"Эрээний хил дээр амралтын өдрөөр л хүний урт дараалал үүссэн"

"Эрээний хил дээр амралтын өдрөөр л хүний урт дараалал үүссэн"

 

Эрээний хилээр нэвтрэх ачаалал сурагчдын амралттай холбоотой эрс нэмэгдэж, иргэд 1-2 цаг дугаарлаж байгаа талаар олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Энэ талаар одоогоор холбогдох албанаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй ч хүмүүс гаалийн шалгалт, сурагчдын амралттай холбоотой гэж бичиж байгаа юм.

Тодруулбал, ачаа тээшний хэмжээ, хүмүүсийн бичиг баримтын шалгалттай холбоотой хилээр нэвтрэхэд ачаалал нэмэгдэж байгааг тэнд дугаарлаж буй хүмүүст хэлжээ.

Эрээн хотод суугаа консулын газраас өнгөрсөн нэгдүгээр сард /2024.01.15/ анхааруулга, зөвлөмж мэдээллийг гаргасан. Тодруулбал, хилээр зорчих иргэн бүрт хамааралтай ачаа тээшний хэмжээг шинэчлэн тогтоосон юм. “БНХАУ-ын Гаалийн хууль”-ийн 4.46-д “Хувь хүн хилээр орох болон гарахдаа биедээ авч явах ачаа тээшний хэмжээ нь зохистой хэмжээнд байх ёстой бөгөөд зөвхөн өөрийн хэрэгцээний тоо хэмжээгээр хязгаарлагдана. Биедээ авч явах ачааг Гаалийн хяналтаар оруулна” гэж заасныг үндэслэн Эрээн хотын Гаалийн газар 2024 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн авто замын боомтоор орох, гарах зорчигчдын биедээ авч явах эд зүйлийн хэмжээг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулсан.

Тиймээс ачаа тээш хэмжээнээс хэт хэтрээгүй, рентгенээр хэвийн гарсан тохиолдолд хилээр чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм байна.

ХҮНИЙ АЧААЛЛААС ШАЛТГААЛЖ ХУРУУНЫ ХЭЭГ УНШУУЛАХАД ЦАГ ИХ ЗАРЦУУЛЖЭЭ

Хилээр зорчиж байгаа иргэдээс ямар шаардлага тавьж байгаа талаар тодруулахад, Эрээний хилээр гарахад нэг хүн 30 кг-аас дээш ачаатай бол нэвтрүүлэхгүй байгаа. Мөн хүүхдүүдтэйгээ явж байгаа тохиолдолд цаг их зарцуулж байна. Учир нь Хятадын Гаалийн тухайд хуульд хилээр нэвтрэх хүний ачаа тээшний хэмжээг заасан. Тэр заалтын дагуу хилийн ажилчид хяналт, шаардлага тавьж байгаа гэсэн.

Мөн хүмүүсийн хурууны хээг нэг бүрчлэн уншуулахад хугацаа их шаардаж, оочер дараалал ихэсч байна.

Нэг талдаа хил нэвтрэхэд ачаа, тээшний зөвшөөрөгдсөн хэмжээ чухал. Ихэнх хүн ачааны хэмжээ заагаагүй гэж ойлгож овор хэмжээ их, 50 кг-аас дээш хэмжээтэй тээштэй гардаг. Гэхдээ хүүхдүүдтэйгээ, ачаатай явж байгаа тохиолдолд хурдан нэвтрүүлэх боломжит хувилбар гаргахгүй бол хилээр гарахдаа бүтэн өдөр зарцуулж байна гэлээ.

Олон нийтийн сүлжээнд иргэдийн бичсэн мэдээллээр "ачаа бараа ихтэй, бага насны хүүхэдтэй, өндөр настай хүмүүс олноор зорчиж байхад хил дээр дугаарлаж байгаа нь маш их ачаалал үүсгэж байна. Хилээр гарахын тулд багадаа цаг орчим дугаарлаж байна. Ачааллаа багасгах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж яриад ч хэрэггүй" гэхчлэн сэтгэгдлүүд илэрхийлжээ.

НЭГ ӨДӨРТ 8500 ГАРУЙ ЗОРЧИГЧ ХИЛЭЭР ГАРЧ, АЧААЛАЛ ИХЭССЭН

Замын-Үүд боомтоор амралтын өдрүүдэд 10 мянга гаруй зорчигч нэвтрэн гарчээ. Өнгөрсөн Баасан гаригаас эхлэн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан зорчигчдын тоо нэмэгдсэн бөгөөд Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж, зөвхөн Бямба гаригт гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрсэн байна. Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан. Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдэл удааширсан гэх тайлбарыг өгсөн юм.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан