НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЖОЛООЧ НАР ХУРД ХЭТРҮҮЛЭХ, СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ЯВААД ОСОЛ ГАРГАДАГ БАЙНА


Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс, Гэрээт цагдаагийн тасагтай хамтран “Таван толгой уурхайгаас Гашуун-Сухайт боомт хүртлэх нүүрс тээвэрлэлтийн замд гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг Цогтцэций суманд зохион байгууллаа.
 
Зөвлөгөөний үеэр Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэбаатар “Тус аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын иргэд Улаанбаатар хот болон аймгийн төвөөс сум орон нутагруу зорчихдоо заавал нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай авто замаар зорчиж байгаа нь  тээврийн хэрэгслийн тоог нэмж, ачаалал ихсэж байгаа нэг шалтгаан нөхцөл болж байна.

Мөн уг авто зам дээр гарч байгаа зам тээврийн осол, хэргүүдийн багагүй хувийг иргэдийн болон зорчигч  тээврийн автомашинууд хүнд даацын тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөх, хүнд даацын автомашинууд нь хоорондын зай тохируулаагүй, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  зэрэг шалтгаан нөхцлийн улмаас зам тээврийн осол, хэрэг ихээр үйлдэгдэж байна.
 
Иймд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч буй нүүрс тээвэрлэлтийн авто замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, замын нөхцөл байдлыг сайжруулах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилт тавьж байна” хэмээн онцоллоо.
 
Уулзалт зөвлөгөөний үр дүнд нүүрс тээврийн автомашинууд даац хэтрүүлж зам дээр явж байгаа байдлыг таслан зогсоох, замын эвдрэл гэмтлийг цаг тухай бүрт нь засаж сайжруулах, нүүрс тээвэрлэлтэнд хөдөлмөрийн гэрээгүй явж байгаа жолооч нарыг аж ахуй нэгж дээр бүртгэлжүүлж эзэнжүүлэх, зам дагуу жолооч нарын амрах талбай, зогсоолыг цогцоор нь шийдвэрлэх, тээврийн хэрэгслийн дагалдах хэрэгсэл болох ослын зогсолтын тэмдэг, цацруулагч, гэрэл ойлгуурыг сайжруулах, жолооч нарт гэрэлтүүлэх хантаазыг өмсүүлж хэвшүүлэх зэрэг ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах шийдвэрт хүрсэн бөгөөд оролцогч талуудаас “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ, ОСОЛ АВААРГҮЙ БҮС НУТАГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ”уриалгыг дэвшүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо. 
О.Гэрэл
Оллоо.mn 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан