-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид дахиад өрсөлдөх гэж байгаа юм байна. Танхим дөрвөн жилийн өмнө шүүмжилж байснаас чинь дээрдсэнгүй юу?
-Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь дөрвөн жилийн өмнөхөөс урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс арав гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй. Монголын эдийн засгийн өсөлт ерөөсөө л үнэ нь дажгүй байгаа зэс, алт, нүүрс, төмөр. Эдийн засгийн өсөлтийг бизнесийнхэндээ яаж өгөөжтэй болгох вэ, тэднээр дамжуулж ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, татварын механизмыг ямар гарц замаар зөв оновчтой болгох вэ гэсэн асуултын хариуг танхим төртэй хамтарч хайж байх ёстой байгууллага.
-Бизнесийнхний төрд өгсөн татварын зарцуулалт дээр хүчтэй хяналт тавих ёстой газар бол танхим гэж та өмнө нь өрсөлдөхдөө ярьж байсан. Танхим энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж чадсан уу?
-Чадаагүй. Татварыг хувийн хэвшлийнхэн л бий болгодог. Хувийн хэвшилд ажиллагсад бас татвар төлдөг. Өгсөн татвар нь төсвийг бүрдүүлж байгаа учраас зарцуулалтад нь хяналт тавьдаг байх ёстой. Хувийн хэвшлийнхний татварт төлсөн мөнгийг 76 хүн нийлж суугаад үрэн таран хийж болохгүй. Боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах гэх мэт суурь зардал бол ойлгомжтой.
Ямар ч үр ашиггүй хөрөнгө оруулалт, улстөрчдөөс хамааралтай өчнөөн сангуудын зарцуулалт дээр дуугүй сууж таарахгүй. Танхимын хувьд ийм завхрал гаргуулахгүй байхад нөлөөлж, ажиллаж, зөв болгуулж чаддаг хүчтэй байгууллага байх ёстой. Зарцуулалтын хяналт гадны бүх улсад байдаг жишиг. Бизнесийнхнээс авсан мөнгөөрөө бизнесийн орчныг дордуулж болохгүй, хувийн хэвшлийнхнийг дарамтлах ёсгүй.
-Гадны том танхимуудын туршлагыг судалж харсан хүмүүсийн нэг нь та. Ер нь хөгжилтэй орнуудын хүчтэй ажилладаг танхимууд ямар зарчмаар ажилладаг юм бэ?
-Клуб буюу танхимын систем Англиас эхлэлтэй. Хэсэг бүлэг хүмүүс нийлж эрх ашгаа хамгаалдаг, төртэйгөө зөв хамтарч ажилладаг механизмыг л танхимаар дамжуулж явуулдаг. Худалдааны танхимын тухайд аж ахуй, үйлдвэрлэл, арилжаа эрхэлдэг бүх компани нийлж бизнесийн орчноо зөв болгох, хамгаалахад анхаардаг. Төр засагтайгаа зөв хамтарч ажиллахад илүүтэй анхаардаг. Бизнесийн орчныг хэрхэн зөв, эрүүл, уян хатан болгох, төрийн зохицуулалтыг зөв байлгах чигт хамтарч ажиллах хандлагыг түлхүү барьж явдаг. Гэтэл манайд эсрэгээрээ болчихсон. Төрийн хүнд суртал, хэт хүчтэй байдлаас хамгаалах, эсвэл төртэйгөө тэмцэлдэх гэдэг талаас нь хараад байдаг. Логикийн хувьд буруу. Төр гэдэг бол бизнес эрхлэгчдийн татварын мөнгөөр бий болсон хуримтлалыг нийт иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдарч, сурч боловсрох эрхийг хамгаалахын тулд зарцуулдаг субьект. Бизнесийн орчныг томруулах хэрээр төсөвт төвлөрөх татварын хэмжээ өснө. Ажлын байр нэмэгдэнэ. Улс орны хөгжих дэвжих сууриуд бүрдэнэ. Ингээд харахаар танхим төр хоёр сөргөлдөгчид биш хамтрагчид. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжлийн зөв төвшинд нь хүргэх тухай ойлголт л доо.
-Танхим өнөөдрийнхөөс эрс өөрчлөгдөх ёстой гэх гээд байна аа даа?
-Тэгж хэлж болно. Танхим маш том судалгааны институци болох ёстой. Стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх учиртай. Тэр судалгаандаа үндэслээд “Бид яавал илүү сайн орчныг бүрдүүлэх вэ” гэдэг дээр төрд хандаж зөвлөмж гаргах ёстой байгууллага. Төр зөвлөмжтэй нь танилцаж үзэл баримтлалаа харж сонголтоо хийгээд явдаг. Ийм шүтэлцээтэй зүйл. Манайд бол бүрэн алдагдсан. Танхимын үйл ажиллагааны бараг 90 хувь аж ахуйн шинж чанартай.
-Та энэ үгийг дөрвөн жилийн өмнө хэлж байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй хэрэг үү?
-Огт өөрчлөгдөөгүй. Яг тэр хэвээрээ. Бид социалист нийгмийн үед Гадаад явдлын яаманд байсан гадаад худалдаатай холбоотой нэгж хэсгийг зах зээлийн шилжилтэд нийцүүлнэ гээд МҮХАҮТ нэртэй гаргасан түүхтэй улс. Тэр үед үйлчилж байсан үйлчилгээнүүдээ ч үзүүлээд яваа гээд бод доо. Бодлогын өмгөөлөл үзүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, татвар дээр яг яах ёстой гэх мэт асуудлаар төртэй хэл амаа ололцох, төрд зөв мэдээлэл хүргэх гэсэн үүргүүдээсээ хоцорсон зураг харагддаг.
Тийм ч учраас танхимд итгэл үзүүлдэг гишүүдийн тоо айхавтар өсдөггүй. 800-900 дотор эргэлддэг. Орон нутагт ажилладаг танхимуудын үйл ажиллагаа хүчирхэгждэггүй. Танхим өөрийн гэсэн бие даасан хуультай. Бусад ТББ ийм хуульгүй. Танхимын хуулийг 1990-ээд оны эхээр хийсэн. Зах зээлийн харилцаанд шилжсэний дараахан хийсэн хууль учраас эрлийз утгатай зүйл олон. Танхим бие дааж үйл ажиллагаа явуулах боломжгүй ч юм шиг. Гишүүнчлэл нь сайн дурын гэчихсэн учраас албан ёсоор хамрагдаж ч болно, үгүй ч байж болдог. Хүчтэй биш байгаагийн нэг шалтгаан нь энэ. Ийм шалтгаануудаар Барилгын, Уул уурхайн ассоциаци гэх мэт салбар холбоодоос сул үйл ажиллагаа явуулдаг болоод хувирчихсан. Хүчтэй нөлөөгүй институци болоод байна л даа.
-Дэлхийн хүчтэй худалдааны танхимууд шиг болгохын тулд яах ёстой вэ?
-Хэн нэг хүн бизнес эрхлэхийг хүсч байгаа бол албан ёсоор танхимдаа бүртгүүлж албан ёсны гишүүн нь болоод дэмжих, өмгөөлөх, чиглүүлэх, нөлөөлөх, хамтрах гэх мэт үндсэн үйлчилгээнүүдийг хүртээд явдаг болчихвол танхим хүчирхэгжиж, замбараа, тоогоо алдсан төрийн бус байгууллагын үйл ажиллагаа цэгцэрнэ. Миний олж мэдсэн тоогоор 11 мянга гаруй ТББ ажилладаг юм билээ. Ихэнх нь ямар нэг байдлаар бизнестэй холбоотой. Нэг хэсэг нь бизнесийн орчныг хамгаалах, нөгөө хэсэг нь эсэргүүцсэн чиглэлтэй. Хэт олон, замбараагүй учраас нэгдмэл дуу хоолой гэж байдаггүй. Сүүлдээ бүр дор дороо хэн нэг хүний цүнхэнд явдаг болсон. Хувь хүний амьдрах хэрэгсэл болж хувирсан ТББ маш олон. Мэдээж зөв, сайн нь ч бий. Гэхдээ харьцангуй цөөн.
-Бизнесийн энэ олон нэгдэл яагаад үүсчихэв ээ?
-Танхим өмгөөллөө явуулж чадахгүй байгаа учраас бизнесийнхэн нэгдэл үүсгэж эхэлсэн юм. CEO клуб, Улаанбаатар хотын худалдааны танхим, Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо гээд олон байгууллага бий. Бүгдээрээ бизнесийн орчныг сайжруулах зорилгоор нэгдсэн. Гэхдээ ингэж бутраад салчихаар хүчгүйддэг. Дуу хоолой нь нэгдмэл биш учраас төрд хүрч чаддаггүй. Ийм шалтгаанаар хувийн хэвшлийн орон зай улам хумигдаад байна.
-Танхим үндсэн үүргээ биелүүлж ажиллаж чадахгүй байгаа гэдэг дээр тодорхой жишээнүүд хэлээч?
-Танхимын үзүүлдэг хамгийн том үйлчилгээ бол бодлогын өмгөөлөл. Гишүүн байгууллагуудаа бодлогын хувьд өмгөөлөх ёстой. 2016 онд засаглал солигдоход хэд хэдэн татвар нэмэгдсэн. Жишээ нь үүн дээр хамгийн түрүүнд хүчтэй дуугарч, гэнэтийн ийм өөрчлөлтийг хийлгэхгүй байх тал дээр хатуу зогсох ёстой газар нь танхим. Гэтэл тэгээгүй. Эдийн засгийн өршөөлийн хууль гэж яриад байдаг л даа.
Яг нарийндаа энэ хууль бизнесийнхэнд айхавтар нэмэр болоогүй. Харин эсрэгээрээ улстөрчдөд их нэмэр болсон хууль. Сар шинийн өмнө гахайн мялзан өвчин гарлаа гэж шуугисан. Энэ өвчин гарах үндэслэл, үүсэл нь төрийн байгууллагуудын уялдаа холбооны асуудал шүү дээ. Гэтэл зөв цэгийг нь олж чадахгүйгээр нийтээр нь хориод, хаагаад эхлэх жишээний. Үр дагаварт нь мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олноороо хаалгаа барилаа.Танхим тэр үеэр дуугарах ёстой байсан. Бүх компанийг дуудаж уулзаад төртэй хэлэлцээрт орох ёстой субьект нь танхим. Үнэхээр мялзан байсан уу, хэдэн тохиолдол гарав, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ яах вэ гэх мэтээр гарц гаргалгаа хайх ёстой. Хамгийн сүүлийн жишээ гэвэл хүнсний худалдааны салбарт үүссэн “KFC” тойрсон асуудал байна. Үнэхээр тийм зүйл болсон уу, бусад нь яаж байна гэх мэтээр бүхэлд нь асуудалд хандах газар нь мөн л танхим.
-Аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг танхимаа бодлогын өмгөөлөл хийдэг танхим болгож өөрчлөх хамгийн гол гарц гэвэл та юуг онцлох вэ?
-Үүнээс гарах гол гарц бол Танхимын хуульд өөрчлөлт оруулах. Нийгмийн харилцаа, бизнесийн орчин хурдтай өөрчлөгдөж байгаа өнөө үеийн шаардлагыг хорь гаруй жилийн өмнө баталсан хууль хангаж чадахгүй.
-Та түрүүн танхим судалгааны институци байх ёстой гэлээ. Бизнесийнхнийг арга зүй, судалгаагаар хангаад явчихвал олон компани хөл дээрээ зогсч эдийн засаг тэлнэ гэдэг утгаар нь хэлэв үү. Ер нь гадны танхимууд бизнесээ энэ чиглэлд яаж дэмждэг юм бол?
-Манайд улсын бүртгэлийн газар компаниудыг бүртгэдэг. Гэсэн хэр бүртгэснийхээ дараа ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй. Гадны жишгээр бол танхим дээрээ бүртгэдэг. Тэгээд танхимууд нь судалгааны институци талаасаа дэмжлэг үзүүлдэг юм. Махны үйлдвэрлэлийг ингэж тэгж ажиллуулах ёстой гэх мэт зөвлөмжүүд өгөөд инкубаторт бойжуулдаг. Судалгаа, тооцоогүй хөрөнгө оруулалт хийгээд дампуурч байгаа бизнес олон бий. Үүнийг л засч залруулж байж бизнес хөгждөгийг олоод харчихсан хэрэг л дээ. Бизнес эрхлэгчдэд төрийн өмнө хүчгүйдэх асуудал тохиолдоно. Тэр тохиолдолд бодлогын өмгөөллөөр төрийн хүнд суртлаас хамгаалах шаардлагатай. Танхим бизнесээ дөнгөж эхэлж буй компаниудыг хүчирхэг компани болж хөгжихөд бүх талын дэмжлэг үзүүлэх ёстой. Валютын ханшийн өсөлт байна. Сүүлийн хоёр жилд ханшийн алдагдал 30, 40 хувиар хэмжигдчихлээ. Ханшийн өсөлтийг дагаад инфляци өссөөр яваа. Танхим үүн дээр ямар ч алхам хийхгүй, хааяа нэг мэдэгдэл гаргах хэмжээнд ажиллаж болохгүй. Бизнесийн байгууллагын орлого, ашиг, хуримтлалыг үгүй хийдэг шалтгаан нь сая миний хэлсэн зүйлс шүү дээ.
-Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдахад гол үүрэгтэй ажилласан хүн гэдэг утгаар чинь нэг зүйл асууя. МҮХАҮТ Улаанбаатарын бизнесүүдэд хүрч ажиллаж чадахгүй байснаас болсон уу, эсвэл өөр шалтгаан байв уу?
-Хуулиараа аймаг, нийслэл бүр өөрийн танхимтай байж болохыг зөвшөөрдөг. Тавиас дээш аж ахуйн нэгж нийлж нэгдээд эрх ашгаа хамгаалахын тулд танхимыг зохион байгуулдаг юм. Энэ танхимуудын нэгдэл нь үндэсний танхим. Үндэсний танхим тухайн үед Улаанбаатар хоттой харьцдаггүй, ажилладаггүй, орхигдуулсан байсан. Гэтэл нийслэлд бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувь төвлөрдөг. 100 гаруй мянган компани Улаанбаатарт бүртгэлтэй. Мөн хотын захиргаа маш том худалдан авагч. Тэр утгаараа хамтарч ажиллах орон зай маш том байсан.
-Хотын захиргаатай хамтарч ажиллах зорилгоо биелүүлж чадсан уу?
-Чадсан. Улаанбаатар хотод тухайн жил хийх гэж байгаа хөрөнгө оруулалтыг нээлттэй, ил тод болгож танилцдаг болсон. Аль төсөлд нь яаж хамтрах вэ гэдэг дээр саналаа өгч эхэлсэн. Ямар нэг маргаан үүсвэл арбитраар шийддэг эрх нээгдсэн. Ил тод нээлттэй болгосон маш олон зүйл бий. МҮХАҮТ-ыг яг ингэж ил тод болгомоор байгаа юм.
-МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд ямар асуудлыг барьж авах вэ?
-Бизнесийн эрх ашгийг хамгаалах зорилготой ТББ-уудыг нэгтгэх, үйл ажиллагааны хувьд нэгдмэл болгоход анхаарна. Танхимын хуулийг гадны сайн жишгээр Монголын бизнесийн орчинтой нийцүүлж өөрчилнө. Танхимын орон нутгийн салбаруудын бие даасан байдлыг хангахад онцгой анхаарч ажиллана. Маш олон механик үйлдлийг цахимжуулах ёстой. Үндсэн эрхийг орон нутгийн танхимууд руу өгөх хэрэгтэй. Гэх мэт хийх ёстой реформын шинжтэй олон өөрчлөлт бий. Монголд эдийн засгийн харилцаатай маш олон хэрэг шүүхийн зарчмаар шийдэгддэг. Шүүх хараат бус, шударга гэсэн асуудал маш том эргэлзээ дагуулсан хэвээр байгаа. Арбитр бол бизнесийн харилцааг зохицуулдаг хамгийн зөв хэлбэр. Гэтэл танхимынхаа үйл ажиллагааг дагаад субьектив болчихсон. Жишээ нь нийслэлийн арбитр дээр том үр дүн гарсан. Сайн таниулаад өгвөл үр дүн гардаг юм билээ. Арбитрыг бизнесийнхэн бүгдээрээ хэрэглэдэг болох дараагийн алхмууд руу шилжих ёстой. Хоёр бизнесийн хооронд үүссэн эдийн засгийн харилцааг яагаад эрүүгийн маягаар таслан шийдэх ёстой гэж.
-Танхимын ерөнхийлөгчийн ярилцлагуудаас анзаарахад Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хуульд өндөр оролцоотой ажилласан санагддаг. Татварын системийг шинэчлэхэд идэвхтэй оролцоотой яваа харагддаг. Танхим чадах хэрээрээ ажиллаад байгаа юм биш үү?
-Б.Лхагвжав ерөнхийлөгч хоёр зүйл ярьдаг юм. Нэгдүгээрт өршөөлийн хуулийг батлуулсан, хоёрдугаарт НӨАТ-ын асуудлыг шийдсэн гэдэг. 2012-2016 оны, тодруулж хэлбэл Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хийгдсэн ажлууд. Үүнд танхим оролцоогүй. Санаачлагчид нь огт өөр хүмүүс. С.Баярцогт тэргүүтэй хүмүүс ажилласан, зорилго нь өөр байсан. Танхим албан ёсоор оролцож, албан ёсоор байр сууриа илэрхийлсэн зүйл байхгүй. Үүнийг нь эдийн засгийн форум дээр С.Баярцогт “Нэг ч өдөр үзэгдэж харагдаагүй, ярилцаагүй байж битгий өөртөө наагаад бай, манай Засгийн газрын хийсэн зүйл шүү” гэж шууд хэлснийг санаж байна. Би ингэж бодсон учраас миний ажлын үр дүн гэж ярьж болохгүй л дээ. Ажлын хэсэгт багтаад эхнээс нь ажилласан бол өөр хэрэг. Би энэ үгээ өөрт нь олон удаа хэлж байсан.
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Тэмцэж байснаа санхүүжилт аваад чимээгүй болчихдог ТББ олон бий. Танхимын хувьд ийм байгууллага биш. Хамгийн ил тод, хамгийн хурдтай институци байх ёстой. Бизнесийн байгууллага хэрэглэгчээсээ түрүүлж явж байж зах зээлээ өргөтгөнө. Танхим эднээс нэг алхмын урд алхах ёстой. Бүгдэд нь суурь судалгаа, мэдээлэл өгч, хамтдаа зөв хөгждөг байгууллага байх учиртай. Хамгийн гол нь үүнийг ойлгодог баг танхимын удирдлагад ажиллах ёстой. Шинэлиг, реформын шинжтэй өөрчлөлтийг зоригтой хийж байж танхим хүчирхэгжинэ. Компаниуд авлига өглөө гэдэг. Танхим ажиллаж чадахгүй байгаа учраас авлигын асуудал үүсдэг. Ганц нэгээрээ асуудлаа шийдэх гэж оролддог. Эцэстээ тэр нь авлига руу түлхдэг. Нийлээд зөв лоббигоо хийгээд явбал асуудлуудаа шийдэж чадна. Хүчтэй танхимтай бол бизнесийнхэн хэнд ч авлига өгөхгүй. Эцэст нь хэлэхэд компаниудыг томруулж, эдийн засгийг тэлэх реформын шинжтэй өөрчлөлтийг бизнес ойлгодог, зовлон, жаргалыг нь мэдэрсэн хүн танхимыг удирдаж байж хийнэ. Бизнес мэдрэхгүй, ачааны хүндийг үүрч үзээгүй, улстөрд чанагдсан гэх мэт танхимаас хол хөндий хүн энэ суудалд очвол байдал өнөөдрийнхөөс ч дордох эрсдэлтэй. Миний хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байна.
Ц.БААСАНСҮРЭН