэн кирилл бичигнээсээ гараад латин бичиг рүү орж болно. Яагаад болохгүй гэж. Манайх чинь 40-д оны үед бас латин бичиг рүү орж л байсан. Ямар ч асуудалгүй. Бичиг бол яахав зүгээр л бичиг ш дээ. Одоо тэгээд сая монгол хэлний тайлбар толь гэж нэг инээдэмтэй юм гарлаа ш дээ. 38 мянган үгтэй ч гэх шиг. Тэгээд нөгөө хуучин номнуудаа зүгээр л компьютерт оруулаад л шинээр хэвлээд л гоё хавтастай л гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэгээд урьд нь баахан хүмүүсийн нэр. Одоо яахав нэг төсөл хэрэгжүүлсэн ухаантай юм байна л даа. Хөөрхий зайлуул хэдэн төгрөгтэй л болсон юм байлгүй дээ.
Нөгөө дарга нар нь саарал ордондоо нэг төсөл хэрэгжүүлээд жоохон мөнгө идчихдэг бол нөгөө нөхдүүд бас МУИС-ийнхаа байшинд төсөл хэргжүүлээд хэдэн төгрөгтэй болчихоё гэсэн юм уу өөрсдийнхөө аргаар ийм төсөл хэрэгжүүллээ. Муугаар хэлэхэд.  Яахав хүний хөдөлмөр л байх л даа. Гэхдээ тэрнийг хөдөлмөр гэхэд хэцүү дээ. Хуучин толь бичигтэй нь харьцуулхад адилхан л үгнүүд харагддаг. Абажур ч гэх шиг. Абжурыг абажур гэчихэж байгаа байхгүй юу. Их том ажил хийж байгаа юм байлгүй. Гэтэл абжур гэдэг чинь ямар үг билээ. Латин л үг явж байгаа ш дээ. Гэтэл монгол үг гээд байна ш д. Ер нь бидний яг үндсэн монгол үг бол 4000 үг л байдаг юм ш дээ. Бусад нь бол тэгээд л хятадын яндан, зуух, чийдэн, лаа, хуушуур бууз, байцаа, жууцай, шаазан, торго, дурдан гээд л явчихаж байгаа ш дээ. Төвдийн баахан аав, ном, өрөм гэсэн үгнүүд байна. Эд нар чинь дандаа төвд үгнүүд ш дээ. Ер нь ө гэсэн үсэгтэй үгнүүд төвд үгнүүд байдаг. Харин персээс орж ирсэн эрдэм, арслан гэсэн үгнүүд байгаа. Оросоос консерв, комбайн энэ тэр гээд үгнүүд орж ирсэн. Гэхдээ тэр чинь яг орос үг биш л дээ. Цаанаа франц юм уу, латин үгнүүд явж байгаа ш д. Оросууд бол яахав франц, латин үгнүүдийг шууд өөрсдийнхөө хэлэндээ аваад хэрэглэчихдэг байхгүй юу. Бид   ч гэсэн гадны үгийн шууд аваад л хэрэглэчихдэг. Өчигдөр би Факап гээд нэг залуучуудын нэг уулзалт ярилцлагад оролцоод сууж байхад тэд нар “ямар радикал юм бэ, чи аягүй гоё күүл хэллээ” гээд яриад сууж байгаа байхгүй юу. Тэр үгнүүд чинь гадаад л үгнүүд.
Гэхдээ бид нарын амьдралд ороод л ирсэн байна шд. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх л ёстой байхгүй юу. Болж л байш д. Тэрнээс одоо би бананыг гадил энэ тэр гэсэн хачин үгээр нэрлэх шаардлагагүй. Яаж байгаад ч гадил болчихдог юм. Хэн ч гадил болгоод хаячихдаг юм. Банана гэж байсан нь дээр ш д. Олон улсын төвшинд ойлгоход ч амархан байхгүй юу. Тэгээд манай энэ хэлний хүмүүс ерөөсөө олигтой юм хийхгүй юм. Тэгээд нэг эгшиг гээнэ гэж муухай дүрэм байна. Эгшиг гээж яах юм. Бүх үгийг эгшиг гээдэггүй л болгочихоё л доо. Ярианы хэл бичгийн хэл хоёр чинь өөр байхгүй юу. Бичиж байгаагаараа заавал унших албагүй байхгүй юу. Тэгэхэд манайх чинь хэлний угийн а хэлэгдэхгүй байна гэнээ. Тэр чинь одоо хаашаа юм. Юу болоод байгаа юм. Тийм болохоор ийм заваан юмнуудаасаа салах хэрэгтэй.
Тэгээд хэлээ сайжруулчих юм бол бид нар арай гайгүй болох гээд байна. Яагаад гэвэл хэлээр чинь бодол явагдана. Хэл тааруу байвал боловсрол явагдахгүй гэсэн үг. Тэгэхээр бид ерөөсөө түүх, хэл хоёрынхоо асуудлыг л маш хурдан шийдэх хэрэгтэй. Тэгж байж энэ нэг түгжрэл, гацаанаасаа гарна. Түүх гэхээр нэг өвөг дээдэс яриад байдаг, хэл гэхээр нэг ганжиг гунжиг гэсэн юм яриад байдаг. Жишээ нь гонжигнох гэсэн нэг үг байлаа гэж бодьё. Гонжигнох, гонжигнуулах гонжигдох, гонжигдсон, гонжигномоор, гонжигнуулмаар гээд долоон үг болчихож байгаа юм. Зүгээр кирилл үсгээр л тоглоод байгаа байхгүй юу. Далдага гэхэд далдагнах, далдганамаар, далдганамар гэсээр байгаа арван үг болгочихож байгаа байхгүй юу. Тэгээд тэрнийгээ бүгдийг нь тоолоод 38 мянган үг гэж байгаа юм.
Ингэж болохгүй ш дээ. Ийм хачин юм хийж ерөөсөө болохгүй. Оюутнуудтай энэ талаар ярихад бүр инээдэмтэй байдаг ш дээ. Энэ бүхнийгээ бушуухан шийдэхгүй бол тэгээд түүхтэйгээ зууралдсан, өнгөрснөөрөө нэг их бахархах гэсэн, өнгөрсөнд нэг их сайхан юм байгаа гэж хайсан хүмүүс яваад байна. Өнгөрсөнд юу ч байхгүй. Цагийн гарз. Өнөөдөр ар монголын бид нар өвөр монголчуудтай яриад суухад бид нарын хэл хамаагүй хөгжсөн байдаг. Өвөр монголчууд монгол бичгийг хэрэглэдэг ч гэсэн яг нарийн юмаа хятад ханзаар бичээд явчихдаг. Харин буриад монголчууд бол шууд орос хэл рүүгээ орчихдог. Бид нар бол кирилл бичигтэйгээ байхад ерөнхийдөө дажгүй. Харин энэ хүн төрөлхтний энэ сайхан бичгийг хэрэглэж сурах хэрэгтэй. Болор цом бол зүгээр л кирилл үсгийн цагаан толгойгоор тоглоод байгаа шдээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүмүүс жоохон бүдүүн бараг хүн гэж хэлдэг. Таныхаар тэр ямаршуу хүн бэ?
Европын нэг үг байдаг. Алим алимныхаа модноос хол унадаггүй ээ гэж. Тэгэхээр тэр хүн хаанаас гаралтай, хүүхэд насандаа хаана төрсөн, ямар хүмүүжилтэй, ямар сургууль төгссөн тэрнээсээ хамааралтайгаар алим хол буух уу, ойрхон буух уу гэдэг тухай л ярина ш дээ. Тэгээд бас энэ хүний намтрыг нь сайн харах хэрэгтэй. Ер нь манай энэ улс төрийн удирдагчид ямар намтартай юм бэ гэдгийг сайн унших хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүсийн намтрыг эхний ээлжинд хэвлэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар чинь ямар хүн сонгосноо ерөөсөө мэдэхгүй байна. Нэг л сайхан фото шоп хараад сонгочихдог гэтэл тэр хүн нь бодит байдал дээр шал өөр хүн байдаг.
Иймэрхүү байдлаар бид нар чинь одоо янз бүрийн ухаантай, ухаангүй хүмүүс сонгосоор байгаад баахан ичмээр дамшигуудтай л болчихлоо ш дээ. Бид нар чинь одоо гэр орондоо үнэнээ л ярьсан нь дээр биз дээ. Сүүлийн үед байшин бариад жоохон хуураад байна л даа. Энэ байшингуудыг монголчууд өөрсдөө яг барьсан уу гэдэг бас эргэлзээтэй. Дийлэнхийг нь хятадууд л барьж байгаа ш дээ. Тэр утгаараа би Улаанбаатар хотын бүх баригдаж байгаа энэ бүх байшингуудын ханан дээр энэ байшинг ямар ард түмэн барьсан бэ гэдгийг бичих хэрэгтэй гэж боддог. Хятадууд барьсан бол тэрнийг нь бичих хэрэгтэй. Тэгэхгүй бол монголчууд л барьсан юм шиг харагдаад байна ш д. Тэгчихээд л нөгөө барилга барьсан хятадуудаа харааж зүхээд байдаг. Ийм тэнэг байж болохгүй.

Ярилцсан Ж.Батдорж
Үргэлжлэл бий.
 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан