“Эвлэрүүлэн зуучлалын үр нөлөө ба цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

 Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжсэний 10 жил тохиож буй хүрээнд “Эвлэрүүлэн зуучлалын үр нөлөө ба цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монголын хуульчдын холбоо болон Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулж байна.
 
       Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсанаас хойш шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 162623 өргөдөл хүлээн авснаас 116230 өргөдлийг шийдвэрлэж, үүнээс эвлэрлийн гэрээ байгуулсан нь 80159 буюу 69.3 хувь амжилттай болж, шүүхийн ачааллыг 22.9 хувиар бууруулж чадсан.
 

 
       Хэлэлцүүлэгт зарим шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатын танхим, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв оролцож байна.
 
  
 
       Хэлэлцүүлгийг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг “Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ын хамт олон болон Япон Улсын Чюүкёогийн их сургуулийн хуулийн профессор, багш Инаба Казүто, мөн эвлэрүүлэн зуучлагчдын үе үеийн гишүүдэд халуун дотноор талархал илэрхийлье.
 
      Түүнчлэн эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга агсан, Монгол Улсын гавьяат хуульч Д.Тунгалагийн эвлэрүүлэн зуучлалыг Монгол Улсад үүсэж, хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсныг энд дурсан, сануулахад таатай байна.
 
       Шүүхийн ерөнхий зөвлөл Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд 43 эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэж, томилуулснаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нар ажиллаж эхэлсэн.
 
       Цаашид Эвлэрүүлэн зуучлалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлалыг цахимжуулах, эвлэрүүлэн зуучлагчдыг чадавхжуулах, эвлэрүүлэн зуучлалын сургагч багш бэлтгэх, эвлэрүүлэн зуучлалыг иргэдэд сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны программ хангамжийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого, зорилтоо тодорхойлсон. Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
  
 
         Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч Адриен Мүрг, ЕСБХБ-ны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн шилжилтийн багийн Ерөнхий зөвлөх Вероника Брадаутану нар Монгол Улсад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг бэхжүүлэхэд өөрсдийн идэвх зүтгэлийг харамгүй зориулахаа илэрхийлж байлаа.
 
  
 
              Мөн Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарч буй үр дүн бол манай улсын эрх зүйн тогтолцоонд нэн ач холбогдолтой, эерэг нөлөө үзүүлж байгаа. Монголын хуульчдын холбооноос эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх сургалт, судалгааны ажлыг тасралтгүй зохион байгуулж, дэмжин ажиллах болно. Цаашид захиргааны хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар шийдэх хэрэгцээ, шаардлагатай гэж харж байгаа. Үүнийг тодорхой ажил хэрэг болно гэдэгт итгэж байна” хэмээснээр хэлэлцүүлгийг нээв.
 
  
         Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газар Хууль зүйн яамтай хамтран 2004-2009 онд Монгол Улсын хууль, эрх зүйн орчныг дэмжих Техникийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэд “Эвлэрүүлэн зуучлах төв”-ийг байгуулж, эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэж эхэлснээр Монгол Улсад эвлэрүүлэн зуучлалын үндэс суурь бий болсон.
 
  
 
       Энэхүү хөтөлбөр үргэлжилж ЖАЙКА нь Монгол Улсын Дээд шүүхтэй хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг 2010-2015 онд 2 үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд төсөл Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд шүүхийн бус аргаар маргааныг шийдвэрлэх шинэ аргыг нэвтрүүлэхэд ач холбогдол өндөр байсан. Уг төслийн хүрээнд "Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх" хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлаас 2012 онд шүүхийн багц хуулиуд баталсны нэг нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль юм.
 

 
Хэвлэл мэдээллийн хэлтэс
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан