Хууль & хүний эрх


“Миний цагдаа, намайг хамгаална” гэх хуучны үг ул болон ард хоцрох нь ээ. Төрийн нэрийн өмнөөс үүргээ гүйцэтгэдэг хууль, хүчний байгууллагынханд хүндэтгэлтэй ханддаг иргэн ч олон байлаа. Харин сүүлийн жилүүдэд тэрхүү хүндлэл, итгэл үнэмшил улам бүр буурсаар байна.
Үүнийг цагдаа, хүчний байгууллагынхан өөрсдөө ч бий болгоод байгааг бас бодох л асуудал. Өөрсдөө гэмт хэрэг үйлдэж байна, гэмт хэргийг хаацайллаа гэхчлэн мэдээлэл ч их хөврөх болсон. Үүнтэй зэрэгцээд хүний эрхийг зөрчиж байгаа нь нийгэмд буруу үлгэрлэл болж байгааг өнгөрсөн амралтын өдрийн нэгэн бичлэг бататгаж өгсөн. Мэдээж аливаа хор хөнөөл, гэмт үйлдлээс урьдчилж, таслан сэргийлэх зорилгоор олон нийтэд зарим мэдээллийг хүргэх нь нэг талаар зөв. Гэхдээ нөгөө талд нь хүний эрх бий. Сүүлийн жишээгээр бол хар тамхи хэрэглэсэн үедээ хүчирхийлэл үйлдэж буй жүжигчин Т.Билэгжаргалын буруу төдийгүй, цагдаагийн байгууллагынхан хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Гэтэл бичлэгийг нь олон нийтэд түгээж, хохирогч болсон ээжийг нь нийгэмд, эргэн тойрны хүрээлэлд нь ил болгож, сэтгэл зүйн хувьд хүүтэй нь хамт яллачхаж байгаа юм.
Тэнд хохирогчийг хамгаалах байтугай, цаашид хэрхэх бол гэдэг хүний энгийн эрхийг нь огт тооцоолсонгүй.
Гэтэл өчигдөр цагдаагийн байгууллагаас нийтийг хамарсан, хэвлэлийн хурал зарлаж гэмт хэргийн нууцыг задруулсан этгээдүүдэд хариуцлага тооцох тухай мэдэгдэнэ билээ. Товчхондоо төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү төрийн ордонд амиа алдсан хэргийг шалгах явцад өмнө нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, дараа нь талийгаачийн хүүхдүүд, хохиргчийн тал хэрэгт холбоотой нууцыг олон нийтэд задруулсан гэсэн үг. Тиймээс хэн хэнд нь хуулийн дагуу хавтаст хэрэг нээсэн аж. Цагдаа, хүчнийхний хувьд баримт, нотолгоо чухал байх нь гарцаагүй.
Гэвч дээрх үйл явцуудыг харьцуулаад харахад манай цагдаагийнхан хүний эрх, хохирогчийг хамгаалах зэргээ үл ойшоож, гэмт хэргийн хойноос хэт улайраад байгаа юм биз гэх хардлага төрнө. Хэдэн жилийн өмнө мөн л гэр бүлийн хохирогч эмэгтэйг үл хайхарсны улмаас тухайн бүсгүй амиа алдсан гашуун түүх бий. Яг үүнтэй адил хохирогчийг нийтэд зарлаад байвал цагдаад итгэх иргэдийн итгэл суларч, хүссэн хүсээгүй гэмт хэргийн тоо буурч, хүчирхийлэл газар авна гэдгийг сайн мэдэх учиртай. Гэтэл яагаад бусад албан хаагч, ажилтан, мэргэжлээс өөр ёс зүй, тангарагтай цагдаагийнхан “би, бид” гэх сэтгэлгээгээр нийгэмд өөрсдийгөө сурталчилж, хохирогчдыг үл ойшоож, хавтаст хэргийн нууцыг эрхэмлэх болов оо.
Уг нь цагдаагийн байгууллагад хүчин зүтгэхдээ “Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн хатуу тангараг өргөдөг шүү дээ.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан