В.Зеленский Ши Жиньпинийг Украинд урьжээ


КИЕВ./Politico/.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Украинд урьжээ. Хэрэв Ши Жиньпин урилгыг хүлээн авбал Орос Украин руу довтолсноос хойш хоёр удирдагч анх удаагаа уулзах юм.

“Бид Ши Жиньпинтэй энд уулзахад бэлэн байна” гэж В.Зеленский Америкийн “Associated Press” агентлагт Киев хүрэх галт тэргэнд сууж явахдаа өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. “Би түүнтэй ярилцмаар байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

“Дайн эхлэхээс өмнө би түүнтэй холбоотой байсан. Гэвч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд холбоо тогтоосонгүй” гэж В.Зеленский хэлжээ.


Ши Жиньпин хэдийгээр ОХУ-ын гол холбоотон боловч сүүлийн саруудад Бээжинг Москва, Киевийн хооронд энх тайван тогтоох зууч болгохыг эрмэлзэж байгаа нь тус улсыг төвийг сахисан зуучийн үүрэг гүйцэтгэж чадах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлээд байгаа Европын Холбоо, НАТО-гийн төлөөлөгчдийн шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

Гэсэн хэдий ч В.Зеленский Бээжингийн 12 заалт бүхий энхийн төлөвлөгөөг үндэс болгон Хятадын зуучлалтайгаар энхийн хэлэлцээнд оролцоход бэлэн гэдгээ саяхан илэрхийлсэн байна.

“Хятадын дэвшүүлсэн зарим санал олон улсын хууль тогтоомжийг хүндэтгэж байгаа тул бид Хятадтай хамтран ажиллах боломжтой гэж бодож байна” хэмээн Украины Ерөнхийлөгч энэ сарын эхээр мэдэгджээ.


Өнгөрсөн долоо хоногт Ши Жиньпинийг Москвад айлчлахын өмнө “Wall Street Journal” сонинд “энэхүү айлчлал нь Украин, Хятадын төрийн тэргүүн нарт утсаар ярих боломжийг бүрдүүлнэ” хэмээн бичиж байсан юм.

Гэхдээ ийм яриа хэлэлцээ болоогүй бөгөөд Ши-Путин нарын дээд хэмжээний уулзалт Оросын илэрхийлж байгаа байр суурийг дэмжсэн мэт хамтарсан мэдэгдэл баталж, Оросын цэргийг Украинаас гаргахыг санал болгоогүйн зэрэгцээ НАТО-гийн тэлэлт нь дайныг өдөөсөн гэж буруутгаснаар өндөрлөсөн. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан