Хууль төрөхийн өмнө: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хэн, хэн юу өгүүлэв

Хууль төрөхийн өмнө: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хэн, хэн юу өгүүлэв

 

УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, зарим тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн нэгдсэн холбоод руу шилжүүлж байгаа аж. Өнөөдрийн хурлын энэ талаар хуулийн төсөл санаачлагчид мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Зөвшөөрлийн хууль болон бусад хууль тогтоомжийн гадуур төрийн захиргааны төв байгууллагуудын дарга нарын баталсан олон журмаар зөвшөөрөл хэлбэртэй бичиг баримт олгож байсан гэж байна.

Энэ бичиг баримтыг дахиж гаргахгүй байх хаалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн үү. Хуулийг хэрэгжүүлэх явцад дүрэм, журам гаргачихвал хариуцлагын тогтолцоо ямар байх ёстой вэ. 

Яамд бодлогын төрийн захиргаан төв байгууллага атлаа тусгай зөвшөөрөл олгодог. Тусгай зөвшөөрөл олгосон этгээд хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Нэг үйлдвэрлэл явуулахад хэд хэдэн тусгай зөвшөөрөл авдаг. 

Тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Мэргэжлийн нэгдсэн холбоод руу шилжүүлнэ гэж байна. Энэ чинь эргээд бизнесийн хэлбэрт шилжчих юм биш үү. Хувь хүнийг ажилд оруулахын тулд янз бүрийн сургалтын агуулгад багтаагүй шалгалт авдаг сургалтыг төрийн бус байгууллага хийж, мөнгөөр сертификат олгодог. Үүний дагуу ажилд авдаг жишиг төрийн өмчит компани дээр тогтсон. Үйлчлэгчээр ажилд орохын тулд үйлчлэгчийн цэвэрлэгээний стандартын сургалтад суусан байх шаардлагатай гэж байна.

УИХ-ын дарга Н.Учрал: Өнөөдөр байгаль орчны чиглэлээр 9 баримт бичиг олгохдоо 42 шат дамжлагатай байна. Соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичиг олгохдоо 80 шат дамжлагатай байна. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичиг олгохын тулд 138 шат дамжлага дамжуулж байгаа.

Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичиг олгохын тулд 126 шат дамжлагатай. Сайдын тушаал бий, яалт ч үгүй болдоггүй юм гэдэг. Тэгэхээр энэ хуулийн дагуу журмаар зохицуулах харилцааг хууль руу татаж авна. 100 гаруй журмыг цуцална.

Мэргэжлийн холбоод бэлэн биш гэдэг. Хуульчдын холбоо өөрсдөө сургалтаа явуулаад гэрчилгээгээ өгөөд болоод байна. Тусгай зөвшөөрөл өгөхийн тулд 10, 20 нэгж юу хийгээд суугаад байгаа юм бэ. 

УИХ-ын гишүүн Ч.Анар: Мэргэжлийн холбоодын нэгдсэн эвлэл гэж байгуулагдсан. Тусгай чиг үүргийн зарим зөвшөөрлийг Мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлж байна. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу энэ нь төрөөс илүү хүнд сурталтай, ашиг сонирхлын зөрчил бүхий газрууд үүсээд байна. 

Нэг салбартаа олон охин компанитай болон хамаарал бүхий компаниуд өөрсдөө Мэргэжлийн нэгдсэн холбоодыг байгуулаад бусад жижиг шинэ компаниудыг шахах үйл ажиллагааг хийх эрсдэлтэй байна. Тэгэхээр болзошгүй үр дагаврыг хуулийн ажлын хэсэг анхаарч ажиллаасай.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан