АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХИ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ


НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Тэрбээр  2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжих болсонтой холбоотойгоор төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг чадавхижуулах зорилгоор “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулснаа дурьдаад хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх сургалтын ажлыг танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгч Э.Бат-Үүл “Нийслэлийн төрийн албан хаагчдаас гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа хүмүүс бий юу?” гэсэн асуултад Ү.Ганболд “Богино хугацаанд хамрагдаж байгаа мэргэжилтнүүд бий. Урт хугацаанд хамтран ажиллах чиглэлд анхаарч байна” гэж хариулав.
Төлөөлөгч Э.Бат-Үүл “Гадны компаниудтай төсөл хэрэгжүүлэхдээ бид төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх чиглэлд анхааран, хамтран ажиллах тал дээр тодорхой бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Засгийн газар, яамдаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ Улаанбаатар хотын саналыг авах нэрээр хотын даргыг дуудаж дэмжиж байгаа гэдгийг хэлүүлдэг. Ингэснээр биднийг өрөнд оруулах, үр дүнгүй төсөл хөтөлбөрт хамруулах хандлага бий. Цаашдаа ийм нөхцөлийг бүрдүүлэхгүйн тулд гадаадын төсөл хөтөлбөрт нийслэл хотыг хамруулахын тулд НИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авсан байна гэдэг журам гаргаад явах нь зүйтэй” гэв. Төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Удирдлагын академитай хамтраад нийслэлийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдыг тодорхой кредит цагийн сургалтад тогтмол хамруулдаг болмоор байгаа юм” гэсэн саналыг илэрхийлэв. Хурлын төлөөлөгчид хөтөлбөрийг дэмжснээр “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхи бэхжүүлэх сургалтын хөтөлбөр” батлагдав.
Хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө батлах тухай асуудлын талаарх мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ. Нийслэл хотын хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотыг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийг газар олголт, инженерийн шугам сүлжээ, хот төлөвлөлт, хотын ландшафт дизайнтай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, бий болгох арчлах цогц менежментийг нэвтрүүлэхэд мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлтийг тусгасан гэдгийг тэрбээр онцлон дурьдав. Мастер төлөвлөгөөг баталснаар хотын цэцэрлэгжүүлэх, ойжуулах, тохижилт, ногоон байгууламж бүхий гудамж талбайг бий болгох, тэдгээрийг хамгаалж сайжруулах замаар цэвэр эрүүл аюулгүй таатай орчиныг бий болгохыг эрхэмлэх, иргэдийн ухамсарыг төлөвшүүлэхийг зорьж байгаа гэв. Төлөөлөгчдийн зүгээс Мастер төлөвлөгөөг дэмжин батлахаар болов.
НИТХ дах АН-ын бүлгийн зүгээс Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө батлахтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 317 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн”-д Захирагчийн ажлын албаны ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн асуудал хариуцсан албан тушаалтныг оруулах талаар тогтоолын төсөл боловсруулж шийдвэрлэх горимын  санал хуралдаанд оруулсаныг НИТХ-ын төлөөлөгчдийн олонхи дэмжив. Ингэснээр тус асуудал Засгийн газарт уламжлагдаж батлагдах юм бол барилга байгууламж шинээр баригдах бүрд Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн ажиллаж, ногоон байгуулж цэцэрлэгжүүлэлтийн норм нормативыг сахиулан ажиллуулах боломжтой болох юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан