Хан-Уулын хоёр шүүгчийг шүүж дуусаагүй байхад бас нэг шүүгч нь “хэрэг” тарьчихав уу?!


Монгол Улс 600 шүүгчтэй. Тэдний 11 нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилладаг. Энэ шүүхийг онцолсон нь учиртай. Ердөө хоёр, гуравхан жилийн өмнө эндэхийн шүүгч Э, М, тус шүүхийн захиргааны ажилтан З, У нар өмгөөлөгч Б.Баасанцогтоос дансаараа мөнгө авч улс даяар дуулиан шуугиан болж байв. Тодруулбал, Б.Баасанцогт нь  “У” компанийг төлөөлж, тус компанийн эрх ашгийг хангуулахаар тус шүүхийн шүүгч М-ийн 507603....дансанд 2019 оны наймдугаар сарын 30-нд таван сая, 2020 дөрөвдүгээр сарын 7-нд таван сая, нийт  10 сая төгрөг, шүүгч Э-ийн 503417.... тоот дансанд 2020 оны наймдугаар сарын 5-нд 1.3 сая, 2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд таван сая, нийт 6.3 сая төгрөг, тус шүүхийн ажилтан З-гийн 542926.... дансанд 2021 оны нэгдүгээр сарын 27-нд 550 мянга, мөн ажилтан У-гийн 503420....дансанд 2019 арванхоёрдугаар сарын 29-нд 1.5 сая, 2020 оны тавдугаар сарын 6-нд 460 мянга, 2020 оны долдугаар сарын 6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг.
Тиймээс Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн жилийн өдийд хуралдаад НПГ-ын саналыг үндэслээд шүүгч М, Э нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2022 оны аравдугаар сарын 13-нд өмгөөлөгч Б.Баасанцогт болон дээрх шүүгч нарыг шүүсэн. Хоёр шүүгчид нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Хэдхэн хоногийн өмнө давж заалдах шатны шүүх хурал болж ял шийтгэлийг хэвээр нь үлдээжээ. 
Тэгвэл яг ийм байдал руу “гулсаж” магадгүй үйл явдал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Одоогоос таван жилийн өмнө, 2018 оны сүүлчээр нэр бүхий хоёр компани хоорондоо зээлийн гэрээ байгуулж, нэлээд хэмжээний мөнгө өгч, авалцжээ. Зээл авсан компани барьцаанд нь газар тавьсан байгаа юм. Гэвч зээлээ заасан хугацаанд төлөлгүй, гэрээ зөрчигдсөн учир компаниуд хоёр жилийн дараа, 2020 оны сүүлчээр шүүхэд ханджээ. Тэрбум орчим төгрөгийн “өгөө, аваа”-тай гэсэн маргаан шүүхэд очсон байна.
Гэхдээ дээрх компаниуд шүүх дээр очоод “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Шүүгч ч “...Эвлэрлийн гэрээ байгуулсан тул гомдол маргааныг хаалаа” хэмээн шийджээ. Энэ дагуу барьцаалсан газрыг худалдаж, хохирлыг барагдуулахаар болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “тусламжтайгаар” уг ажлыг хоёр жилийн турш хийж, тэр нь саяхан дууссан байна. 
Ингээд газар ч зарагдаж, мөнгө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд ортол 2020, 2021 он дамнуулан уг асуудлыг хариуцаж, “...Эвлэрлийн гэрээ байгуулсан тул гомдол маргааныг хаалаа” хэмээн шийдсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гэнэтхэн “...Энэ хэргийн талаар өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгов” гэсэн шийдвэр гаргасан байна. Шийдвэрээ хүчингүй болгосон шалтгаанаа “...Миний бие тухайн үед нэхэмжлэлийг гардуулахдаа гарын үсэг зуруулаагүй байна. Энэ нь алдаа болсон учраас хүчингүй болгосон” гэжээ.  Хэдийгээр шүүгч гаргасан шийдвэрээ “эргэж харах” хуулийн заалт бий ч яг ийм шалтгаанаар хүчингүй болгох боломжгүй аж.
Эрхэм шүүгчийн энэ шийдвэр шүүхийнхэн, шүүхийн шийдвэрийнхэн, нэхэмжлэгч гээд энэ асуудалд ямар нэг байдлаар хамаарах бүх субьектыг гайхашралд оруулаад байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан гарц гаргалгааны дагуу бүтэн хоёр жилийн турш үйл ажиллагаа явагдаж, сая нэг шийдэгдтэл шүүгч хаана ч байхгүй шалтгаанаар хүчингүй болгочихов.
Шүүгчийн тухайд олон жил Ховдын шүүхэд “захиргааны ажил” хийсэн. Хэдэн жилийн өмнө хотод ирээд дөрөв дэх Ерөнхийлөгчийг буухын өмнөхөн одоогийн албан тушаалдаа томилогдсон. Дөрвөн жил шахмын өмнө дөө, Төмөр замын дарга асаны УБТЗ-ын нэр дээрх байрыг чөлөөлөх Дээд шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан хэрэгжүүлэх гэж байсныг шийдвэр гаргаад зогсоож байв. Бяртай л шүүгч байгаа юм.  Харин хохироогч буюу хариуцагч нь нэлээд “хэцүү” нөхдүүд аж. Арваад компани хамтарч эзэмшдэг хоёр нөхөр бий. Тэр компаниуд нь гадаад худалдаа, хүнсний ногоо тариалалт, барилгын засал чимэглэл, аялал жуулчлал, худалдааны зуучлал, фермер, газар тариалан, аяллын оператор, аялал жуулчлалын агентлаг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ресторан, бизнесийн зөвлөгөө өгөх, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа гээд хийхгүй ажил гэж үгүй. Бас барилга барина. Урд хөршийн иргэнтэй хамтарсан компаниараа хил дагуу бизнес амжуулна. Ер нь л элдэвтэй. Сүүлд л гэхэд барилгын компаниараа нэгэн цахилгаан станцынхны орон сууцыг барьсан. Барьсан барилгаасаа зарж ашиг оллоо гээд шүүмжлүүлээд л байсан.
Бас ҮАГ-ын 2018 оны санхүүгийн аудитын тайланд “...ТУЗ-ийн 2014 оны ... дугаар тогтоол, шийдвэрээр Ажилчдын орон сууц бариулах ажлын хэсэг гурван компаниас үнийн санал авч ".........................." ХХК-тай гэрээ хийж, 735 ажилчдын долоон орон сууцны барилгыг 2017 онд багтаан дуусгах байсан боловч өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй, хүлээлгэж өгөөгүй байна. "..........." ТӨХК орон сууцны дэмжлэг үзүүлэх зардалд 210 ажилтанд 1.546.2 сая төгрөг, 74 ажилчид захиалгын гэрээ хийж урьдчилгаа төлбөрт 871.8 сая төгрөг, нийт 2.418.0 сая төгрөгийг төлсөн байна.
Энэ нь гэрээний 6.2-д “...Захилагч болон гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн тал нь тухайн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.05 хувиас хэтрэхгүй хэмжээгээр буруутай талдаа алданги ногдуулна” гэсэн заалттай нийцэхгүй байна. Тиймээс  ТУЗ-ийн тогтоол, шийдвэр, орон сууцны барилга барих гэрээний холбогдох заалтуудыг баримтлан хэрэгжүүлж ажиллах талаар албан шаардлага өгөв” гэж бичигдсэн байдаг. Тэрчлэн энэ шүүгч, хариуцагч хоёрын дунд өмгөөлөгч гэдэг хүн бий. Олон жил өмгөөлөл хийсэн. Сайн мууг сайтар мэднэ. Хууль хяналтын салбар дахь хуудууг ч андахгүй. Бат инженерийн номдоо тодорхойлсон “...Гэмт хэргийн бирж”-ийг арван хуруу шигээ мэдэх хэмжээний хашир туршлагатай өмгөөлөгч л дөө.  Шулуухан хэлэхэд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч зээл төлөлгүй “луу унжсан” компани, олон жил хуулийн хуудуу дээр ажиллаж ирсэн өмгөөлөгч хоёрын хатгаасаар шүүхийн практикт байхгүй үйлдэл хийв үү гэсэн хардлага байна. Үүнээс болоод зээл өгсөн компани хохирч, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ч нэг ажлаа дахин хийх, хамгийн гол нь хугацаа алдах болчихоод байгаа юм. Тэгэхээр “...Оросуудыг сайн ухвал татар л гарч ирнэ” гэдэг шиг шүүгч, өмгөөлөгч, хариуцагч гурваас юм юм гарч ирж мэдэхээр нөхцөл үүслээ. Ядаж байхад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан М, Э нарын шүүхийн ажил дуусаагүй байдаг. Хэдийгээр энэ бүхний цаана юу байгааг хэлэхэд эрт ч, энэ шүүгчийн “хэрэг” Монголын 600 шүүгчийн “эвэр”-ийг доргиох магадлал өндөр болоод байна. Тийм биш гэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийнхээ 10 шүүгчийг хэцүүдүүлж мэдэх л юм. 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан