"Фүкүшима-1" станцын цэвэрлэсэн усыг далайд асгах хугацааг хойшлуулжээ


ТОКИО. /NHK/. 
Японы Засгийн газар 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарч байсан “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхлэх хугацааг энэ хавраас зун хүртэл хойшлуулахаар шийджээ.  
Энэ тухай тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура Ясүтоши өнөөдөр мэдэгдсэн байна.  Холбогдох төлөвлөгөөг олон улсын байгууллагууд, тэр дундаа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг баталсан гэдгийг тэрбээр онцолжээ.
 
Цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг станцаас асгах ажлыг энэ хавар эхлүүлэхээр анх төлөвлөж байсан байна.  
 
"Усыг асгаж эхлэхээс өмнө бид аюулгүй байдлыг хангах, энэ талаар худал мэдээлэл тараахаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийх болно" гэж сайд нэмж хэлжээ. 
 
Японы Засгийн газар “Фүкүшима 1” АЦС-ын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгахыг 2020 оны дөрөвдүгээр сард албан ёсоор зөвшөөрсөн билээ. Одоогийн байдлаар станцын нөөцлүүр савуудад аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1 сая 25 мянга гаруй тонн ус хуримтлагджээ. Энэ усыг 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөсөн байна. МАГАТЭ энэ үйл явцад байнгын хяналт тавихаар төлөвлөжээ. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч цацраг идэвхт трит агуулагдсан хэвээр байгаа аж. Японы Засгийн газар усыг далайд асгах үед энэ бодисын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усны тогтоосон стандартад нийцсэн байна гэж мэдэгдсэн юм. 
 
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан