Бөхийн холбооныхоон Сурынхнаас суралц


Наадмын дараах нанчилдаан дуусах болоогүй байна.  Энэ сарын эхэнд Баяр наадмын комиссоос бөхчүүд рүү залгасан гэх мэдээлэлтэй зэрэгцэн сэргээшийн асуудал өндрөө авсан.  Хоёр бөх, нэг харваач сэргээш хэрэглэсэн тухай мэдээллийг албаны эх сурвалжууд өгсөн юм. Уламжлал ёсоор бөхчүүдтэй холбоотой сэргээшийн асуудал үнэн худал, хэрэглэсэн хэрэглээгүй, дахин шинжилгээ өгнө гэх мэтээр дуусахгүй мэт хөвөрч байна.

Харин энэ зуур сэргээш хэрэглэсэн гэх харваачтай холбоотой асуудлыг шийдвэрлэгджээ. Тодруулбал, нэг сур харваач охиноос хориотой бодис илэрч, шинжилгээний хариу эерэг гараад байсан. Иймээс Сурын холбооны Ёс зүйн хороогоор энэ асуудлыг авч хэлэлцээд, уг харваачийн шагналыг буцааж, нэг жил харвах эрхийг нь хасах шийдвэр гаргажээ. Уг харваач Үндэсний баяр наадмаар дөрөвдүгээр байранд орсон гэх мэдээллийг Сурын холбооноос өгч байгаа юм. Сэргээшийн шинжилгээ авдаг болсноос хойш анх удаа харваачаас допинг илэрсэн нь энэ юм. Гэсэн ч Сурын холбооныхон асуудлаа шийдвэрлэж, нэг талд нь гаргалаа.

Харин бөхчүүд дуншсан хэвээр. Бөхийн холбооныхон тэр гэдэг бөх сэргээш хэрэглэсэн гэх албан ёсны мэдээллийг ч өгч чадахгүй байна. Бөхчүүд эд хав, бяр хүчээ уралдуулахаар гадна монгол бөхийн ёс жаяг, монгол хүний жудаг, монгол эр хүний сонгодог загвар болсоор ирсэн. Монгол бөхтэй өдий жил салшгүй явж, өнөөг хүртэл бараг л цорын ганц илэрхийлэл нь болж ирсэн шинж бол бөхийн жудаг ёс байдаг.

Гэтэл өнөөдөр хамгийн жудаггүй үйлдлүүд бөхчүүдээс гардаг болчхоод байна. Бөхийн холбоо нь хоёр хуваагдаж, өөр өөр мэдэгдэл гаргаж, ард иргэдийн төөрөгдөл оруулах нь байдаг л зүйл бол.

Үүнээс үүдэн сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийнхээ нэрийг албан ёсоор зарлаж чадахгүй  10 гаруй хоног дуншиж байна. Гэтэл Сурын холбооныхон Ёс зүйн хороогоо хуралдуулаад асуудлыг нэг тийш нь шийдчихсэн. Сэргээш хэрэглэсэн гэх харваач ч гоншгонож гүйсэнгүй.

Гэтэл хамгийн их дэг жаяг, ёс жудаг ярьдаг бөхчүүд, бөхийн холбооныхон хөл толгойгоо олохгүй хэвээр байна. Сэргээш хэрэглэсэн бөхдөө хариуцлага тооцох нь битгий хэл нэрийг нь ч зарлаж чадахгүй байна. Иймээс нэн тэргүүнд Бөхийн холбооныхон Сурын холбоо шиг шуурхай ажиллаж, сэргээш хэрэглэсэн бөхчүүдийнхээ нэрсийг нь зарлаж, хариуцлага тооцох нь зүйн хэрэг биз.  


П.АНИР
Оллоо.мн
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан