Ширэнгэн ойд 40 хоног амьдарсан хүүхдүүд хэрхэн амь үлдсэн талаараа ярьжээ


Колумб улсын Какета болон Гуавиаре мужуудын хилийн ойролцоо тавдугаар сарын 1-нд жижиг онгоц осолдсон хэрэг гарсан. Ослоос хойш 40 хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт ширэнгэн ойгоос дөрвөн хүүхдийг эсэн мэнд олсон билээ.
"Cessna 206″ онгоц тавдугаар сарын 1-ний үүрээр Амазонас мужийн Араракуара болон Гуавиаре мужийн Сан Хосе дель Гуавиаре хотын хооронд долоо хүн тээвэрлэж явсан. Хөдөлгүүрийн эвдрэлийн улмаас нисгэгч тэргүүтэй гурван том хүн нас баржээ. Тэдний цогцос онгоцноос олдсон боловч 4, 9, 13 настай болон ой арай хүрээгүй буюу 11 сартай хүүхэд олдоогүй. Хүүхдүүдийг 40 хоногийн дараа цэргийнхэн олж аварснаар өнгөрсөн бямба гарагийн өглөө Боготад авчирчээ.
Тэд хэрхэн амьд үлдсэн мөн 40 хоногийн турш хэрхэн амьдарсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. 13, 9, 4 настай болон 11 сартай хүүхдүүд аврагдсаныхаа дараа багадаа хоёр долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгаа аж.
Хамгийн бага хоёр хүүхдийн аав Мануэль Ранок ням гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа амьд үлдсэн дөрвөн хүүхдийн хамгийн том нь буюу 13 настай Лесли Жакобомбайр Мукутуи онгоц осолдсоны дараа ээж нь дөрөв орчим хоног амьд байсан талаар ярьжээ. Ранокийн хэлснээр, ээж нь нас барахаасаа өмнө тэдэнд эндээс холдож, аюулгүй газар очихыг зөвлөсөн байна.
13 настай хүүхдийн авга ах Фиденсио Валенсиа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа хүүхдүүд могой, амьтан, шумуулаар дүүрсэн ширэнгэн ойд өөрсдийгөө хамгаалахын тулд модны хонгилд нуугдаж байсан гэжээ. Хүүхдүүд Колумбын Богота дахь цэргийн эмнэлэгт очсоныхоо дараа бага багаар юм идэж байгаа ч төдийлөн сайн идэж чадахгүй байгаа аж.
Хүүхдүүдийн гэр бүлийн гишүүд нь тэднийг маниок гурил, үр, жимс идэж амьд үлдсэн бөгөөд ширэнгэн ойн жимсийг алийг идэж, алийг нь идэж болохгүйг мэддэг байсан нь тэднийг амьд үлдэхэд нөлөөлсөн гэж ярьсан байна. Хүүхдүүд нь Хуйтото нутгийн уугуул гэр бүлээс гаралтай аж.
Баасан гарагт хүүхдүүдийг аварсаны дараа нисдэг тэргээр Богота руу, дараа нь цэргийн эмнэлэгт хүргэсан бөгөөд бямба гарагт Ерөнхийлөгч Густаво Петро, Касгийн газрын болон цэргийн албан тушаалтнууд хүүхдүүдтэй уулзсан байна. Аврах ажиллагааг хариуцаж байсан генерал Педро Санчес хүүхдүүд осолдсон газраас таван км-ийн зайд ойн жижиг цоорхойгоос олдсон талаар ярьжээ. Түүний хэлснээр аврах багийнхан хэд хэдэн удаа хүүхдүүд олдсон газраас 20-50 метр (66-164 фут) зайд өнгөрч байжээ. Ослоос хоёр долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 16-ны өдөр эрлийн багийнхан онгоцыг ширэнгэн ойн гүн хэсгээс олж, онгоцонд явсан гурван том хүний цогцсыг гаргасан ч бага насны хүүхдүүд байгаагүй аж.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан