Цагаан сар ба монгол "маягийн" инфляц


Хоёрдугаар сар гарахтай зэрэг иргэд Цагаан сарын бэлтгэлээ базааж, зах худалдааны төвийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэв. Цар тахал, цаг үеийн нөхцөл байдлын улмаас хоёр илүү жил сар шинийн баярыг өнжсөн учир энэ жил баяраа тэмдэглэсэн шиг тэмдэглэх түмний хүслийг буруутгах аргагүй. Харин ч үндэсний баяр, уламжлал, зан заншлаа дээдэлж, өвгөдөөс өвлөгдсөн Цагаан сарын баярт ач холбогдол өгч буй нь сайн талтай. 
Үнийн өсөлтөөс өрийн дарамт руу
Харин худалдаа эрхлэгчид эрэлтэд дулдуйдаж, бараа бүтээгдэхүүний үнээ хэт хөөрөгдсөн нь олон нийтэд багагүй хүндрэл учрууллаа. Долоо хүрэхгүй хоногийн өмнө хоёр дахин хямд үнээр зарагдаж байсан бүтээгдэхүүний ханшийг баярын өмнөхөн нэг нугалсан үзэгдэл нийтлэг ажиглагдав. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүний ч үнэ бус хувцас хэрэгслийг ч ийм байдлаар борлууллаа. Тэр битгий хэл, авто машин угаах үнэ ч оны отгон өдрүүдэд хоёр дахин өссөн юм.
Эрэлтээ дагаж үнэ хэлбэлзэх нь чөлөөт зах зээлийн зарчим. Гэхдээ сар шинийн баярын өмнө үнэ хэтэрхий хяналтгүй, хэмжээ хамжааргагүй өсөв. 
ҮСХ-ны мэдээллээр энэ сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.4 хувь, өмнөх 7 хоногоос 2.0 хувиар өсчээ. Ганцхан сарын дотор бараа бүтээгдэхүүний үнэ ийн өсөх нь ховор тохиолдол. Үүнийг иргэд сар шинийн эрэлтээс үүдэлтэй өсөлт хэмээж буй бол худалдаа эрхлэгчид хоёр жил борлуулалт зогсож, “модоо барих” дээрээ тулсан учир энэ жил тэр шархаа нөхөхөөр эрвийхээрээ ажиллаж байна хэмээн тайлбарлаж байсан юм. 
Үнийн өсөлтийн улмаас иргэд сарын дундаж орлогоороо сар шинийн баярыг тэмдэглэхэд боломжгүйд хүрсэн. Ахмадуудын нэг сарын тэтгэврийн мөнгө 500-600 мянган төгрөг. Гэтэл нэг ширхэг ууцны үнэ 400-500 мянга, 21 ширхэг хэвийн боовны ханш 100 орчим мянган төгрөг байлаа. Тиймээс цалин, тэтгэврийн зээл авч, Цагаан сарынхаа “ард гарав”. 
Цар тахлын улмаас Цагаан сар тэмдэглээгүй 2020 онд зээлийн хэмжээ өмнөх онуудаас харьцангуй буурсан үзүүлэлттэй байсан бол цар тахлын хорио цээр суларсан 2022 онд эрс нэмэгдсэн байна. Тус оны нэгдүгээр сард цалин, тэтгэврийн 443 тэрбум төгрөгийн зээл авсан бол хоёрдугаар сард 260 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ онд ч зээл авсан иргэдийн тоо дээрхээс дутахгүй гэдгийг банкны алба хаагчид мэдээлж байсан юм. 
ҮСХ-ны мэдээллээр улсын хэмжээнд 960 мянга орчим өрх байна гэсэн тооцоо гарсан. Тоон мэдээллээс үзвэл, 2013 онд нэг өрх цагаан сардаа дунджаар 574 мянган төгрөг зарцуулж байсан бол энэ онд дунджаар 1.2-3.5 сая төгрөг зарцуулах тооцоо байна. Харин олон хүн ирдэг, өндөр настай хүмүүс 4-5 сая төгрөг зарцуулж байгаа аж. Дундаж тооцооллоор энэ жилийн цагаан сард монголчууд 2 орчим их наяд төгрөг зарцуулсан гэх дүр зураг харагдаж байна.Түүнчлэн дор хаяж нэг их наяд төгрөг гадагшилж, гадаад валютын урсгалыг тэлсэн гэх тооцооллыг эдийн засагчид хэлж буй. 
Ямартай ч, үнээ өсгөх нь өсгөж, мөнгө төгрөг зээлэх нь зээлсээр бэлтгэлээ базааж амжлаа. Баярын өдрүүд ч шувтарч байна. Эдийн засаг талаасаа харахад, үнэ өссөн, өр зээл зузаарсан, гадагш нь багагүй валют урсгасан гээд тааруухан дүр зураг харагдаж байна. Тэгэхээр мэдээж одоо баярын уур амьсгалаас ангижирч, урьдын амьдралын хэв маяг руу шилжинэ. Бүр үнийн өсөлт, өрийн дарамттай нүүр тулна. Зээлийг бол авснаас хойш төлөх нь дамжиггүй. Харин өнөөх үнийн өсөлтийг аргамжих боломж үгүй. Баярын давлагаагаар өссөн үнэ буцаж бууна гэсэн ойлголт манайд бараг л байдаггүй нь халтай. Тиймээс иргэдэд бүсээ чангалахаас өөр сонголт үлдсэнгүй. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан