Шүүхийн нээлттэй байдлыг сайжруулах, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Канад Улсын Холбооны шүүхийн Хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд улстөрчдөд болон сэтгүүлчдэд зориулсан гарын авлагуудыг гаргахаар ажиллаж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын захиалгаар “Оюуны инновац” ТББ-аас улстөрчдөд зориулсныг, Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүлчдэд зориулсан гарын авлагын төслийг тус тус боловсруулж буй. Мөн нээлттэй шүүхийн замын зураглалыг “Оюуны инновац” ТББ-с боловсруулж байгаа билээ. Энэхүү төслүүдийн гүйцэтгэлийн явц, гарын авлага, нээлттэй шүүхийн замын зураглалын анхны дардастай ШЕЗ-ийн гишүүд өчигдөр/2024.04.29/ танилцаж, ажлын хэсгийн гишүүдтэй харилцан санал солилцлоо.
ШЕЗ-ийн гишүүд, Ажлын албаны холбогдох албан тушаалтнууд төсөл боловсруулагчдыг тус тусад нь хүлээн авч уулзаж, зөвлөн тусалж, харилцан ярилцаад нэмэлт өөрчлөлт оруулах саналуудаа нэгтгэлээ. Дээрх хоёр гарын авлагад хууль хэрэглээний лавлагааг оруулахдаа Олон Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцын тодорхой заалтуудыг оновчтой олж ишлэх, хүрээг тогтоох, дотоодын эрхзүйн орчин дахь холбогдох хуулийн заалтуудыг түүж байршуулах нь зөв гэв. Мөн улстөрчид болоод сэтгүүлчид өөрсдийн чиглэлийн үйл ажиллагааг эрхлэхдээ эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж байхыг сануулахын тулд хариуцлагажуулсан хуулийн заалтуудыг орхигдуулахгүй байхыг дурдсан. Тухайлбал шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан улс төрч болон албан тушаалтан, сэтгүүлч, иргэд хэн боловч хэрхэн хариуцлага хүлээдэг талаарх зохицуулалтыг дурдах тухай санал гаргаж, төсөлд тусгагдсан зарим агуулгыг хасах шаардлагагүй гэсэн тул саналуудыг нэгтгэн нэмэлт өөрчлөлтүүдийг тусгаж хэвлүүлэхээр тогтов. Гарын авлагууд хэвлэгдсэний дараа олон зорилтот хэрэглэгчдэд болон олон нийтэд, зориулан нээлттэй танилцуулгыг албан ёсоор хийхээр төлөвлөв.